Прокурорын байгууллага хоёрдугаар сарын 10-наас 14-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48773, мөрдөн байцаалтын 2877 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Иргэн А.Г нь Бүгд Найрамдах Сьерра Леон Улсын 7 иргэнд давуу байдал бий болгох, Монгол Улсаас гаргахгүй байх зорилгоор Гадаад иргэн харьяатын газрын албан тушаалтанд хахууль өгөхөөр санал болгожээ. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-Нийслэлийн прокурорын газраас “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан Ж.Г, М.Ж, Н.Г нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэв