Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь 2013” судалгаагаар Монгол Улс 185 орноос 76 дугаар байрт орсон байна. 2012 оны судалгаанд Монгол Улс 183 орноос 88 -д бичигдэж байсан бол ийнхүү нэг жилийн дотор 12 орныг ардаа орхижээ.
“Бизнес эрхлэх орчныг улам хялбар болгох гэж Монгол Улс тасралтгүй шинэчлэл хийж байгаа нь аж ахуйн нэгжүүдийн ажлаа урагшлуулах явцыг хялбар болгож байна” гэж Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” судалгаанд бичсэн байна.
Сингапур, Хонконг, Шинэ Зеланд улсууд бизнес эрхлэхэд хамгийн таатай орнуудын жагсаалтын эхний гурван орон болсон юм.
Монгол Улс 2011-12 онд бизнестэй холбоотой гурван хуульд доорх шинэчлэлийг хийж гурван оноо нэмж авч, шинэчлэлээр тэргүүлсэн 10 орны нэг болжээ. Үүнд:
1. ХХК байгуулахад шаарддаг дүрмийн сангийн доод хэмжээг хүчингүй болгосноор нэг оноо авсан. Монголд шинэ бизнес эхлүүлэхэд 12 өдөр шаардагдана. Нэр авахаас эхлээд бүхий л бичиг баримт бүрдүүлж, тамгаа авахад 12 өдөр болон 90 гаруй мянган төгрөг шаарддаг байна. Энэ үзүүлэлт долоон жилийн турш өөрчлөгдөөгүй юм.
2. Мөн зээлийн мэдээллийн сангийн шинэ хуультай болсонд нь нэг оноо нэмж өгсөн байна.
3. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах тал дээр гэрээ хэлцэл хийхэд мэдээлэл бүх түншүүдэд ил тод, хүртээмжтэй байх шаардлагыг чангатгасны ачаар мөн нэг оноо нэмж авсан байна. Компанийн шинэ хууль мөрдөгдөж эхэлснээс хойш Монгол Улс мэдээллийг нийтлэх чанарын үзүүлэлт тав байснаа зургаа болж өсчээ.
Монголын бизнесийн орчинд одоо мөрдөгдөж байгаа зохицуулалтуудыг харилцан адилгүй дүгнэжээ. Эд хөрөнгөө бүртгүүлэх үзүүлэлтээр 22 оноо авсан байна. Хөрөнгөө шинээр бүртгүүлж баталгаажуулахад 11 орчим өдөр болдог ба нийтдээ таван шат дамжлага дамждаг байна.
Харин цахилгаан эрчим хүчинд холбогдох үзүүлэлтэд 169 оноо авсан байна. Үүнд 100-аад өдөр хэрэгтэйгээс гадна болон олон сая төгрөг шаардлагатай нь хүндрэлтэй гэж үзжээ.
Гэрээг хэрэгжүүлэх үзүүлэлт 29 оноо авсан байна.
Харин хилийн худалдаа хийх үзүүлэлтэд 175 оноо авсан нь нэг чингэлэг бүтээгдэхүүн хилээр гаргахад зөвшөөрлийн 10 гаруй бичиг, 49 өдөр 2555 ам.доллар шаардлагатай болдог гэжээ.
Ийнүү манайд бизнес эрхлэхэд таатай орчин нөхцөл бүрдэж байгаа Дэлхийн банк үнэлжээ.