Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран зургаан дүүргийн иргэдийн дунд үндэсний мөсний шагайн харваа өвлийн спорт наадгай, сургалт-тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн тэмцээн болж, нийслэлийн тэмцээнд оролцох шилдгүүдээ шалгарууллаа. Сүхбаатар дүүргийн 20 хороо тус бүрээс хоёр тамирчин оролцож, хурд хүч, хараа, цэц мэргэнээ сорилоо.
Шүүгчээр Монголын Үндэсний Мөсөн шагайн холбооны дэд тэргүүн Б.Угтахбаяр, Хошой мэргэн спортын мастер Д.Ууганбаяр, Үлэмж дархан мэргэн, спортын мастер Г.Ганбаатар нар ажиллалаа. Мөсөн шагайн харваа нь манай ард түмний өнө зууны түүхтэй, Монгол эрчүүдийн авхаалж самбаа, түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болж уламжлан өвлөгдсөн байна. Цаашид уг спортыг сэргээн хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх, харваачдыг бэлтгэх, иргэд олон нийтэд сурталчлан таниулахад зорилготой энэхүү тэмцээнд оролцсон анхлан суралцагчид, харваачдадаа цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС