Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр төлөхгүй ч маргааш өгөх өрийн данс зузаарсаар

Өнгөрсөн жилийн эцэст манай улсын гадаад өр 9.6 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь өмнөх жилүүдээс 58 хувиар өссөнийг илтгэжээ. Үүний долоон тэрбум 426.7 сая ам.доллар нь хувийн хэвшлийнхэнд ногдож буй судалгаа бий. Иймд нийт өрийн 76 хувь нь тэднийх юм. Үлдсэн нь Засгийн газар, Монголбанкных гэсэн үг. Хувийн хэвшлийнхэн энэ онд  дээрх зээлийнхээ 19 хувь буюу нэг тэрбум 423 сая ам.долларыг нь эргүүлэн төлөх төсөөлөл гарчээ. Мөн ирэх жил нэг тэрбум 535 сая, 2014 онд нэг тэрбум 362 сая ам.доллар төлөх хуваарьтай. Ингээд үлдсэн гурван тэрбум ам.долларыг 2015 оноос хойш төлөх тооцоо байгаа. Гэвч зээл эргэн төлөх энэ хуваарь нь зөвхөн тооцоолол гэж болно.
Учир нь, зээлийн нөхцөл өөрчлөгдөх, хөрөнгө оруулаг­чийн зээлийн эх үүсвэрийг ком­панийн дүрмийн санд оруулах, экспортын бүтээг­дэхүүний хэмжээгээ нэмэг­дүүлэх зэрэг шалтгаанаар өөрчлөгдөж болох ажээ. Манай аж ахуйн нэгжүүдэд “Стандарт”, Европын сэргээн босголтын банк хамгийн их зээл  олгосон байна.
Өр зээлээ яаж төлөх нь тухайн аж ахуйн нэгжийн асуудал. Ард иргэдийн халааснаас гардаг татварын мөнгөнд ямарч хамаагүй гэж хэлж болох ч тэр мөнгөөр юу хийж болох вэ, нүдэнд харагдах гарт баригдах хөрөнгө оруулалт болж чадсан уу гээд олон асуулт ар араасаа хөвөрнө. Гэтэл хариулт нь ердөө л ухна, ухаагүй гэж хэрүүлийн алим хазалцаж буй уул уурхай. Өр зээлийн дийлэнх нь энэ салбарт орж ирж буй шууд хөрөнгө оруулалт гэж болно. Учир нь, гадаадын хөрөнгө оруулагчид томоохон ордуудыг ашиглахад зориулж нөөцийг нь барьцаалж зээл өгдөг аж. Тэгээд баялгийг нь олборлож зах зээлд нийлүүлээд эхлэхээр өгсөн мөнгөө эргүүлэн авна гэсэн үг. Иймд дөрөв таван жилийн дараа  эргэн төлөр зээлийн хэмжээ одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх тооцоо гарсан байдаг. Гэтэл энэ мөнгөө  баялгаа боловсруулахад бус зөвхөн олборлоход чиглэж буй гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл зэс, нүүрс, төмрийн хүдэр гээд ашигт малтмалаа боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр босоогүй байна. Эдийн засагчид жилд хоёр сая тонн зэсийн баяжмал хайлж цэвэр зэс үйлдвэрлэх, 25 тонн алт цэвэршүүлэх үйлдвэр барихад нэг тэрбум ам.доллар л шаардлагатай гэсэн судалгаа хийж байсан удаатай. Үүнээс гадна жилд 500 мянган тонн шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрс шингэрүүлэх үйлдвэрт нэг тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулах тооцоо ч бий. Уг нь ашигт малтмалаа түүхийгээр нь хямд өгснөөс боловсруулж бүтээгдэхүүн болговол эдийн засгийн бат сууриа цутгахаас гадна уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлэх бололцоо байгаа билээ.
Өнгөрсөн жилийн тооцоогоор Монгол Улсын Засгийн газар хандивлагч орон, Олон улсын санхүүгийн байгууллагаас энэ онд 708.1 тэрбум, ирэх жил 180 тэрбум төгрөг зээлэх  төлөвлөгөө гаргасан байдаг. Харин зээлийн эргэн төлөлтийн хувьд энэ жил 111.2, ирэх онд 123.7 тэрбум төгрөг төлөх хуваарьтай аж.  Эдүгээ Монгол Улсын гадаад өр энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 11.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 3.3 тэрбум ам.доллараар нэмэгдсэн тоо юм. Үүний дотор  Засгийн газар, Монголбанкны  өрийн 651.0 сая ам.доллараар өссөн байна. Ингээд өнөөдөр нийт өр нь  хоёр тэрбум 775.7 сая ам.долларт хүрчээ.
Харин хувийн хэвшлийн гадаад өр хоёр тэрбум 667.5 сая ам.доллараар огцом өсч бараг есөн тэрбумд хүрсэн үзүүлэлт гарлаа.  Гадаад өр өнгөрсөн оны хоёр гуравдугаар улиралд огцом өсч иржээ. Харин оны сүүлчээр бага зэрэг буурсан байна. Гэвч энэ оны нэгдүгээр улирлаас эхлээд дахин өсч өнөөгийн байдалд хүрээд байгаа аж. Засгийн газрын өрийн эргэн төлөлтийн төсөөллөөр энэ жил 24 тэрбум 163.3 сая төгрөг төлөх учиртай. Ирэх онд 25 тэрбум 822.2 сая төгрөг төлнө. Харин 2014 онд 25 тэрбум 822.2 сая төгрөг төлөх төсөөлөл бий.  Ер нь Засгийн газар, төв банкных  ч бай, хувийн хэвшлийнх бай нэг л дэлхийн засагт орж ирж буй тул монголын л өр. Үүнийг хэрхэн төлөх зарцуулах нь монголчуудын амьдрал, хойч ирээдүйтэй яах аргагүй холбоотой.

Улсын гадаад өр гэдэг бол эдийн засгийн бие тэнхээ ямар байгааг тодорхойлох нэг үзүүлэлт. Гэтэл манай улсын өр жил бүр нэмэгдэж буй юм. Нийт авч буй зээлийн 90 хувийг ам.доллар, үлдсэнийг нь евро, юаниар төлөх аж. Аливаа улсын гадаад өр ДНБ-ний 40 хувиас хэтэрвэл эдийн засагт нь аюулын харанга дэлддэг гэдэг.  Энэ нь ч батлагдсан зүйл гэж хэлж болно. Бэлээхэн жишээ нь өнөөдөр Евро бүсийг хямралд уруу татан оруулсан улсын нэг Грек гэж болно. Тус улс сүүлийн хэдэн жилд химийн үйлдвэрлэл, далайн тээврээр асар их мөнгө олдог болж. Тэгээд  түүнийгээ манайх шиг халамж, төсвийн зардлаа тэлэх зэргээр үргүй зарж, эдийн засгийн өндөр өсөлтдөө эрдэж өр зээл ч их тавьжээ. Гэтэл нэг л өдөр нар жаргаж орлого багасаад өр зээлээ төлж чадалгүй хямарч эхэлсэн гэдэг. Өнөөдөр манай улсын гадаад өр ДНБ-ий 47.7 хувьд хүрсэн тооцоо бий. Харин ирэх жил огцом буурч 33 хувьд хүрнэ гэсэн таамаг байдаг. Гэвч огцом өсч буй өр зээлийн ДНБ-нд эзлэх хувь шууд бууна гэдэг нь эргэлзээтэй. Энэ тоог  өнгөрсөн жил гаргаж байсан ч эдүгээ өөрчлөгдөх нь дамжиггүй. Тэгэхээр өр зээлээ сайн тооцох нь эдийн засгийн хямралаас сэргийлэх нэг алхам болох нь тодорхой байна. 

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан