Эрчим хүчний реформын үндэсний хорооноос Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбоотой журмын хэрэгжилт, үнэ тарифын зохицуулалт, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилготой олон нийтийн хэлэлцүүлгийг өнгөрсөн сард зохион байгуулсан.
Үндэсний хорооноос өгсөн зөвлөмж, хэлэлцүүлгийн санал, үр дүнг үндэслэн "Эрчим хүчний зохицуулах хороо"-ноос хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчний өдрийн тарифыг 285₮, оргил цагийн үед нийлүүлэх тарифыг 300₮ байхаар баталсан байна.
Мөн Эрчим хүчний яамнаас Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбоотой журмыг шинэчлэн сайжруулах талаар холбогдох арга хэмжээг авахаар төлөвлөж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүрийг дэмжих арга хэмжээг авахаар тусгасан бөгөөд дээрх тарифын шинэчлэлээр хэрэглэгч өөрийн сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлэх хэлбэрээр өгөөж хүртэх боломж нэмэгдэж байна.