Өнөөдөр Монголын эдийн засагт тулгуур болох дундаж давхарга байхгүйтэй адил. Баян, ядуу гэсэн хоёрхон л анги давхарга байна. Тэр дундаа монголчуудын гуравны нэг хувь нь хоногийн хоолоо арай ядан залгуулсан ядуу өрхийн тоонд багтаж байна. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл иргэн таны гурван хүүхдийн нэгийг, бүр магадгүй хоёрыг нь ядуу ирээдүй даллаж байна. Ийн ядуурал жилээс жилд өсч байгаа нь шийдвэр гаргагчдын олон жил баримталж ирсэн эдийн засгийн бодлогын алдаа.
Хавтгайрсан халамж бол “авлига”
2006 онд 100 сая ч хүрэхгүй байсан халамжийн мөнгө тавхан жилийн дараа 2011 онд нэг их наяд төгрөг болжээ. Ингэж халамжийг хавтгайруулснаас инфляц 15 хувь боллоо. УИХ-д олон суудал авах гэсэн намуудын ядуу иргэдэд өгсөн “авлига” ийн инфляцыг өсгөхөд хүрсэн юм. Өнөөдөр авлигатай тэмцэнэ гэж хий сүржигнэн ганц хоёрхон хүнийг шалгасан болоод л өнгөрч байна. Үнэн хэрэгтээ нийгэмд хавтгайруулан сонгогчдын саналыг худалдан авах гэсэн хоёр том намын амласан мөнгөн амлалт бол жинхэнэ авлига байсан юм. Улстөрчдөд иргэд ядуу байх нь ашигтай. Учир нь бага орлоготой иргэдэд амаа хамхиад надад саналаа өг гэж халамж нэртэй хахууль тараасан юм. Энэ нь эцэстээ архи тарааснаасаа илүүтэй эдийн засагт мансуурал авчрав.
Гэхдээ халамж хэрэггүй гэж зөрүүдлэх гэсэнгүй. Аливаа нийгэмд гар сунгах хэсэг зайлшгүй байдаг. Тэдэнд халамж өгөхөөс ч аргагүй. Гэвч Монголын хувьд энэ нь иргэдийнхээ 20 хувиас хэтрэхгүй л байх ёстой. Гэтэл “иргэн бүрт” гэсэн халамж тарааж байгаа нь үнэхээр буруу шийдвэр, тэнэг үйлдэл. Ийн хавтгайрсан халамж бол улстөрчдийн дахин сонгогдох гэсэн л хахууль гэхээс өөр яалтай. Ер нь халамжаар ядуурал буурсан түүх манай гаригт лав байхгүй. Халамж ихсэх тусам нийгмийн дийлэнх хэсэг нь дагаад л ядуурдаг. Монголбанкны судалгаагаар ч энэ нь нотлогддог. Улстөрчдийн зүгээс “ядуурал ихсэхийн хэрээр халамж нэмэгдээд байгаа” гэж тайлбарлах нь олон. Гэхдээ тэд өөрсдөө ядуурал рүү түлхэснээр халамж тараахаас өөр аргагүй болсноо л ухаарах хэрэгтэй. Цаг нь ч болсон. Чухамдаа инфляцыг арга ядан тогтоолгүй түрэгхэн шиг л хазаарлахгүй бол ядуусын зөрөг тодорсоор л байх болно.
Халамжийн 21 мянган төгрөггүйгээр монголчууд болоод л байсан. Энэ мөнгө яг үнэндээ цөөнхийн талханд жин нэмсэн гэхээс илүүтэй хүнсний лангуу, архи үйлдвэрлэгчдийн халаасанд л орсон. Гэтэл 2011 онд тараасан энэ их наяд төгрөгөөр манай улс дахиад нэг цахилгаан станц барих боломжтой байсан юм. Энэ мөнгө Монгол Улсын Оюу толгойд эзэмшдэг хувь гэдгийг бас ухаарсангүй. Өнгөн дээрээ халамжтай засаг болж харагдан ганцхан жилийн дотор 00-д унагаад усыг нь татчихлаа. 2006 оноос газар авсан энэ халамжийн мөнгийг үр ашигтай зарцуулсан бол өнөөдөр хоёр ч цахилгаан станц барих хэмжээний мөнгө байсан нь харамсалтай. Уншигчид та санаж байгаа 2010 онд 75 мянган төгрөг тараасны дараахан махны үнэ огцом өссөн. Халамж хавтгайруулснаар ядуурал буурахгүй сонгодог жишээ энэ.
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөлтэй нь биш одоо л гарц хайя. Одоо л халамжийг цэглэе. Эсвэл нэг нь сая гэж дуугарахад нөгөө нь давж үнэ хаялцсаар инфляцаа хөөрөгдөж иргэдээ элгээр нь хэвтүүлнэ. Бидэнд хоёрхон л зам байна. Халамжинд зарцуулах мөнгөөрөө амьдралд хангалуун алхах дундаж давхаргыг л бий болгоё.
Уул уурхай бол дундаж давхаргыг “үйлдвэрлэх” баталгаатай ажлын байр биш
Монгол Улс ядуурлаас гарах гэж элдвийн гарц хайж байна. Ялангуяа сүүлийн үед ихээхэн найдлага өвөрлөн уул уурхайг бид ядуурлаас гарах түүчээ болно гэж дээр дооргүй “цуурсан”. Гэхдээ үнэндээ энэ бол хоосон яриа төдий зүйл байсаар олон жилийг элээв. Гэхдээ энэ салбараас орох ашиг нэмэгдэж байна аа. Иргэн Доржийн амьдрал бахь байдгаараа л. Улстөрчид уул уурхайгаар дэнчин тавьж найдлага төрүүлэн Дорж, Дулмаагийн тархийг угаасаар хэдэн жилийг ардаа үдэх вэ. Цэглэе. Гарц хайя.
Өнөөдөр тонн тонноор урсах алт, зэс, нүүрс, төмөр, жонш гээд өдрөөс өдөрт экспорт нэмэгдсээр хэдий ч бид сэхсэнгүй. Харин ч халамж, ядуурал хоёр нь хөтлөлцөн өгсч болох бүхий л хурдаараа ифляцыг хөөрөгдөж хөөж байна. Чухамдаа ядуурлаас гарна гэдэг нь үнэн хэрэгтээ дундаж давхаргынхныг л олноор “үйлдвэрлэх” юм. Ингэж гэмээ нь эдийн засагтаа чадвартай хөрөнгө оруулагч донорыг өөрсдөө бий болгоно.
Аливаа улсын сая¬тан, тэрбумтны хэтэвч зузаарснаар баян, тогтвортой хөгжилтэй эдийн засагтай болчихгүй. Хэсэгхэн эрхтэн дархтан баялгийн дийлэнхийг халааслаад байвал хямралд орж, үймээн самуун дэгддэг нь маргаангүй үнэн. Тиймээс л дундаж давхаргынхан хэдий чинээ нэмэгдсэнээрээ тогтвортой, чинээлэг улсад тооцогддог. Өөрөөр хэлбэл, хуваарилалт нь олонхи болж байгаа дундаж давхаргад түлхүү мэдрэгдэж, баялаг зохих хүрээлэлдээ зөв хүрсэн тохиолдолд улс орны эдийн засаг тогтвортой, баян байдаг. Эдийн засагчид хүн амын 60-70 хувь нь дундаж гэгддэг давхаргад хамрагдаж чадвал хамгийн зохистой гэдэг. Тиймээс л бид дундаж давхаргын “үйлдвэрлэл”-ийг нэмэгдүүлэх нь нэн чухал болоод байгаа юм.
Өнөөдөр бидний хөөрцөглөөд байгаа уул уурхайн салбар дундаж давхаргынхныг олноор “үйлдвэрлэх” ажлын байр бий болгож чадах уу гэвэл үгүй ээ. 2000 онд 18 мянган хүн ажиллаж байсан уул уурхайн салбар өнөөдөр 34 мянган хүнтэй л байна. Энэ олон жилийн хугацаанд 16-хан мянгаар нэмэгджээ. Гэтэл Монгол Улс маань өнөөдөр 800 мянга орчим өрхтэй. Гэхдээ уул уурхайн салбар бол хөдөлмөрийн бүтээмж өндөртэй, экспортын 90 хувийг бүрдүүлж байгаа аргагүй л чухал салбар, сайн ч саалийн үнээ. Тиймдээ ч энэ салбарт маш их лобби байдаг. Тэгэхээр дундаж давхаргынхныг “үйлдвэрлэх” газар бол уул уурхай биш юм.
Ерөөсөө дундаж давхаргыг “үйлдвэрлэх” гол хүчин зүйл нь тогтвортой хөгжих, ирээдүйтэй ажлын байр. Гэтэл өнөөдрийн яриад ядуурлаас гаргана гээд байгаа уул уурхайн салбар бол дундаж давхаргынхныг төрүүлэх ажлын байрыг шийддэг баталгаатай салбар биш. Мэдээж дундаж давхаргынхныг төрүүлэхэд түлхэц болох суурь бааз яах аргагүй мөн. Харин саалийн үнээнээс гарсан сүү шимийг нь олонхи байх ёстой тэр дундаж давхаргыг төрүүлэхэд яаж ашиглах вэ гэдгийг л шийдвэр гаргагчид олж харж, зөв зохицуулалт хийх нь чухал гэдэгтэй санал зөрөхгүй биз.
Бид яагаад ядуураад байна
Улсын төсвийн 50 хувийг Эрдэнэт үйлдвэр бүрдүүлдэг байсан цаг 10 гаруйхан жилийн өмнө байсан. Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн захирал татвараа төлөөгүй бол улс маань цалингаа тавьж чаддаггүй байлаа. Уул уурхайн том том үйлдвэрлэгчид нэмэгдэх нь буруу биш ч улс тэднээс хараат болдог талтай. Тэд “энэ жил дээвэр засаад хэрэггүй” гэвэл бид дээврээ засахгүй усаа тосоод л зусна. “Зам тавихгүй” л гэвэл донслоод л явна. “Цахилгаан станцаар яах юм” гэвэл лаагаа бариад галаа түлээд л сууна. Эцэстээ уул уурхайгаас хэт хараат байхын аюул бол энэ гэдгийг л мэдэрнэ. Дэлхийн олон улс ингэж алдсан түүхтэй. Тиймээс л өөр гарц, саалийн шинэ эх үүсвэр хэрэгтэй. Тэр дундаа дундаж давхаргынхныг ихээр “үйлдвэрлэх” тийм зах зээлийг бий болгох бодлого чухал. Тэгээд ч дундаж давхаргынхан бол хамгийн том хэрэглэгч, татвар төлөгч гэдэг утгаараа эргээд эдийн засгаа урагшлахад ташуур нь болдог.
2010 оны эхээр Монгол Улсад сард 400 сая ам.доллар эргэлддэг байсан бол зургаахан сарын дараа наймдугаар сар гэхэд энэ тоо сая болсон. Оны эцсээр бүр 1,5 тэрбум ам.доллар болж өссөн юм. Жилдээ дөрөв орчим тэрбум ам.доллар эргэлддэг байсан Монгол Улсад өнөөдөр 20 тэрбум ам.доллар эргэлддэг болоод байна. Энэ бол экспортын 90 хувийг эзэлж байгаа уул уурхайн салбарын хөгжилтэй шууд холбоотой. Уул уурхай ингэж валютын урсгалыг нэмэгдүүлж баялаг үйлдвэрлэж, ашиг өгч байгаа газар мөн ч дундаж давхаргыг бий болгох салбар биш гэдгийг дахин дурдъя.
Хэрэв манай улс 15 хувийн инфляцтай удаан яваад байвал бидэнд юу ч үлдэхгүй. Жилээс жилд улсын төсөв тэлж байхад уул уурхайн салбараас болоод тээврийн зардал өсөөд байгааг ч зохицуулах хэрэгтэй. Монгол Улс уртаашаа ганц л төмөр замтай. Түүгээрээ л ачаа эргэлтээ зохицуулдаг. Тухайлбал хамгийн ихээр ачаа дамжин өнгөрдөг Замын-Үүд боомт гэхэд л сард 250 мянган тонн бараа дамжин өнгөрөх чадвартай. Гэтэл уул уурхайн салбар хөгжихийн хэрээр овор ихтэй тоног төхөөрөмж орж ирэх нь ихэсч үүнээс болоод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн орж ирэх суваг порц нь бага багаар хумигдах болоод удлаа. Ингэж ачаа эргэлт нь нэмэгдэхийн хэрээр төмөр замын тээвэрлэлтийн үнэ ч нэмэгдэх нь дамжиггүй. Чухамдаа үүнээс болоод л иргэдийн гар дээр ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ бага багаар нэмэгддэг нь нүдэнд үл үзэгдэх өсөлт юм. Жишээ нь, дөрвөн жилийн өмнө импортоор хэрэглэж байсан бараа бүтээгдэхүүний 11 хувь нь тээврийн зардал нь байсан бол өнөөдөр 25 хувь нь болжээ. Үүнийг дугаар хорооны Дугар гуай ч ойлгохоор тайлбарлахад, хэрэглэгч бид далайн төвшнөөс 1500 метр дээр амьдарч байсан бол 3000 метрийн өндөрт амьдардаг болоод байна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл бараа бүтээгдэхүүнийг бидэнд хүргэж өгөх зам нь уртсаад байгаа хэрэг. Чухамдаа “голланд өвчин”-өөр ингэж л өвчилж эхэлдэг. Хэрэв төмөр зам ачаа эргэлтийнхээ чадамжийг нэмэхгүй бол дөрөв дахин бүтээмж өндөртэй уул уурхайн салбар яалт ч үгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ орон зайг шахсаар байна. Сүүлийн үед бараа оруулж ирэхэд улам л хэцүү болоод байгааг бизнесийнхэн анзаарч л байгаа. Ямар ч бараа хэрэглэгчдэдээ ирэхгүй хил дээр гацаж удах тусам л түүний тээврийн зардал өссөөр байх болно. Энэ инфляцад бас л нөлөөлж нөгөө дундаж давхаргын “үйлдвэрлэл”-д чөдөр болж байна.
Дундаж давхарга “үйлдвэрлэх” боломж, нөхцөл бий
Дэлхийн хүнсний графикаас харвал сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байна. Гэхдээ бүр эгц дээш мэт харагдана. Манай гаригийн хүн ам өсөхийн хэрээр энэ график өгссөөр л байх болно. Тэгээд ч элдэв хямрал нүүрлэхгүй бол бусад салбарыг бодвол мөнхийн өсөлттэй байдаг найдвартай зах зээл. Тэр дундаа манай өмнөд хөршийн хүнсний хэрэглээ анхаарал татна. Хүн амаар тэргүүлэх тус улсын хүнсний хэрэглээ болоод үнэ тогтмол өсөлттэй байна. Хятадад сүүлийн үед ажилгүйдэл багасч, ажил эрхлэлт нь дундын дээд давхаргад чиглэсэн, эдийн засгийн хөгжил тасралтгүй өндөр хэмнэлтэй явж байгаатай холбоотой. Хятадын ийм бодлогын үр дүнд дундаж давхаргын эзэлдэг хувь ч огцом нэмэгдсэн юм. Өнөөдөр дундаж давхаргын эзлэх хувь нь 23 хувьд хүрээд байгаа аж. Тэрбум гаруй хүн амтай тус улсад 23 хувь нь гэдэг бол чамлахааргүй үзүүлэлт. Энэ тоо цаашид ч нэмэгдэх нь ойлгомжтой. Ингэж тус улсын дундаж давхрагынхан өссөнөөр хүнсний хэрэглээний нэр төрөл чанарт дагаад өөрчлөлт гарч байгаа юм. Өнөөдөр дундаж амьдралтай хятад хүн өдөрт 200 грамм мах иддэг байсан хэмжээ нь өөрчлөгдөхгүй ч тухайн бүтээгдэхүүний чанар стандартад нь өөрчлөлт орно. Тэр хэрээрээ үнэ нь өсөх нь мэдээж. Энэ бол манай улсад байгаа хамгийн ойр зах зээл. Түүнээс гадна Энэтхэг, Бразиль, Орос гээд том зах зээлтэй хөгжиж байгаа эдийн засагтай улсууд бүгд дундаж давхаргыг ихээр нэмэгдүүлж, тэднийгээ өөд нь татаж байна. Одоогоор дундаж давхаргын эзлэх хувь 11 байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2020 гэхэд 60-70 хувьд хүргэхээр ханцуй шамлаж эхлэв.
Дундаж давхарга гэдгийг улс орнууд өөр өөрсдийнхөөрөө авч үздэг. Жишээлбэл, Европт тухайн хүн хадгаламжтай байх нь дундаж давхаргад хамаарч буйн үндсэн шинж. Гэтэл АНУ-д зээл өргөн ашигладаг, олон зээл зэрэг төлж байгаа нь дундаж давхаргад хамаарахын шинж гэнэ. АНУ бол 51 хувь нь дундаж давхаргад хамрагддаг тэргүүлэх улсын нэг.
Хятадад өдрийн нэг ам.долларын орлоогтой ядуу давхарга 300 сая хүн байгаа гэх статистик бий. Хэдийгээр Европын холбоотой тэнцэх хүн ам ингэж амьдарч байгаа ч тус улс ойрын ирээдүйд тэдний олонхийг дундаж давхарга руу шилжүүлэх зорилготой байгаа. Тэр хэрээрээ тус улсын худалдан авах чадвар нэмэгдэнэ. Ялангуяа хүнсний эрэлт улам л өснө. Энэ бол Монголд дундаж давхаргынхныг “үйлдвэрлэхэд” хөдөлгүүр нэмэх хамгийн ойрын боломж юм. Тиймээс ойрын ирээдүйд зайлшгүй анхаарал хандуулах салбар бол хөдөө аж ахуй. Бусдын жишгээс харсан ч хөдөө аж ахуй л хамгийн их ажлын байр бий болгож хамгийн их дундаж давхаргыг төрүүлж байна. Швейцарь, Австри, Өмнөд Солонгос гээд олон оронд яг ийм бодлогоор хөдөө аж ахуй хүнс үйлдвэрлэлээ нэн тэргүүнд дэмжсэн. 30 жилийн өмнөөс Австри хөдөө аж ахуйн сургуульдаа асар их хөрөнгө оруулалт хийж чадварлаг мэргэжилтнүүд бэлтгэснээр өнөөдөр хүнсний стандартаараа Европыг тэргүүлж байна. Солонгосчууд ч ялгаагүй. Хамгийн гол нь үүний цаана дундаж давхарга олноор “үйлдвэрлэгдэж” байгаа гэдгийг л бид ухаж ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр хүнс үйлдвэрлэж экспортлогч болбол зах зээл хангалттай. Гагцхүү чанартай, зах зээлд өрсөлдөх чадвартай байх нь чухал. Монгол Улсад газар нутаг нөөц бололцоо ч бий. Хамгийн гол нь, дэлхийн зах зээл дээр борлуулалт өндөртэй эко бүтээгдэхүүн л үйлдвэрлэх хэрэгтэй. Жишээ нь, Хонгорт тарьсан ногоо гэвэл ямар ч монгол хүн авахгүйтэй адил байгаль экологи нь өөрөө эрүүл байж тэнд үйлдвэрлэгдсэн ургасан ногоо бүтээгдэхүүн өөрөө үнэт баялаг болно. Тасралтгүй өсч байгаа дэлхий нийтэд бид чанартай сайн хүнс нийлүүлэгч болж чадвал уул уурхайгаас илүүтэй тогтвортой найдвартай, урт хугацааны зах зээлийг сонгож байна гэсэн үг. Байг гэхэд Хятад улсын тансаг хэрэглээтэй дундаас дээд давхаргынханд л багахан бүтээгдэхүүн нийлүүлэхэд цөөхөн монголчуудын олонхи нь дундаж давхаргын босгыг төвөггүйхэн давна. Монгол Улс Таван толгойгоо барьцаалж 250 сая ам.доллар авч халамжинд тараах биш өөрсдөө үйлдвэрлэгч дундаж давхаргыг л бий болгох нь чухал.
Өнөөдөр бид Оюу толгойн хайгуулын лицензийг ашиглалтынх болгоод 50 сая, тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурснаар 100 сая ам.доллар аваад мөн л халамжинд тараасан. Энэ мэт бүх л мөнгөө халамж гэх харагддаггүй сав нээчихээд л түүн рүү л цутгагдаад байх уу. Бидэнд юу үлдэв, бид юу бүтээв гэж сэрэх цаг болжээ. Тиймээс тогтвортой ажлын байр, боломжийн орлого бүхий нийгмийн бүлэг дундаж давхаргын “үйлдвэрлэл”-д ханцуй шамлан орцгооё.