Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.АЛТАНЦЭЦЭГ: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙГ ХЭТЭРХИЙ ӨӨДРӨГ ХИЙЖЭЭ

Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Б.Алтанцэцэг, МУИС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн ахлах багш Д.Баярмаа нартай Монгол Улс болон дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал, чиг хандлагын талаар ярилцлаа.

-Дэлхийн эдийн засаг хямарч байна. Үүний нөлөөгөөр манай улсын эдийн засаг ч гэсэн хямрах төлөвтэй боллоо хэмээн ярих юм. Одоо хямралын ямар ямар шинж тэмдэг илрээд байгаа бол?
-Б.Алтанцэцэг:  Яг одоогоор манай улсын эдийн засаг хямарч байна гэхэд арай эрт юм. Яагаад гэвэл, хамгийн сүүлийн судалгаагаар манай улсын эдийн засгийн өсөлт 10.2 хувьтай гарсан. Ийм өндөр хурдтай өсөлтийг хямарч байна гэж хэлэхгүй. Гэхдээ хямралд өртөх, эдийн засгийн байдал эвгүйтэж байгаа юм биш биз гэсэн таамаг бий. Эдийн засагчид хэт халалтын шинж тэмдэг бий боллоо гэж ярьж буй. Тухайлбал, инфляцын төвшин үүнийг илтгэж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 14.8 хувьтай гарсан. Энэ нь манай улсын эдийн засаг хэт халах хандлагатай боллоо гэдгийг илэрхийлсэн хэрэг.
Д.Баярмаа: Бас нэг үзүүлэлт нь гадаад худалдааны алдагдал өссөн. Өнгөрсөн жилийн есдүгээр сартай харьцуулахад энэ алдагдал 45.3 хувиар нэмэгдлээ. Энэ нь импорт өссөнтэй холбоотой.

-Сүүлийн үед манай улсыг  чиглэсэн мөнгөний урсгал эрс нэмэгдсэн гэдэг. Тэр дундаа уул уурхайн салбарт. Эдийн засгийн бусад салбараа энэ мөнгөний урсгалаар яаж дэмжиж болох вэ. Судлаачдын хувьд юу гэж үзэж байна вэ?
-Б.Алтанцэцэг: Энэ бол сүүлийн үед их яригдаж байгаа сэдвийн нэг.  Манай улсад уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн өсөлт гарч байна. Олборлох салбар ингэж өсөх нь  сөрөг нөлөө авчирдаг. Үүнийг хүмүүс “Голланд өвчин” гэж ярьдаг юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг болон экспортын бусад салбараа шахах хандлагатай болно. Энэ бол манайд ажиглагдаад эхэлсэн. Тухайлбал, гуравдугаар улирлын байдлаар ашигт малтмалаас бусад салбарын экспорт буурсан дүн гарсан. Тэгэхээр манай эдийн засаг  “Голланд өвчин” тусч, бусад салбар хүнд байдалд орох зам дээр байгааг илэрхийлж байна. Иймд төрийн бодлогоор бусад салбараа дэмжих ёстой.
Гэтэл манайхан дэмжлэгийг буруу ойлгодог тал бий. Мөнгө төгрөг  төрөөс төсөвлөж тэтгэх хэрэгтэй гэдэг л дээ. Төр эдийн засагт ямар нэг байдлаар оролцохдоо хөшүүргийнхээ механизмыг ашиглах хэрэгтэй байна. Түүнээс биш шууд мөнгө өгч  дэмжиж оролцох нь буруу. Энэ, тэр салбарыг дэмжиж байна гэж  хэдэн арван тэрбумаар нь цацаж буй мөнгө нь харин ч тухайн салбарыг  бүр унагаах дэгээ болох тал бий. Эдийн засагч, судлаачид үүнд их болгоомжтой ханддаг л даа. Хөшүүргийн механизм гэдэг нь татвар, татаас зэргээр дамжуулж  хөнгөлөлт үзүүлж дэмжих олон арга  байдаг.

-Экспорт яг хэдэн хувиар буурсан юм бол?
-Д.Баярмаа: Эдийн засгийн хямрал, манай бүтээгдэхүүнийг худалдан авагчийн эрэлт багассан нь манай экспорт буурахад яах аргагүй нөлөөлсөн. Одоогийн байдлаар 7.1 хувиар буурсан байгаа.

-Олон улс орны “толгойн өвчин” болоод байгаа эдийн засгийн энэ хямралын бараан үүл арилах  төлөв байна уу. Судлаачид ер нь ямар дүгнэлт хийж байх юм?
-Б.Алтанцэцэг: Сүүлийн үед АНУ-ын эдийн засгаас арай гэрэлтэй мэдээ сонсогдож байгаа. Хүмүүсийн ажил эрхлэлт сайжирсан гэсэн тоон мэдээлэл гарсан. Мөн Хэрэглэгчийн итгэлийн индексийн үзүүлэлт бий. Энэ үзүүлэлт нь сүүлийн хэдэн сар эерэг дүнтэй байгаа. Иймд судлаачид тус улсын эдийн засаг сэргэх хандлага илэрч байна гэж дүгнэх болсон. Холбооны нөөцийн сангийн тэргүүн АНУ-ын эдийн засаг сэргэх эхлэл гарлаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр АНУ-ын эдийн засаг сайжирч байна гэсэн найдвар төрж байгаа юм. Харин сүүлийн үеийн нэг бараан мэдээ нь Хятадад юу болоод байна вэ хэмээн сэжиглэх боллоо. Хятадын эрх баригчид эдийн засгаа бодлогоор дэмжинэ. Үйлдвэрлэлээ дэмжих урамшууллаа цаашид ч гэсэн үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Үүн дээр үндэслэн хөрөнгө оруулагчид найдвар тавьж байгаа юм. Европын эдийн засгийн байдал бас л хүнд хэвээр. Өрийн асуудал хэд хэдэн улсын “толгойн өвчин” болсон. Тэгээд бонд гаргаж  хямралыг гэтэлнэ гэж мэдэгдсэн юм. Энэ нь Евро бүсийн эдийн засгийн байдал арай муудахгүй, хямралаа аажмаар дотооддоо шийдчих нь гэсэн найдвар төрүүлж байх шиг байна. Дэлхийн хамгийн том гурван эдийн засгийн байдал нэг иймэрхүү.  Нөгөө талаар, Япон улсын эдийн засаг нэг хэсэг хүндэрсэн. Гэхдээ хөрөнгө оруулагчид тэр хүндрэл нь хэдийнэ үнэт цаасных нь үнэд шингэсэн. Одоо тогтворжих байх гэж үзэх болсон. Тус улсын үнэт цаасны ханш нэг хэсэг нэлээд унасан юм. Эдийн засагчийн хувьд манай улсад болгоомжлол илүүдэхгүй болов уу гэж боддог. Учир нь, хямрал авч ирэх вий гэсэн айдастай эдийн засаг бол манай урд хөршийнх. Хятадын эдийн засаг дэлхийд хоёрт ордог тул зөвхөн манайх ч бус бусад улсыг хямрал уруу чирж мэдэх нь гэсэн болгоомжлол судлаачдад бий. Хэрэв тэгвэл манайд хүнд тусна. Яагаад гэвэл, манай экспортын 90 гаруй хувь нь Хятадад гардаг. Тэгэхээр манай улсад хүнд цохилт болох аюултай. Иймд тус улсын эдийн засгийг ажиглаж, хэрэв хямрал нүүрлэвэл яах вэ гэсэн бэлтгэл, гарцаа хангах нь буруудахгүй гэж бодож  байна.
 
-Тэгэхээр манай улс энэ хямралаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах нь тохиромжтой юм бол?
-Д.Баярмаа: Манай сургуулийн багш, судлаачид  Хэрэглэгчийн итгэлийн индекс гэдэг судалгаа хийдэг. Энэ судалгаагаар хямралын үед орлого бага өрхийн амьдрал эрс муудах, ажилгүйдэл өсөх хандлага ажиглагдаж   байсан. Тэгэхээр эмзэг бүлгийн өрхийг ядууралд өртөхөөс нь өмнө сэргийлсэн бодлого баримталж болох юм.  Ийм зөвлөмж 2008 оны хямралын үеэр гарч байсан л даа.

-Ядуурал, ажилгүйдлийн төвшин өнөөдөр ямар байна вэ. Төрийн болон олон улсын байгууллага, судлаачид янз бүрийн тоо хэлээд байдаг юм билээ?
-Бид Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгаагаар Улаанбаатар хотын өрхүүдийн   ядуурлын төвшин ямар байна вэ гэдгийг тооцож үзсэн. Үүгээр өнгөрсөн жил ядуурал 35 хувьтай гарсан юм. Ажилгүйдэл ч бас тодорхой хувиар нэмэгдсэн л дээ. Судалгаанаас харахгүй бол ажилгүйдлийн төвшин яг хэдэн хувьтай гарсныг сайн  хэлж мэдэхгүй байна. Ер нь, 2008 оны эдийн засгийн хямралаас хойш эдийн засаг сайжирч ажилгүйдэл, ядуурал буурах хандлагатай байсан  юм. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзэхэд ядуурлын төвшин буурсан байдаг. Бидний хийсэн судалгааны хандлага үүнтэй ерөнхийдөө таардаг. Гэхдээ тус хорооны судалгааны аргачлалыг нь хараагүй болохоор хэр үндэслэлтэй, хэрхэн хийсэн бэ гэдгийг нь мэдэхгүй шүү дээ.

-Инфляц их өндөр байна. Судлаач, эдийн засагчийн хувьд үүнийг ямар арга замаар буулгана гэж  үздэг вэ?
-Б.Алтанцэцэг: Сүүлийн үед манай эдийн засагт гарч буй инфляц эрэлт, нийлүүлэлтийн алинаас нь үүдэлтэй болох талаар нэлээд ярьдаг болсон.  Хэрэв манайд эдийн засгийн хямрал болбол гадаад худалдаагаар дамжиж орж ирэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, хямралын нөлөөгөөр манай бүтээгдэхүүнийг худалдан авагчийн эрэлт буурч түүнийг  дагаад орлого багасна. Энэ нь экспортлогчдод хүнд цохилт болно. Тэгэхээр энэ талаас нь аваад үзвэл хямралын үед инфляц өөрөө өөрийгөө хязгаарлах хүчин зүйл байдаг. Өөрөөр хэлбэл, эрэлт буурахад инфляц дагаад хөдөлнө гэсэн үг. Хэрэв  эрэлтийг дэмжиж мөнгө тараасан, халамжлах бодлого баримтлаад байвал инфляц буурна гэдэг худал. Тэгэхээр өнөөдрийн манай энэ өндөр инфляц эрэлтээс үүдэлтэй юм. Тухайлбал, гол өдөөгч нь бэлэн мөнгө тараалт.

-Ирэх оны улсын төсвийг УИХ хэлэлцэж байгаа. Та бүхэн ирэх жилийн төсвийн төсөөлөл ямар гарсан гэж бодож байна вэ?
-Б.Алтанцэцэг:  Төсвийн төсөөлөл их чухал. Үүнийг үндэслээд ирэх жил, ирээдүйд эдийн засаг ямар байх  вэ гэдэг тооцоо хийдэг.  Бид төсвийн төсөөлөл  хэлэлцэх хуралд сууж байсан. Тэр хурал дээр эдийн засагчид саналаа хэлсэн юм. Гол санаа нь бол хямралд бэлтгэлтэй байх, тодорхой бус байдлаа тогтоогоод түүнд таарсан хувилбарууд гаргах  ёстой. Ингэж хэлэлцээд хамгийн оновчтой төсөөллийг сонгох нь  хямралд бэлтгэлтэй байх нэг үндэс гэж эдийн засагчид үзэж байсан юм.  Би ч бас үүнтэй санал нэг байгаа. Манай улсын төсөв нэг төсөөлөл гаргаад л түүнийгээ батлуулахаар УИХ-д өргөн барьдаг.  Жишээлбэл, уул уурхайгаас төдөн төгрөг орж ирнэ. Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд ийм байна гээд төсөөлөөд төсвөө тодорхойлдог. Энэ жилийн хувьд үүн дээрээ томоохон ордын гэрээ хэлцлээс  нэлээд  мөнгө авна гээд тусгасан байна лээ. Энэ нь дутагдалтай юм шиг надад санагдсан. Өнөөдөр төрийн байгууллагууд ч, судлаачид хямрал ойрхон байна гэж ярьж байгаа. Иймээс төсвийн төсөөллөө нэлээд нухацтай боловсруулах нь зүйтэй юм болов уу гэж бодож байна.  Ирэх онд манай улсын эдийн засаг хямарвал төсөв маш хүнд байдалд орж магадгүй. Өөрөөр хэлбэл, хэтэрхий өөдрөг хийсэн төсвийн төсөөлөл гэж ойлгосон.

-Ашигт малтмалын үнэ хаашаа хэлбийх янз байна вэ?
-Зэсийн үнэ ханшийг саяхан сонирхож үзсэн. Бусад ашигт малтмалыг сайн мэдэхгүй байна. Олон улсын байгууллагуудын хийсэн төсөөллөөр  зэсийн үнэ нэг тонн нь 7500-8000 орчим ам.доллар байна гэж байгаа. Ирэх жил үнэ өсөх таамаглал алга. Дэлхийн эдийн засгийн байдалтай хамгийн их уялдаж үнэ өөрчлөгддөг ашигт малтмал бол зэс. Жишээлбэл, Хятад, АНУ гээд томоохон эдийн засагтай орнуудын эдийн засгийн байдал ямар байгаагаас хамаарч зэсийн үнэ унаж, босдог гэхэд хилсдэхгүй. Манай улсын нийт экспортын 30-40 хувийг зэсийн баяжмал эзэлдэг. Тэгэхээр энэ хэрээр манай эдийн засаг эрсдэл агуулж байна гэсэн үг юм. Тухайлбал, дэлхийн эдийн засагт ямар доргилт гарна тэр хэмжээгээр манайд мэдрэгдэнэ. Үүнийг эдийн засагчид их шүүмжилдэг. Цөөхөн хэдэн зүйл дээр суурилаад байна гэдгийг анхааруулж ирсэн л дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан