Нийслэлд нүүрсний үнэ өндөр байгааг иргэд ярьж хэлсээр байгаа. Жишээлбэл, 6 кг хүрэхгүй жижиг тор нүүрс 1500, зарим газарт 2000 төгрөг, портер нүүрс 200-300 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Нэг портер машины тэвшинд 1,2 тонн нүүрс ачдаг. Харин Багануурын уурхайн амнаас иргэдэд очих 1 тонн нүүрс ердөө 27500 төгрөгөөр гардаг аж. Улаанбаатараас 100 орчим км-ийн зайтай байх уурхайн хямд нүүрс нийслэлийнхний гар дээр долоо дахин нэмэгдсэн үнээр очиж байгаа гэсэн үг юм. Тиймээс нүүрсний үнийг ялангуяа, жижиглэнгийн үнийг хоёр дахин хямдруулах зорилготойгоор Багануурын уурхайд Ерөнхий сайд ажиллаа. Тэрээр “Нийслэлд ойрхон хямд нүүрс байхад иргэд өндөр үнэтэй нүүрс худалдан авч түлж байгаа нь зохион байгуулалт, хүмүүсийн төлөө гэсэн сэтгэл дутсаных” гэлээ.
Хэрэглэгчдийн гар дээр очих нүүрсний үнийг хямдруулах боломж хайж, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Эрчим хүчний яам, Багануурын уурхайхантай хамтран сарын турш ажилласан байна.
Багануурын уурхай жилд 3,5 сая тн нүүрс олборлож, дулааны цахилгаан станцуудад нийлүүлдэг. Энэ нүүрсний дөнгөж 10 хувь буюу 300 мянган тонн нүүрс нийслэлийн иргэдийн өвлийн хэрэгцээнд шаардлагатай байдаг. Үүнийг нь уурхайн нийт олборлолттой харьцуулахад багахан хувь аж. Тиймээс Багануурын уурхайд иргэдэд зориулж нүүрс олборлох тусгай мөргөцөг гаргахыг Ерөнхий сайд үүрэг болгож, энэ хэсэгтэй Багануурт ажиллах үеэрээ танилцлаа.
Тус уурхай өдөрт 172 вагон нүүрс Улаанбаатар хот руу ачуулдаг гэнэ. Үүнээс 26 вагонд нь иргэдийн хэрэгцээний нүүрсийг тээвэрлэхээр болж байна. Вагоноос буусан нүүрсийг шуудайлж, амыг нь оёж, портерт ачих ажлыг Толгойт, Амгалан өртөөн дээрээс хувийн компани хийх аж. Харин иргэдэд хүргэх ажлыг Нийслэлийн удирдлагууд хариуцна гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлжээ.
Шинэчлэлийн Засгийн газар иргэддээ хямд нүүрс хүргэхэд анхаарч нийслэлийн зах дээр 250 мянган төгрөг байгаа Портер нүүрсний үнийг 100 мянган төгрөг болгоно гэв. Иргэд хямд нүүрсээ 14 хоногийн дараанаас авч эхэлнэ гэж уурхайд ажиллахдаа Ерөнхий сайд мэдэгдлээ. Гэхдээ гологдол ихтэй, нунтаг нүүрс очихгүй, шигшсэн дунд болон том ширхэгтэй нүүрс байх болно, энэ арга хэмжээг ч хэрхэн зохион байгуулахаа төлөвлөсөн гэсэн юм.
Нүүрсээ 40 кг-аар савлах бөгөөд ийм нэг шуудай нүүрсний үнэ хороодод очихдоо 3200 төгрөг байна. 40 кг-аар савласан 25 шуудай нь 1 тонн болно. Ингэж тооцвол нэг тонн нүүрсний үнэ 80 мянган төгрөг болж байгаа юм гэж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх танилцуулаад ингэснээр иргэдэд очиж байгаа нүүрсний үнэ 2,8 дахин хямдарна гэж хэллээ.
Нийслэлийн нэг өрх өдөрт дунджаар 14 кг нүүрс хэрэглэдэг. Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 126 мянган өрх өдөрт 1764 тонн нүүрс түлнэ. Багануурын уурхай иргэдийн хэрэгцээний энэ нүүрсийг өдөрт 26 вагонд ачуулна. Сард 52 мянга, нүүрсний хэрэгцээтэй зургаан сард тус уурхай иргэдэд зориулж 338 мянган тонн нүүрс бэлтгэж, иргэд энэ хугацаанд түлшээр тасрахгүйн дээр хямд нүүрс түлэх боломжтой болж байна. Энэ жил түүхий нүүрсийг иргэддээ хямд үнээр хүргэхэд анхаарч байна, ирэх жилээс утааг багасгахад анхаарч ажиллана гэлээ
Багануурын уурхайн орд газарт хууль бусаар хувийн компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. “Багануур” ХК-ийнхан газраа чөлөөлж авахаар олон удаагийн хүсэлт гаргасан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байж.
Ерөнхий сайд Багануурын уурхайд ажиллах үеэрээ энэ асуудлыг шийдлээ. Улсын төсвийн мөнгөөр хайгуул хийсэн, Төрийн өмчийн компанийн газрыг тойруулаад хувийн компанид лиценз олгосон шийдвэрийг хүчингүй болгожээ. Шинэчлэлийн Засгийн газар төрийн өмчийн уул уурхайн газар руу ингэж хууль бусаар халддаг байдлыг зогсоох, шударга бус явдалтай тэмцэнэ гэсэн зорилтынхоо эхний алхмыг Багануураас эхлүүлж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг баримтлаагүйн дээр журам зөрчиж улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байхад тусгай зөвшөөрөл олгосон Геологи уул уурхайн кадастрын албаны (хуучин нэрээр) даргын 2006, 2007 оны 1071 болон 2375 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгосугай гэсэн Ашигт малтмалын газрын даргын тушаалыг энэ үеэр уншиж танилцуулсан байна.