Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЖЛЫН БАЙРАА ӨӨРСДӨӨ БИЙ БОЛГОНО

Манайд хөгжлийн бэрхшээлтэй болон 40-өөс дээш насныханд ажлын байр  олддоггүй. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ажлын байрны зар их гардаг ч зарын дагуу очихоор нас, хүйс заагаад зогсохгүй царай зүс харна. Түүгээр ч барахгүй албан байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах ёстой гэсэн журам ч  амьдралд хэрэгжихгүй байгаа нь олонтаа. Энэ мэт байдлаас болж ажилгүйчүүдийн арми хүрээгээ тэлж буй нь хэний ч нүдэнд илт.
Гэхдээ ажил олгогчийн шаардлагыг төр өөрчлөх ёстой гэж хүлээж суулгүйгээр өрхийн үйлдвэрлэл эрхлэн өөрсд­өдөө ажлын байр гар­гасан иргэн олон байдаг аж. Өрхийн үйлдвэрлэл эрх­лэг­чдийн ихэнх нь ажлын байранд “гологдогсод” буюу хөгжлийн бэрхшээлтэй, 40-өөс дээш насны эмэгтэйчүүд байдаг юм байна. Тэд “Компаниуд биднийг ажилд авахгүй голж байгаа учир бид юу чаддагаа харуулна гэх үүднээс гар урлалын бүтээгдэхүүнүүдийг ур дүйгээ шингээн урлажээ.  Тухайлбал, гараар нэхсэн хивс, арьсан дээр урласан зураг,  мөнгө,  зэсээр хүртэл төрөл бүрийн аяга,  домбо, дөрөө зэргийг хийсэн нь үнэхээр сэтгэлээ шингээж, юу чаддагаа харуулсан нь илт. Ур дүйгээ шингээн хийсэн бүтээлүүдээ тэр  бүр олны нүдэнд ил тавиад байдаггүй тэд өчигдөр Улаанбаатар бизнес хөгжлийн төвд дэлгэжээ. Үзэсгэлэнд 60 гаруй  иргэн оролцон бүтээ­лээ олонд танилцууллаа. Манайхан өрхийн үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүн гэхээр л эсгий гутал, жижиг сажиг оёсон зүйл хэмээн ойлгодог. Тэгвэл энэ бодлоос салах цаг хэдийнэ болжээ. Учир нь, дээрх үзэсгэлэнгээс  монголчууд юу хийж чадаж байна вэ гэдгийг харж болохоор. Наандаж, зэс, мод зэргийг ашиглан юмханаар юм хийдэг болж.

Иргэд үнэ төлбөргүй сургалтын гадуур орхигдсоор

Засгийн газраас энэ оныг “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлийн Хөдөлмөрийн газраас өчигдөр “Өрхийн үйлдвэрлэл-ажлын байр”  үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан нь энэ. Тус яармагаар өрхийн үйлдвэр эрхлэгчид бүтээлээ олонд танилцуулаад зогсохгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцууллаа. Мөн  аж ахуйн нэгжүүд, дүүргийн хөдөлмөрийн газруудын санал болгож буй ажлын байруудыг ч зарлав. Сүүлийн үед зам барилгын болон уул уурхайн компаниудад ажиллах нь “мода”-нд орох болсон. Учир нь цалин өндөр байдагтай холбоотой.
Арга ч үгүй биз дээ. Сарын сая төгрөгийн цалинтай байхыг хүсэхгүй нэгэн гэж байхгүй. Дээрх компаниудад ажилд орно гэдэг залуусын хувьд тэнгэрийн умдаг атгахтай л адил. Харин компаниудын зүгээс нэгдүгээрт, сургалтад хамрагдсан байхыг шаарддаг. Гэтэл гадуур хүнд машин механизмын сургалтын төлбөр өндөр байдаг. Жишээ нь, гурван сарын курс нь 600 мянган төгрөг. Хоногийн хоолоо яая гэж байгаа иргэдийн хувьд эл мөнгийг төлөөд том оврын машин барьж сураад ажилд орно гэдэг хүндхэн даваа. Тэгвэл Нийслэлийн хөдөлмөрийн газраас зарласан тендерт шалгарсан сургалтын төвүүдэд иргэдийг үнэ төлбөргүй сургадаг гэнэ. Гэтэл энэ талаар мэдээлэл хомсоос иргэд тэр бүр мэддэггүй.  Харин сургалтын төвийнхөн иргэд сургалтад  хамрагдах нь хойрго юм хэмээн халаглаж сууна. Уг нь, иргэдэд мэдээллээ хүртээмжтэй хүргэвэл 600 гаруй мянган төгрөгийн сургалтад үнэ төлбөргүй суухыг хэн ч хүснэ. Дашрамд сонирхуулахад, үнэ төлбөргүй сургалтад хамрагдахын тулд хорооноосоо амьдралын төвшин доогуур гэсэн тодорхойлолт аваад дүүргийн  хөдөлмөрийн газраас суралцах эрхийн бичгээ авдаг байна. Ер нь, иргэдэд мэдээлэл хүрдэггүйгээс дээрх хэлбэрийн  сургалтуудад хамрагдахгүй  орхигдсоор. Харин сургалтын төвүүд сохорсон биш завшив гэгчээр хэдэн хүнийг сургалтад хамруулсан хэмээн анкет бөглөөд  нөхөн төлбөр авах үзэгдэл газар авсаар байгаа аж.
Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан