Тооцоо хийе. Монгол Улсын арилжааны банкуудын зээлийн жилийн хүү дунджаар 24 хувьтай байна. Яагаад ийм өндөр вэ гэхээр инфляц 15 хувьд хүрчээ гэж ямар ч банкны эдийн засагч танд хэлнэ. Тэгвэл Монголбанкныхны яриад байгаа шиг инфляцыг 2 дахин бууруулж, 8 хувь хүргэе л дээ. Зээлийн хүү дагаад 2 дахин буурах ёстой. 12 хувь болно оо гэсэн үг. Сайхан мөрөөдөл байгаа биз. Хэдийгээр өнөөдрийн яриад байгаа 100 мянган айл хөтөлбөрийн зээл шиг жилийн зургаан хувийн хүүтэй харьцуулахад өндөр сонсогдох ч өнөөдөр бидний амьдралд мэдрэгдэж байгаа 24 хувийн хүүгээс хоёр дахин буурна гээд та бодоод үз дээ. Сарын нэг хувийн хүү. Өөрийн эрхгүй болж байна шүү гэсэн бодол төрж байгаа биз. Хэрвээ Монголбанкныхны амлаад мөрөөдөөд байгаа шиг инфляц жилийн дараа найман хувь дараа жил долоо, зургуу, тав гээд буураад байвал зээлийн хүү бидний гадаадын орнуудад гэж жишээ татах ярьдаг нэг оронтой тоонд очино оо гэсэн үг.
Зээлийн хүү буураад байвал бидний амьдралд ямар эерэг үзүүлэлт бий болох вэ. Наад зах нь айл бүр орон сууцанд орох боломж бүрдэнэ. Улаанбаатарын утаа багасна. Бизнес эрхлэгчдийн ажлын бүтээмж хоёр, гурав магадгүй 10 дахин өснө. Орон сууцанд орсон айл бусад тавилгаа ч яаж ийгээд шинээр худалдаж авна. Хэдийгээр өнөөдөр манай зах зээлд давхар зээл авах боломж бараг байхгүй ч зээлийн хүү буурвал бий болно.Хөгжилтэй орны иргэдийн хувьд сайхан ирээдүйгээ бүрдүүлэхийн тулд нийт хэрэгцээнийхээ 70 орчим хувийг эхлээд зээлчихдэг гэсэн баримт байдаг. Бидэнд ч ийм боломж бүрдэхийг хэн байг гэхэв. Яг үнэндээ зээлтэй хүн ажлынхаа хөлсийг үр бүтээлтэй зарцуулж чаддаг. Эхлээд буй болгосон сайхан амьдралынхаа төлөө хүн чадах чинээгээрээ хөдөлмөрлөдөг. Насны эцэст орон сууцанд орж магадгүй гэсэн мөрөөдлөөр өнөөдрийн монголчууд мөнгө цуглуулах нь юу л бол...
Банк өнөөдөр хэрхэн амьдардаг вэ. Надаас мөнгө авч 16 хувийн хүүтэй хадгалаад Батад 20-24 хувийн хүүтэй зээлчихдэг. Гэхдээ хэдий хүртэл энэ тогтолцоогоор ажиллахыг өнөөдрийг хүртэл хэнбугай нь тайлаагүй. Естой улсын мөнгийг атгадаг тулдаа л Монголбанк “ингэж удаан явахгүй ээ дүү нар аа. Инфляцыг чинь буулгаад нэг оронтой тоонд хүлье” гэж том ам гараад байгаа бололтой дог. Чадах уу? Ингэж та нар бардам ам гаргадаг ч дараа нь шалдан гуяа алгадаад суудаг биш үү гэж асуумаар санагдаж байгаа биз. Тэгвэл инфляцыг хазаарлах тэр их мөнгийг хаанаас хэрхэн олох вэ. Яаж олсон эх үүсвэрийг нь мөнхийн эргэх хүрдэнд оруулах вэ?
Эдийн засагчдын хэлж буйгаар Монгол долоон их наяд төгрөгтэй. Авдартаа. Гэтэл эрүүл эдийн засагтай, нөгөө дундаж давхаргынхан олонтой болохын тулд багадаа 12-13 их наяд төгрөг хэрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засаг өөртөө таарсан өмд авах мөнгөгүй учраас богинодсон өмдтэй ажил хэргийн уулзалтад явах нэгэн шиг л байна. Явбал л бусдад элдвээр хэлүүлэх учраас дуугүйхэн сууж байсан нь дээр гэгчээр...Тэгэхээр хөдөлж, хөдөлмөрлөхийн тулд уртхан өмд аваад өмсчих мөнгөө хаанаас олох вэ. Бидэнд бий гэж үү?
Байсан гэнэ ээ. Даанч идчихсэн. Хураагаад хуримтлуулж чадсан бол тэрхүү таван их наяд төгрөг Нийгмийн даатгалын санд байж л байх мөнгө гэнэ. Монгол улс жилдээ нийгмийн даатгалын сандаа 200 тэрбум төгрөгийг төвлөрүүлж чаддаг. Улс дээрээс нь 100 тэрбумыг нэмж төвлөрүүлдэг. Хөдөлмөр эрхэлж л байгаа бол нийгмийн даатгал төлдөг. Харин бидний төлсөн тэрхүү даатгал маань төсөв гэдэг идэмхий хогийн аманд орчихдог. Тэгэх ч ёстой юм шиг дээр дооргүй сэтгэдэг болж. Тэгвэл яагаад энэ мөнгийг хэрэгцээтэй хүнд нь амьдралын идэвхтэй үед нь зарцуулж болохгүй гэж. Магадгүй арилжааны банкуудын зээлийн их үүсвэр нь нийгмийн даатгалын сан байвал би өөрийнхөө төлж байгаа мөнгөө эргүүлж зээлээд энэ бүхнийг авч байна шүү гэдгээ хүн бүр ухамсардаж чадах ч юм бил үү. Нийгмийн даатгалын сан гэсэн авдарт хий дэмий хав дараад суух биш, зах зээлд нь чөлөөтэй эргэлдүүлье.
Уг нь энэ бол тийм ч шинэ сэдэв биш. УИХ-ын гишүүн С.Ганбаатараас эхлээд нийгмийн даатгалын мөнгийг улсаас нэхсэн нь цөөнгүй. Тэгэхээр жинхэнэ утгаар нь хуримтлалтай нийгмийн даатгалын санг бий болгож чадвал 24 хувьтай байгаа зээлийн хүүгээ бууруулах боломж байна аа байна гэж манай эдийн засагчид үзээд буй юм.Учир нь энэ мөнгө бол хөдөлмөр эрхэлж байгаа таны мөнгө болохоос Засгийн газар гуайн мөнгө биш. Монголбанкныхан үүнийг чинь л бий болгож, өнөөдрийн тогтолцоог өөрчлөх гээд байна шүү дээ хэмээн өөдрөг сайхан зүйл ярьж байгааг сонссон.
Хэрвээ яг маргааш та нийгмийн даатгалд төлсөн мөнгөө хуримтлал болгон авья аа хэмээн хүсэлт гаргавал Засгийн газар хоосон халаасаа эргүүлээд үзүүлэх нь тодорхой. Гэсэн тэдэнд бэлэн мөнгөний амлалт өгөх түүнийгээ биелүүлэх гэж ахиад авдрынхаа ёроолыг ухаад суух ухаан бий. Татвар гэдэг иргэдэд зориулах ёстой нэгэн сан хөмрөг байх ёстой гэж олонх эдийн засагч үздэг. Гэтэл өнөөдөр Монголд ийм тогтолцоо бий гэж үү?