Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлантай иргэдийн хадгаламжийн хүүнээс татвар авах тухай болон, макро эдийн засгийн “Т21” загварын талаар ярилцлаа.
-Ирэх оны төсөв ид яригдаж байна. Гэтэл 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдээс хүүгийн татвар авах тухай асуудал гарч ирсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Хадгаламжын хүүнээс татвар авах нь шинэ асуудал биш. Монгол Улс 1990-ээд оны дундуур ийм татвартай байсан. Гэтэл 1997 оны үед Азийн эдийн засгийн хямрал манайд нөлөөлж дотоодын мөнгөний урсгал банкнаас гадагшилж ирсэн л дээ. Ингээд Засгийн газраас энэ татварыг зогсоох арга хэмжээ авснаар банкны систем тогтворжиход нөлөөлсөн. Тэгэхээр одоо Монгол Улс эдийн засгийн мөчлөгийнхөө хаана явж байна гэдгийгээ сайн харах хэрэгтэй. Ялангуяа санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг бүрдүүлж байгаа банкны салбарын мөчлөг ямар байгааг сайн тооцох ёстой юм. Сүүлийн хоёр гурван жил манай банкны системийн үндсэн хөрөнгө 2-3 дахин нэмэгдлээ. Ийм үед тодорхой хэмжээний татвар тавьж болно. Энэ татварыг авах нь мөнгөний бодлогынх бус төсвийн бодлогын хэрэгсэл. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тэлэлтийн үед уг татварыг авч болох онол байдаг л даа. Гэхдээ ирэх хоёр жилд манай эдийн засгийн өсөлт ямар байх, урд хөршөөс эдийн засгийн хямрал орж ирэх эсэхийг чамбай тооцож, төсөөлөн харах хэрэгтэй юм. Хэрэв хямрал гүнзгийрэх юм бол энэ татвар банкнаас мөнгө гадагшлуулах үр дагавар гаргахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ татварын бодлого уян хатан байх ёстой. Гэвч ирэх онд ийм татвар авахад банкны системд ямар нэг сөрөг нөлөөлөл гарахгүй байх гэж бодож байна.
-Тэгвэл уг татвараар улсын төсөвт хэчнээн төгрөг орох тооцоо байгаа бол?
-Улсын төсөвт орох татвартай холбоотой нарийн тооцоог яг одоо би хэлж мэдэхгүй байна. Нийт хадгаламжийн хувьд ойролцоогоор дөрөв гаруй их наяд төгрөг бий. Үүний жилийн 15 хувийн хүү гэхээр 600-аад тэрбум төгрөг болох нь. Үүнээс татвараа тооцоод авна гэсэн үг шүү дээ.
-Хадгаламжийн хүүнээс татвар авахаар хуримтлал хийхээр банкинд очих хүн цөөрөх юм биш үү?
-Ийм үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай банкны системийн тогтолцоо арван жилийн өмнөхтэй харьцуулшгүй илүү найдвартай, тогтвортой болсон. Манай иргэд тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулсан. Үүнийгээ найдвартай газарт хадгалуулах хувийн санхүүгийн менежмент өндөр болсон шүү дээ. Тэгэхээр хүүний татвараас болж мөнгөө банкнаас гаргаад эрсдэлтэй бусад зах зээлд оруулахгүй л болов уу.
-Тэгэхээр 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд нийт хадгаламжийн хэдэн хувийг эзэлж байгаа вэ?
-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь хувь хүний нууц байдаг юм.
-Хүүгийн татвар авдаг юм байж. Харин хадгаламжийг даатгана гэж байсан. Хууль эрх зүйн орчин нь өнөөдөр хэр бүрдэж байна вэ?
-Монголбанкнаас өнгөрсөн онд Хадгаламжийн даатгалын тухай хууль боловсруулаад Засгийн газарт танилцуулахаар өгсөн. Тэгэхээр ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцүүлж батлуулах байх. Одоо Хадгаламжийн баталгааны хууль үйлчилж байгаа. Энэ хуулийн үйлчлэх хугацаа ирэх сарын 30-нд дуусах ёстой. Гэхдээ, Засгийн газраар саяхан уг асуудлыг хэлэлцээд дээрх хуулийн үйлчлэх хугацааг дахиад нэг жилээр сунгаж болох юм гэж үзсэн. УИХ удахгүй үүнийг хэлэлцэх байх гэж бодож байна. Харин энэ нэг жилийн хугацаанд бид хадгаламжийн даатгалын систем бий болгож, олон улсад хэрэглэдэг сонгодог тогтолцоонд шилжих боломж бүрдэнэ.
-Эдийн засгийн хөгжлийн “Т21” загвар гэж чухам юуг хэлээд байна вэ?
-Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яамнаас макро эдийн засгийн “Т21” загварыг ашиглаж болох юм гэдгийг танилцуулж байна. Мөн олон улсын донор байгууллагууд оролцож байгаа. Энэ загварыг сүүлийн хоёр, гурван жил хуучнаар ҮХШХ манай байгууллага нэлээд судалсан. Хамгын гол нь, бид урд нь хөгжил гэхээр эдийн засгийн өсөлт дэвжилтийг ярьдаг байсан. Энэ загвар бол эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлуудыг цогцоор нь харуулж чаддаг, ийм төлөвлөлт хийх боломж олгодог. Тэгэхээр энэ нь манайд цоо шинэ хөгжлийн загвар болж байгаа юм. Дээр хэлсэн эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлыг хэрхэн уялдуулж хоорондын нөлөөг нь математикаар илэрхийлдэг хөгжлийн загвар. Үүнийг амилуулахад тодорхой хугацаа хэрэгтэй. Эдийн засаг хөгжлийн яамны мэргэжилтнүүд сүүлийн зургаан сард нэлээд шаргуу ажилласан байна. Олон хувьсагч, статистик, тоон мэдээллийг оруулсан байна л даа. Үүнд Засгийн газар, яамдууд сайн оролцох шаардлагатай. Ингэснээр Дунд болон урт хугацаанд гарах бодлогын шийдвэрүүд, төсөөллөө оруулснаар Монгол Улс ямар үр дүнд хүрэх вэ гэдэгт хариулт өгч чадах юм.
-Тэгэхээр энэ загварыг хэзээнээс ашиглаж эхлэх вэ?
-Монгол Улс ирэх оны гуравдугаар сараас эхэлж макро эдийн засгийн “Т21” гэдэг загварыг өөрсдөө өмчлөх эрхтэй болно. Энэ загварын нэг хэрэглэгч нь Монголбанк. Төв банк гэхээр инфляцын асуудал байнга яригдаж байдаг. Тэгэхээр инфляцыг төсөөлөхдөө зөвхөн эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээс гадна бусад нийгэм, байгаль орчины асуудал инфляцад яаж нөлөөлж байна, түүнийг хэрхэн удирдахыг амьдралд илүү ойр бодитоор харахад тус болох юм.