Манай улсын дулааны цахилгаан станцууд жилд таван сая тонн орчим нүүрс хэрэглэдэг судалгаа бий. Энэ хэрэглээ жил бүр нэмэгдэж буй юм. Учир нь, нийслэлд шинэ барилгууд олноор нэмэгдэж цахилгаан, дулааны хэрэглээ хүрээгээ тэлсээр. Өнөөдөр 110 кВ-ын дэд станцуудын ачаалал хэтэрч 90-120 хувьд хүрсэн гэдэг. Иймээс өвлийн ид ачааллын үед зарим хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарлах горимоор ажиллаж магадгүй байдалд хүрсэн тухай тус салбарын мэргэжилтнүүд хэлдэг билээ. Үүнээс гадна эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудал бол нүүрсний үнэ. Дотоодын нүүрсний хэрэглээг хангадаг уурхайнууд нэг тонн нүүрснийхээ үнийг нэмэх судалгаа гаргаж Эрчим хүчний зохицуулах хороонд өгөөд байгаа. Багануур, Шивээ-Овоо, Адуунчулуун зэрэг уурхай нэг тонн нүүрс олборлох зардлаасаа 1000-3000 орчим төгрөгөөр доогуур үнээр нүүрсээ борлуулж байна гэдэг.
Иймд нүүрсний үнийг дээрх хэмжээгээр нэмж алдагдалгүй ажиллах санал тавиад буй юм. Тэгээд “Багануур” ХХК-ийн тэргүүн дэд захирал Б.Базараас нүүрсний үнэ, уурхайн санхүүгийн байдлын талаар тодрууллаа.
Тэрээр “Шинэ он гартал нүүрсний үнэ нэмэгдэхгүй. Манай уурхай нэг тонн нүүрс олборлолтоос 2000 төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Иймээс нүүрснийхээ үнийг дээрх хэмжээгээр нэмэх санал тавьсан.
Бид одоогийн байдлаар 6.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Оны сүүлчээр 10 тэрбум төгрөгт хүрч магадгүй. Цахилгаан станцууд одоо авч буй нүүрсний үнийг цаг тухайд нь төлөөд явж байгаа. Гэвч өмнөх авлагаас 2.1 тэрбум төгрөг үлдсэн. Хөрөнгө мөнгө тааруугаас хөрс хуулалт, техникийн засвар үйлчилгээгээ бүрэн дүүрэн хийж чадахгүй байна” хэмээсэн билээ. Үүнээс гадна Адуунчулууны уурхай өр зээлээ төлж чадахгүйд хүржээ. Тус уурхайн захирал Б.Шатар “Манай уурхай 450 сая төгрөгийн зээлтэй. Үүнийг төлж чадахгүйд хүрсэн. Цахилгаан станцад өгсөн нүүрсний үнэ орж ирвэл төлнө. Одоогоор цахилгаан станцаас 620 сая төгрөг авах ёстой” гэж байгаа юм.
Эрчим хүчний нүүрс олборлогчид нүүрсний үнэ нэмэгдвэл дулаан цахилгааных дагаад өснө. Иймд аргагүйн эрхэнд алдагдалтай ажиллаж байгаа юм гэдэг. Тухайлбал, жил гаруйн өмнө Шарын голын уурхай нэг тонн нүүрсний үнээ 3595 төгрөгөөр буюу 16 хувиар нэмж алдагдалгүй ажиллах болсон. Мөн Багануур 12 хувь буюу 1000 гаруй төгрөгөөр, Шивээ-Овоо 11 хувиар нүүрснийхээ үнийг нэмсэн билээ. Ингээд цахилгааны үнэ нэг киловатт нь дөрвөн төгрөгөөр нэмэгдсэн. Бас орон сууцны халаалтын үнэ 12, үйлдвэр, аж ахуйн нэгжийнх 10 хувиар өссөн удаатай. Тухайн үед цахилгаан станцуудын нүүрс татаж авах тээврийн зардал ч 25 хувиар нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн юм. Үнэ нэмэгдэхээс өмнө 49 ам метр талбайтай орон сууцанд амьдардаг дөрвөн ам бүлтэй өрх сард 21424 төгрөг төлдөг байв. Харин үнэ нэмэгдсэнээс хойш тус өрхийн сард төлөх мөнгө 2570 төгрөгөөр нэмэгдэж байжээ. Тэгэхээр ирэх онд нүүрсний үнэ нэмэгдвэл цахилгаан, дулааны үнэ дахин өсөх нь тодорхой аж. Харин нэг тонн нүүрсний үнийг хэдэн төгрөгөөр нэмэхээс цахилгаан, дулааных нь шалтгаална. Дээрх байдлаас үзвэл нүүрсний үнэ тонн тутумд 2000 төгрөгөөр нэмэгдвэл нэг киловатт цахилгааны үнэ найман төгрөгөөр нэмэгдэж магадгүй нь. Уг нь эрчим хүчний уурхайнуудын нүүрсний үнийг шат дараатай цахилгаан, дулааны үнийг огцом өсгөхгүйгээр 2014 он хүртэл нэмж алдагдалгүй ажилладаг болгоно гэж байсан. Гэвч төлөвлөгөө нь талаар өнгөрч иргэд бас л үнийн дарамт амсч магадгүй ажээ. Цахилгаан станцууд дулааны үнээ бууруулахын тулд зардлынх нь чамгүй хэсгийг цахилгааны үнэд шингээж тооцдог гэдэг. Өөрөөр хэлбэл, орон сууцанд өгч байгаа дулаан өөрийн өртгөөсөө хямд борлогдож алдагдалаа цахилгааны ашгаас нөхдөг гэсэн үг. Тиймээс энэ нь цахилгааны үнэ нэмэгдэх нэг шалтгаан болдог бололтой. Тэгэхээр гэр хороололд амьдарч буй иргэд орон сууцны дулааны үнийг төлөлцөж буй хэрэг юм. Нөгөө талаасаа найдвартай эрчим хүч, дулаантай байя гэвэл нүүрсний уурхайнуудаа алдагдалгүй ажиллуулах нь чухал юм. Ямартай ч, шинэ он гартал цахилгаан, дулааны үнэд өөрчлөгдөх нь гэж санаа зовохгүй нь.