Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ компани шатахууны үнээс алдагдал хүлээдэг үү


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өчигдөр МИАТ компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл сонслоо. Тус компанийг алдагдалтай ажилладаг учир хувьчлах тухай яриа аль эртнээс гарсан ч өнөөдрийг хүртэл  хэрэгжүүлээгүй л байна.

МИАТ болон хувийн гурван компани жилдээ 1.2 сая зорчигч тээвэрлэх боломжтой ч хүчин чадлынхаа ердөө 30 хувийг ашиглаж иржээ. Энэ нь нийлүүлэлт, эрэлтийн харьцаа алдагдсантай холбоотой. Хувийн компаниуд хүчин чадлаа бүрэн ашиглаж чадаагүйгээс 20 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа тухай асуудал энэ үеэр хөндөгдлөө. Цаашид энэ байдал үргэлжилсээр байвал нислэгийн аюулгүй байдал алдагдаж болзошгүй гэдгийг МИАТ компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхон анхааруулж байв.  Түүний хэлснээр тус  компани Ази, Европ руу олон улсын агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Европ руу үйлдэж буй нислэгийн зам урт, шатахуун их зарцуулдаг нь алдагдал хүлээхэд хүргэдэг гэнэ. Дэлхийд нэг тонн онгоцны шатахуун 1050 ам.доллар байхад Монголд 1500 ам.доллар. НӨАТ-ыг оруулан тооцоход 1650 ам.доллар болдог байна. Өөрөөр хэлбэл, Монголд нийлүүлж байгаа онгоцны шатахууны үнэ бусад орныхоос 40 орчим хувиар илүү гэнэ. Тиймээс тус компани 2000-2010 оны хооронд гэхэд л зөвхөн Европын нислэгээс 73 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Үндэсний авиа компани байх ёстой. Онгоцны шатахууныг ганц компани бусад улсынхаас 40 хувь илүү үнээр нийлүүлэх нь байж болохгүй. Ингэж монополь байж болохгүй. Өрсөлдөөний тухай хууль зөрчигдөж байна. Үүнийг шийдвэрлэхгүй байж болохгүй. Шатахуун үнэтэйгээс болж алдагдал хүлээж байна гэдэг мөртлөө л нэг нийлүүлэгчээс худалдаж авах юм. Төрийнх юм болохоор ингэж хүнийрхэж хандсан юм уу. Энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь юу вэ” гэж асуув. Түүнчлэн тэрээр МИАТ компанийн хоолны үйлчилгээ муу, үүнээс болж үйлчлүүлсэн зорчигчид бөөнөөрөө хордлого авсан, хуваарьт цагтаа нисдэггүй гэсэн асуудлыг ч хөндсөн юм.

Ц.Орхон “Шатахуун нийлүүлэх тендер зарлахад “Роснефть”, “Сод монгол” гэсэн хоёр компани л хямд үнэ хэлж орж ирдэг. Манай улсын 4-5 компани онгоцны шатахуун импортлох зөвшөөрөлтэй ч тухайлбал, Эрхүүгээс шатахуунаа татах тээвэрлэлтийн зардлаа дийлэхгүйгээс өрсөлдөх чадваргүй болж байгаа юм. Тиймээс л үнэ хямдыг нь сонгодог. Саяхан Уул уурхайн яаманд онгоцны шатахуунаа МИАТ компани өөрөө импортолдог болъё гэсэн асуудал тавьсан байгаа” гэв. Харин тийз борлуулах, хоолны үйлчилгээгээ МИАТ компани өөрөө хариуцах гэтэл орон тоо нь дор хаяж 100-аар нэмэгдэх гэнэ. Тиймээс компаниудтай гэрээ байгуулж энэ асуудлыг шийдвэрлэж иржээ.
Цаашид энэ компанийг яаралтай хувьчлах нь чухал. 51:49 хувь гэдэг дараагийн асуудал гэдгийг ч Ц.Орхон хэлж байв. 

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тийзний үнэтэй холбоотой асуудлыг хөндөв. Тэрээр “Агаарын тээврийн салбарт хувийн компаниуд орж ирэх нь зөв. Эрсдэлээ өөрсдөө хүлээгээд хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа. Өрсөлдөөн бий болоогүй цагт үйлчилгээний үнэ буурахгүй. Сүүлийн 20 жилийн хугацаанд монголчууд МИАТ компаниар үйлчлүүлэхдээ хамгийн өндөр үнэтэй үйлчилгээ авч ирсэн. 2-3 цагийн нислэгт 600 гаруй мянган төгрөг төлдөг байх жишээтэй. Тийзнийхээ үнийг буулгахгүй байгаа нь өрсөлдөөн бий болоогүй, нөгөө талаар МИАТ компанийн зардал өндөр байдагтай холбоотой. Хувьчлах ажил ямар шатандаа яваа юм бэ” гэсэн асуултад хариу нэхлээ. МИАТ компанийн гүйцэтгэх захирал “Хэрвээ үнэ буулгах юм бол бид алдагдалд орно. Үнийн алдагдалыг нөхөхөд хэцүү. Агаарын тээврийн салбарт төр, хувийн компаниуд үйлчилгээ үзүүлсэнээр нэг талдаа үнэ буурч, зорчигч хүссэн үйлчилгээгээ авч болох ч нислэгийн аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Тэр тусмаа хэсэг хугацааны дараа Монголын агаарын тээвэр гадаадын тээвэрлэгчдийн эрхшээлд орох эрсдэлтэй. Эхлээд тэд үнээ буулгах ч хэсэг хугацааны дараа буцаагаад өсгөхийг үгүйсгэхгүй. Засгийн газрын төвшинд МИАТ компанийн 49 хувийг хувьчлах шийдвэр гарсан. Төр, хувийн хэвшил хүчээ нэгтгэн 5-6 онгоцтойгоор нислэг үйлдэх боломжтой. Иймээс тодорхой хувийг хувьчлах нь зөв гэсэн байр суурьтай байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “Манайх шиг жижиг улс агаарын тээврээ хөгжүүлэх нь чухал. МИАТ олон улсын агаарын тээврийг хариуцах юм уу, дотоодын агаарын тээврээ хариуцах ёстой юм уу. Төрийн өмчит компани л юм бол дотооддоо ч гэсэн нислэг үйлдэх шаардлагатай гэсэн шүүмжлэл гардаг. Дотооддоо агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэхгүй, гадаад руу нислэг хийснээр алдагдал хүлээгээд байгаа юм биш үү. “Монголиан айрлайнс”, МИАТ-тай ямар холбоотой юм бэ” гэсэн асуулт тавилаа.

“УИХ-ын тогтоолоор МИАТ компанийг  дотооддоо нислэг үйлдэхийг зогсоох шийдвэр гаргасан. Сүүлд байгуулагдсан “Монголиан айрлайнс” групп онгоцон дээрээ “Монголиан айрлайнс” гэсэн бичгийг тавьснаар хоёр компанийг ялгахад хүндрэл үүссэн. Үүнээс болж шүүхэд хүртэл хандсан. Тиймээс гурван компани тохиролцож, манайх нэрээ авахаар болсон байгаа” гэдгийг МИАТ-ийн удирдлага дуулгав.

Төрөөс агаарын тээврийн чиглэлд баримтлах бодлого хэрэгжүүлж эхлэхээр болоод буй гэнэ. Энэ бодлого хэрэгжиж эхэлбэл агаарын тээврийн салбарт тулгарч буй дээрх мэт бэрхшээлүүдийг шийдвэрлэх боломж бүрдэх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан