Дэлхийн банк ба Олон улсын санхүүгийн корпорац жил болгон “Doing Business” буюу бизнес хөтлөлтийн дэлхийн рейтинг гаргадаг болоод 10 жил болж байна.
Тухайн улсад бизнес эрхлэхэд хэр хялбар байгааг энэ судалгаа харуулдаг. Рейтингийг гаргахдаа тухайн улсыг бизнес эрхлэхтэй холбоотой арван зүйлээр шүүн дундажийг нь тооцдог.
Эдгээр 10 зүйлд “Компани бүртгүүлэх”, “Барилгын зөвшөөрөл авах”, “Цахилгаан сүлжээнд холбогдох”, “Хувийн өмч бүртгүүлэх”, “Зээл авах”, “Хөрөнгө оруулагчдын хамгаалалт”, “Татвар”, “Олон улсын худалдаа”, “Гэрээний биелүүлэлтийг хангах”, “Дампуурал зарлалт” багтаж байна.
Эдгээрийн дундаж үзүүлэлтээр тухайн улсад бизнес эрхлэх хэр хялбар байгааг гаргана.
Энэ жил 185 улсын эдийн засгийг харьцуулан судалснаас манай улс 12 шат ахиж 76 дугаар байрт оржээ. Рейтинг ингэж нэмэгдэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн зүйл нь “Компани бүртгүүлэх” гэсэн үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн онд энэ зүйлээр манай улс 95 дугаар байрт орсон бол энэ жил шууд 56 шат дээшлэн 35-д жагсчээ. Монголын рейтингийг тогтоохдоо Зүүн Ази ба Номхон далайн бүс нутгийн дундаж, хүн амын орлого их буюу өндөр хөгжилтэй орнуудын дундаж үзүүлэлттэй харьцуулан гаргасан байна.
Тухайлбал, манай улсад компани бүртгүүлэхэд шаардлагатай шат дамжлагын тоо долоо байгаа бол Зүүн Ази ба Номхон далайн бүс нутагт адил юм. Үүнээс гадна хүн амын орлого өндөр орнуудад тав байна. Бүртгэхэд шаардагдах хугацаа нь манайд 12, бүс нутагт 35 хоног аж. Харин өндөр хөгжилтэй орнуудад 12 хоног байна. Бүртгүүлэх зардлыг нэг хүнд ногдох ДНБ-ний хувиар тооцсон бөгөөд манай улсад 2.4, бүс нутагт 22.4, өндөр хөгжилтэй орнуудад 4.2 хувь байгаа юм. Бизнес эрхлэхээр компани, хувиараа эрхлэх аж ахуй зэргийг бүртгэхтэй холбоотой хүнд суртал, ялангуяа дундаж хугацааг багасгах, шат дамжлагын тоог цөөрүүлэх тал дээр сүүлийн нэг жилийн дотор багагүй зүйл хийсэн нь ийнхүү нөлөөлсөн бололтой.
Харин “Барилгын зөвшөөрөл авах” гэсэн зүйлд манай улс өнгөрсөн жилийнхээ 121 дүгээр байрт хэвээр байна. Энэ үзүүлэлт нь тухайн жилийн долдугаар сарын нэгний байдлаар тогтоосон болохоор барилгын зөвшөөрөл олгож буй өнөөдрийн байдлыг тусгаагүй бололтой. Гэхдээ энд манай улс зөвшөөрөл авахад шаардлагатай дамжлага 19, шаардагдах хугацаа нь 208 хоног гэсэн хоёр үзүүлэлтээр бүс нутгийн болон өндөр хөгжилтэй орнуудаас хавьгүй илүү байгаа ч гаргах зардлаараа нэг хүнд ногдох жилийн дундаж орлогын 39.2 хувь болжээ. Энэ нь бусдаас хавьгүй бага байгаа юм. Үүнд, янз нь рейтинг тогтоогчид зөвшөөрөл авахад гаргадаг зардалд эрх мэдэлтнүүдэд заавал өгдөг гэгддэг хахуулийг оруулаагүй бололтой.
“Цахилгаан сүлжээнд холбогдох” гэдэгт манай улс нэг шат доошлон 169 дүгээр байрт орсон байгаа нь сүүлийн үед цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудал илүү хурц тавигдаж буйг тодорхой харууллаа.
“Хувийн өмч бүртгүүлэх”-ээр манай улс хоёр шат ахиж 22-т эрэмбэлэгдэв. “Зээл авах” зүйлээр манай улс 14 шат ахиж 67-гоос 53-т орсон байна. Иргэд банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах сонирхол нэмэгдэж байгаа нь энд тусгагджээ. Тухайлбал, төв банкны мэдээллийн санд сүүлийн таван жилийн зээлийн түүх нь бүртгэлтэй байгаа иргэд ба компаниудыг насанд хүрсэн нийт иргэдийн дунд эзлэх хувиар гаргахад манай улс 58.9 хувьтай гэж гарчээ. Энэ нь бүс нутаг болон өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хамаагүй илүү үзүүлэлт юм. Харин хувийн салбарын мэдээллийн санд байгаа иргэдийн зээлийн түүх 0.0 гэж гарчээ. “Дөчин мянган айлын орон сууц”-ны хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өр зээлтэй хүнд өгөхгүй гээд төр нэлээн нарийн судалгаа авсан нь энд тусгалаа олсон бололтой.
“Хөрөнгө оруулагчдын хамгаалалт” гэдэгт манай улсын үзүүлэлт дөрвөн шат ахиж 25 руу орж ирэв.
“Татвар” гэдэгт харин манай улс таваар буурч 70 дугаар байрт орсон байна. Энд жилд төлдөг татвар суутгалын нийт тоогоороо манай улс хүн амын орлого өндөр орнууд болон, бүс нутгийн дунджаас хоёр, гурав дахин их байгаа нь үзүүлэлт буурахад нөлөөлжээ. Мөн ажиллах хүчинтэй холбоотойгоор үйлдвэрээс төлдөг татвар суутгалын тоогоор бүс нутгийн дундаж үзүүлэлтээс өндөр гарсан байна.
“Олон улсын худалдаа”-гаар манай улс нэг шат ухарч 175-д орлоо. Энд экспорт болон импорт хийхэд бүрдүүлэх баримтын тоо, шаардлагатай хугацаа, зардал гэсэн үндсэн үзүүлэлтүүдээр бусад орны дундажаас хоёр, гурав дахин их байгаа юм. Эдгээрээс хамгийн өндөр нь импорт ба экспортын зардал аж. Энэ байдал манай улсын дэд бүтэц сайн хөгжөөгүй, шатахуунаараа гадаадаас хамааралтай байдгийг тод харуулж байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёрт онцгой анхаарах шаардлагатай байгаа юм.
“Гэрээний биелүүлэлтийг хангах” гэдгээр манай улс өмнөх жилийнхээ 29 дүгээр байрт хэвээр байна. “Дампуурал зарлалт” гэсэн үзүүлэлтээр манай улс байгууллага, компани дампуурлын асуудлыг шийдэх дээр дэвшилт гаргаж гурван шат ахиад 127-д жагслаа.
Энэхүү рейтингийн эхний тавд буюу Сингапур, Гонконг, Шинэ Зеланд, АНУ, Дани улс тогтмол орж байгаа юм. Учир нь, эдгээр оронд бизнес эрхлэхэд хамгийн таатай байдаг ажээ.
Бизнес эрхлэхэд таатай байдлаараа 12 шат ахина гэдэг мэдээж сайн. Гэхдээ татвар, цахилгаан сүлжээнд холбогдох, гадаад худалдаа зэрэг үзүүлэлт рейтингт хамрагдсан 185 орнуудаас сүүл мушгиж явааг цаашид анхаарах нь зүйтэй юм.
Ялангуяа, гадаад худалдаанд импорт, экспортын зардал бүс нутгийн үзүүлэлтээс хоёр дахин өндөр байгаа нь тун таагүй. Тээврийн зардал ийм өндөр байгаад нөлөөлж буй гол хоёр хүчин зүйл бий. Нэг нь зам харилцаа муу хөгжсөн, нөгөөх нь шатах тослох материалын өөрийн гэсэн эх үүсвэргүй явдал. Хоорондоо нягт уялдаа холбоотой энэ хоёр зүйлийг популист яриагаар аргацаан улс төр хийхээ зогсоож бодит ажил болгох зайлшгүй шаардлагатайг дээрх судалгаа харуулж байгаа юм. Өөрсдөө газрын тосны ордтой хэрнээ хэрэгцээний шатахуунаа импортолно гэдгийг зөөлөн хэлэхэд тэнэг хэрэг.
Төмөр замын хувьд ч мөн л адил. Дотооддоо төмөрлөгийн үйлдвэрт ашигладаг коксжих нүүрсний асар том ордтой, бас дээр нь төмөрлөгийн үйлдвэртэй, төмрийн томоохон ордуудтай байхад төмөр зам тавих материалыг нь эх орондоо цутгаад байх боломжтой л баймаар. Өөрөөр хэлбэл, төмөр тавихад шаардлагатай хөрөнгийн чамгүй хувийг гадагш алдчихалгүй эх орны хүнд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийх замаар үлдээх боломжтой юм.
Энэхүү рейтингэд манай улсыг доош татаж байгаа бас нэг хүчин зүйл бол цахилгаан эрчим хүч. Тавдугаар цахилгаан станц барих талаар ярьж байгаа ч бодитоор хэрэгжиж эхлэх төвшинд мөн л хүрээгүй байна. Цөмийн цахилгаан станц барих асуудлыг ч илүү нарийн, ул үндэстэй судалж үзэхэд илүүдэхгүй байх. Мөн “Татвар” гэдэгт манай улс өнгөрсөн жилийнхээс таван шат уруудсан нь нөгөө л мөнгө тараадаг амлалтаа биелүүлэхийн тулд бизнес эрхлэгчдэд ногдуулдаг татварын дарамтыг нэмээд байвал гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээдэг том хүчин зүйл болж магадгүй байгааг эндээс тодорхой харж болох нь.