Ирэх сарын 1-нээс эхлэн үүрэн телефоны операторууд нэг минутаас дотогш ярианы тарифийг секундээр тооцох, дараа төлбөрт үйлчилгээний барьцаа төлбөрт хүү тооцож хэрэглэгчдэд өгөхийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг ШӨХТГ-аас санал болгосон. Үүрэн телефоны компаниуд, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан удаа дараа уулзсаны эцэст өчигдөр нэгдсэн нэг шийдэлд хүрчээ. Ирэх оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн та секундээр төлбөрөө төлдөг болно.
Чухам ирэх оны гуравдугаар сарыг хүлээх хэрэгтэй болсон нь техник, технологийн бэлтгэл ажил, шинэчлэлтэй холбоотой аж. ШӨХТГ-ын дарга О.Магнай “Өмнөх дарга нар үүнийг эртхэн шийдсэн бол бид ирэх оныг хүлээхгүй байсан. Гэхдээ бид үүрэн телефоны компаниудад баярлалаа гэж хэлэх ёстой. Өөрсдийн эрсдэлээ тооцоолохоос гадна, хэрэглэгчдийн эрх ашгийг бодож байгаад бид бүхэн баяртай байна” гэв. Энэ аргачлалыг дэлхийд цөөхөн оронд хэрэглэдэг юм байна. Азидаа туршлага болохуйц Япон улс энэ аргачлалыг 2003 оноос хэрэглэж эхэлсэн бол өдгөө дэлхийд жишиг болтлоо хөгжжээ. Дараа төлбөрт хэрэглэгчдэд дуулгах баяртай мэдээ байна. Барьцаа мөнгө болоод ярианы тарифаас тодорхой хэмжээний хувийг бууруулахаар болжээ. Барьцаа мөнгөний тодорхой хувийг яриа болон төлбөрт нь шингээдэг зарчим руу ч шилжихээр ярилцаж байгаа гэдгийг “Мобиком” компанийн гүйцэтгэх захирал Р.Арвинцогт ярьсан юм. Тэрээр “Барьцаа төлбөрийг “Мобиком” компанийн зүгээс бууруулах бүрэн боломжтой. Бид эхний ээлжинд тухайн хэрэглэгчийн төлбөрийн түүхийг судлах болно.
Хугацаандаа төлбөрөө төлдөг, итгэлтэй гэж үзсэн хэрэглэгчдэдээ барьцааны төлбөрийг бүрэн болон хэсэгчилсэн хэлбэрээр чөлөөлнө. Үүний тулд тухайн хүн цахим үнэмлэхтэй байх шаардлагатай” гэв. Мөн “Мобиком” компани 2200 дугаарын утсаар секундээр тооцох үйлчилгээ болоод барьцаа төлбөрийн хөнгөлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөөр болжээ. Бусад компанийн тухайд ямаршуухан арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа бололтой ямар нэгэн ам гарсангүй.