Аливаа нэг улс, нийгэм хэр хөгжсөнийг илтгэдэг олон шинж тэмдэг бий. Эдгээрээс хамгийн чухал гэж болох нэгэн үзүүлэлт бол нийгмийн дундаж давхаргын эзлэх хувь юм. Тухайн улсад олон саятан, тэрбумтан байдгаараа баян, тогтвортой хөгжилтэй болдоггүй. Цөөнх баян нь ихэнх баялгийг хамаад байдаг улс удахгүй хямралд орж, үймээн самуунд идэгддэг. Хэт баян, эсвэл хэт ядууд багтахгүй дундаж давхаргад хамаардаг хүн хэдий чинээ их байна тэр хэмжээгээр тогтвортой, чинээлэг улсад тооцогддог. Өөрөөр хэлбэл, нийгмийн баялгийн хуваарилалт тэнцвэртэй, олонхи болж байгаа дундаж давхаргад ирж байгаа баялаг зохих ёсондоо хүрсэн тохиолдолд улс тогтвортой, баян байдаг. Эдийн засагчид хүн амын 60-70 хувь нь дундаж гэгддэг давхаргад хамаарч байвал хамгийн зохистой гэдэг.
Ингэж нийгмийн олонх болсон дундаж давхарга нь улсдаа маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Юуны өмнө нийгмийг тогтворжуулагч юм. Нийгэмд тодорхой байр суурьтай болсон дундаж давхаргынхан өөрсдөд нь ийм боломж олгосон төрийн тогтолцоог тогтоон хадгалах, дэмжих хандлагатай байдаг. Мөн дотроо шилжилт хөдөлгөөн ихтэй. Өөрөөр хэлбэл, доод давхаргын хэн ч байсан амжилттай ажиллаж чадвал дунд руу орох боломжтой гэдгээрээ нийгмийн бүтцийг бэхжүүлдэг.
Олонхи болсон дундаж давхаргынхан хамгийн том хэрэглэгч, хөрөнгө оруулагч, татвар төлөгч гэдгээрээ эдийн засгийн донор юм.
Соёлын салбарт тухайн нийгмийн үнэт зүйл, ёс уламжлал, хуулийг хадгалагч, түгээн дэлгэрүүлэгч. Багш, түүхч, урлагийнхан үүний тод жишээ.
Мөн цаашлаад төрийн болон бизнес салбарт янз бүрийн шатны албан тушаалтан, удирдах ажилтнуудыг бэлтгэж өгч байдаг юм. Ийм ч болохоор өнөөдөр дундаж давхарга гэсэн үг улстөрчдийн амнаас салахаа больсон гэж болно. Үүнийг дагаад нийгмийн дундаж давхарга, дундаж ангид ямар хүмүүсийг багтаах вэ гэсэн асуулт гарах зүйн хэрэг. Тухайн улсын баримталж байгаа үзэл бодол, хөгжлийн чиг зэргээс хамаараад янз бүрээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл, улс болгоны дундаж давхарга өөрийн гэсэн онцлогтой. Жишээлэхэд, Өрнөд Европт хадгаламжтай байх нь дундаж давхаргад хамаарч буйн үндсэн шинж гэнэ. Гэтэл АНУ-д зээл өргөн ашигладаг, олон зээл зэрэг төлж байгаа нь дундаж давхаргад хамаарахын шинж гэнэ.
Гэхдээ ерөнхийдөө эд зүйлсийн болон нийгмийн өргөн хүрээний хэрэгцээг хангаж чадахуйц тогтвортой орлого бүхий нийгмийн бүлэг гэж болно. Энэ бүлэгт гол төлөв боловсролтой, мэргэжилтэй, мэргэшилтэй хүмүүс багтдаг. Цөөн тооны баячууд буюу дээд давхарга, бага цалинтай буюу доод хэсгийн завсарт, шилжилтийн гэж болохоор байр суурьтай. Боловсрол ба мэргэшлийн төвшин гэдэг тун харьцангуй ойлголт болохоор дундаж давхаргын сарын, эсвэл жилийн дундаж орлогыг мөнгөөр илэрхийлэн тодорхойлох нь хамгийн зөв гэж үздэг.
Америкт гурван хүнтэй гэр бүл жилд 39-118 мянган ам.долларын орлоготой байвал дундаж давхаргад хамаарах бөгөөд хүн амын 51 хувь нь энэ давхаргынх. Тус улсад дундаж давхаргад багтдаг хүмүүсийг дотор нь хэд хэдэн ангилдаг уламжлалтай. Дундын дээд давхаргад нь дээд боловсрол эзэмшсэн дипломтой, шинжлэх ухааны зэрэг цолтой, өндөр цалинтай албан тушаалтай, эдийн засгийн уналт гэх мэт зүйлс амьдралын чанарт нь барагтай бол нөлөөлдөггүй хүмүүс багтдаг. Эмч, хуульч, дээд шатны менежер багтдаг. Жилийн орлого нь 95 мянган ам.доллар ба түүнээс дээш.
Дундын дунд давхарга нь хамгийн олонх. Эдийн засгийн хувьд нийгмийн элдэв донсолгоонд мэдрэг. Хангалттай төвшинд амьдрахын тулд хоёр зэрэг ажил хийх нь цөөнгүй. Цалингаас цалингийн хооронд амьдардаг хүн олон. Жилийн орлого нь 51-95 мянган ам.доллар. Дунд сургуулийн багш, борлуулалтын дунд шатны менежер, өндөр мэргэшсэн мэргэжлийн ажилчин гэх мэт хамаарна.
Дундын доод давхарга нь дунд эсвэл тусгай дунд боловсрол эзэмшсэн эдийн засгийн элдэв хямралд маш мэдрэг. Ажилчид, өөрийн гэсэн бага бизнес эрхлэгчид гэх зэрэг мэргэжлийн хүмүүс багтдаг. Жилийн орлого нь 39-51 мянган ам доллар.
Оросын эдийн засагчид гурван хүнтэй гэр бүлд жилдээ 25 мянгаас 30 мянган ам.долларын орлоготой байвал дундаж давхаргад хамруулан үздэг. 2008-2009 оны эдийн засгийн гүн хямралаас өмнө дундаж давхаргад багтдаг оросуудын тоо нийт хүн амын 25 хувь байсан гэж үздэг. Харин жил дараалсан хямралын улмаас энэ тоо эрс цөөрч одоогоор дундаж давхаргын эзлэх хувь 10-11 болсон гэж үзэж байна. Ерөнхийлөгч Путин 2020 гэхэд Оросын хүн амд дундаж давхаргын эзэлдэг хувь 60-70 болсон байх ёстой гэж байгаа.
Дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг гэгддэг манай урд хөршид байдал арай өөр. Энэ улсад сүүлийн хэдэн жил ажилгүйдэл багассан, ажил эрхлэлт нь дундын дээд давхаргыг чиглэсэн, эдийн засгийн хөгжил тасралтгүй өндөр хэмнэлтэй явж байгаа, нийгмийн баялаг хуримтлагдах нь ихэссэн. Үүнийг дагаад хүн амын дотор дундаж давхаргын эзэлдэг хувь ч огцом нэмэгдсэн гэж болно.
Хятадын өөрийн судлаачдын мэдээнээс үзвэл, өнөөдөр дундаж давхаргын эзлэх хувь 23 хүрээд байгаа аж. Тэрбум гаруй хүн амын 23 хувь нь гээд та бодоод үзээрэй. Энэ бол тун ч муугүй үзүүлэлт гэж болно. Гэхдээ өөр улсын судлаачид үүнийг арай дэгсдүүлсэн тоо ч гэх нь бий. Ямартаа ч, энэ тоо цаашид ч нэмэгдэх нь гарцаагүй.
Харин хөгжлийн шинэ зам сонгоод хорь гаруйхан жил болж байгаа манай улсын дундаж давхарга дөнгөж бүрэлдэж дуусаагүй л байна. Орос, АНУ-ын жишгээр хэмжвэл манай улсад дундаж давхарга бараг байхгүй. Гэхдээ улс юм хойно байгаа нь мэдээж. Тэгэхээр дундаж давхарга гэж ярихын өмнө манай улсын бодит байдлын дагуу ямаршуу орлоготой, боловсролтой хүмүүсийг энэ давхаргад хамруулан үзэх ёстой талаар нарийвчилсан судалгаа явуулах хэрэгтэй. Үүндээ тулгуурлаад нийгмийн энэ давхаргад анхаарсан бодлого түлхүү явуулах замаар нийгэмд эзлэх хувийг нь нэмэгдүүлэхэд онцгой анхаарах зүйн хэрэг. Ингээгүй цагт баялаг тэгш хуваарилагдаж, нийгэм тогтвортой, чинээлэг болох нь эргэлзээтэй.