Монгол Улс жилд нэг сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолдог. Үүнийхээ 40 хувийг нь жижиглэнгээр худалдаалдаг гэсэн судалгаа гарчээ. Засгийн газар бөөнөөр нь борлуулж буй шатахууныг татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэхгүй хэмээн ирэх жилийн улсын төсөвт тусгасан юм. Харин жижиглэнгээр худалдаалж буй шатахуунд татварын хөнгөлөлт үзүүлэхээр шийджээ. Энэ талаар Сангийн яам нефтийн бүтээгдэхүүн импортлогчдоос санал авч татварын хөнгөлөлт үзүүлэх журмын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр улсын нөөцөд АИ-92 бензин 2500, дизелийн түлш 101000 тонн бий гэнэ. Уг нөөцийг сэлгэх ажил одоо хийж байгаа аж. Засгийн газар шатахууны үнийг тогтвортой барих бодлого баримталж буй. Иймээс Монголбанк, Уул уурхайн яам хамтран “Стратегийн бүтээгдэхүүний санхүүжилтийн схемийг нэвтрүүлэх тухай” гэрээ байгуулж байна. Эл гэрээг байгуулснаар шатахуун импортлогчид бага хүүтэй санхүүгийн эх үүсвэртэй болох, нөөц нь нэмэгдэх, валютын ханшийн нөлөөлөл багасах, жижиглэнгийн үнэ тогтвортой байх бололцоо бүрдэх юм. Өмнө нь онцгой албан татвараас чөлөөлж үнийг нь нэмэгдүүлэхгүй арга хэмжээ авч ирсэн. Гэвч энэ нь тийм ч оновчтой арга биш байсан билээ. Өөрөөр хэлбэл, хэсэг хугацаанд үнэ тогтворжиж, дараа нь нэмэгддэг байсан юм. Энэ онд валютын ханш тогтворжиж, шатахууны хилийн үнэ нь тонн тутамдаа 200 хүртэлх ам.доллараар буурсан. Ингээд нэг шатахуун 1231 ам.доллар байснаа 1031 ам.доллар болсон. Гэтэл манайд борлуулж буй жижиглэн худалдааны үнэ энэ онд 4-9 хүртэлх хугацаанд дагаж буураагүй. Уг нь энэ бол үнэ хямдрах бодит шалтгаан юм.
Ихэнх улс орон компанийн болон улсын нөөц бүрдүүлэх аргаар шатахууны үнийг өсгөхгүй, хангамж нь хэвийн байх арга хэмжээ авдаг. Ингээд Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх тухай хууль боловсруулж, батлуулахаар ажиллаж буй аж. Манай улс нефтийн чамгүй нөөцтэй. Жишээлбэл, 35-42 сая тонн газрын тосны нөөц баталгаажуулж Эрдэс баялгийн санд бүртгээд байгаа. Өнөөдөр түүнийгээ олборлож бүтээгдэхүүн хуваах гэрээгээр экспортолж буй билээ. Сүүлийн жилүүдэд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай ярьдаг ч эдүгээ бодитой үр дүн гарсан зүйл алга. Засгийн газар уг ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулаад байна. Ирэх жилийн төсөвт үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл хийх мөнгө суулгажээ. Нефть экспортолход баримталж буй Бүтээгдэхүүн хуваах гэрээ Монголын талд ашиггүй болсон гэдэг.
Тодруулбал, 2005 оноос өмнө байгуулагдсан гэрээ тийм ч сайн биш юм. Учир нь, тухайн үед хөрөнгө оруулалт татах зорилготой байсан тул ийм гэрээ хийхэд хүргэсэн байна. Ингээд бүтээгдэхүүн хуваах уг гэрээг өөрчлөх саналыг Уул уурхайн яам компаниудаас авчээ. Одоо ажлын хэсэг дүгнэлт, саналаа гаргахаар ажиллаж байгаа аж. Он гарснаас өнөөг хүртэл манай улс 354 мянган тонн газрын тос экспортолжээ. Уг ашигт малтмалаас одоогийн байдлаар улсын төсөвт 54.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд оны сүүлч гэхэд нийт 101.9 тэрбум нь орж ирэх юм байна.