Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржаваас энэ талаар тодрууллаа.
-Буудайг чанараар нь ангилж урамшуулал олгодог байвал ямар вэ? Энэ талаархи таны бодлыг эхлээд сонсъё. Өөрөөр хэлбэл 19 хувиас доош цавуулагтай бол тонн буудайд олгох 100 мянган төгрөгийн талыг нь өгнө ч гэх юм уу. Байж болох хувилбар уу?
-Монгол Улсын улаан буудайн стандарт гэж бий. Тиймээс бидний хувьд стандартад тэнцсэн буудайг л авч байгаа. Түүнээс биш өндөр чийгшилтэй, стандартад тэнцээгүй буудайг авахгүй. Урамшуулал гэдэг цэвэр стандартын шаардлага хангасан улаан буудайд л өгч байгаа мөнгө. Зөвхөн гурилын зориулалттай буудайд гэсэн үг. Стандартад тэнцэх эсэх нь хогт хольцын хэмжээ, буудайн хольцоос шалтгаална. Чийг бол тийм гол зүйл биш. Буудайн хогт хольц ихтэй бол мэдээж урамшуулал өгөхгүй. Гурилын үйлдвэрүүд буудай хүлээж авахдаа энэ бүхнийг нь хасаад яг цэвэр жингээр нь авдаг. Лабораторын шинжилгээний дүнг л харгалзана.
-Цавуулаг чийгшил хоёр чинь мэдээж өөр үзүүлэлт. Гэхдээ чийгшил ихтэй байх тусам цавуулаг нь мууддаг. Цавуулаг багатай буудай гурил, талх болохгүй шүү дээ?
-Чийгшил цавуулаг гэдэг бол буудайны өөрийнх нь үзүүлэлт. Чийгшлийг хатаалгын машинд оруулаад л зохих төвшинд нь хүргэж болно, 15 хувьтай байх ёстой бол бид 16 хувьтайг авчихлаа гэхэд хатаагаад стандарттаа тэнцүүлдэг.
Чийгтэй бол бид хатаагаад тодорхой зардлыг нь тариаланчдаас авдаг. Тариаланчдын хувьд хатаах технологи машин тэр бүр байхгүй л дээ. Гэхдээ энэ бол урамшуулалд огт хамаагүй. Урамшуулалд хамаатай асуудал бол тарианы хольц. Гурил болохгүй тарианд бид урамшуулал өгөхгүй шүү дээ. Гурилын үйлдвэрүүд авсан буудайгаа буцаагаад усанд дэвтээж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манайд бол удаан хадгалах зорилгоор заавал хатаадаг. Тэгэхээр энэ талаар нарийн зүйлийг мэргэжлийн хүмүүсээс сайн лавлах хэрэгтэй л дээ.
-Энэ жилийн хувьд бороо хур ихтэй байсан болохоор буудайн болц жаахан муу байх шиг байна л даа?
-Болох газраа сайхан болоод хатсан. Гэхдээ ерөнхийдөө хур ихтэй байсан учраас жаахан чийгтэй байгаа нь нууц биш. Гурилын үйлдвэрт хамгийн чухал зүйл бол ерөнхийдөө чийг биш цавуулаг. Цавуулаг нь ус чийг ихтэй үед бага байдаг. Бидний хувьд үүнийг яаж ч чадахгүй. Цавуулаг сайтай буудайтайгаа л хольж гурил үйлдвэрлэхээс өөр аргагүй. Өнгөрсөн жилийн буудайн хувьд үнэхээр өндөр цавуулагтай. Стандартаар бол цавуулгийн хэмжээ 23 хувь байх ёстой. Манай өнгөрсөн оны буудайн цавуулаг бол 23 хувиас илүү. Энэ жилийн хувьд 18-20 хувийн цавуулагтай. Үүнийг гурилын үйлдвэр дотоодын технологиор зохицуулах боломжтой.
-Тэгэхээр цавуулгийг сайжруулах ямар ч арга тариаланчдын хувьд байхгүй гэлээ. Энгийн бид бодохдоо цавуулгийн хэмжээ мэргэжлийн агрономичгүй байдлаас ч юм уу хүний хүчин зүйлээс шалтгаалдаг байх л гээд байгаа юм?
-Цавуулаг бол агрономичоос шалтгаалдаггүй. Байгалиас шууд шалтгаалдаг. Хур тунадас нар хоёроос л шалтгаалдаг зүйл.
-Гурил үйлдвэрлэгчид цавуулаг багатай буудай ороод ирэхээр үнэхээр хэцүү. Тариаланчид маань энэ тал дээрээ л анхаараад өгөөч гээд байгаа юм л даа?
-Гурилын үйлдвэрийн хувьд цавуулгийг нэмэгдүүлэх талаар их бодсон. Монгол л цэвэр буудайгаа тээрэмдээд гурил болгоод байдаг. Барууны орнуудын хувьд буудайн цавуулгийг зохицуулдаг нэмэлтүүд аль хэдийнэ бий болчихсон. Үүнийг олон улсын хүнсний байгууллага хориглоогүй.
-Урамшууллын хувьд та ямар бодолтой байна. Тариаланчдад хувийнхаа бизнесийг хийж байгаагийнх нь төлөө төрөөс цаашдаа урамшуулал өгөөд байх уу гэдэгт эргэлзэх хүн дээд төвшинд ч байна шүү дээ?
-Хүн идэж байгаа хоолондоо төсвөөс урамшуулал өгч л байх ёстой. Энэ татаасыг дээд зэргээр хөгжсөн орон ч өгдөг. Сүү, мах, гурил, буудай гээд л . Хүнс бол хамгийн эрсдэлтэй алдагдалтай бизнес. Бид өөрсдийнхөө халааснаас гарсан мөнгийг” та бидний буудайг тариад өгөөч ээ” гэж өгч байгаа нь буруу гэж үү. Хэрвээ татаас байхгүй бол хүнснийхэн чинь дампуураад алга болно.
-Энэ жилийн хувьд улсын нөөцөд буудай хангалттай байгаа. Үүн дээр улс нэмж буудай авах уу?
-Улс худалдаж авдаг асуудал зогсч байгаа. Яагаад зогсч байгаа вэ гэхээр зах зээлийн системд шилжүүлье гэсэн юм. Өмнөх дөрвөн жилийн хувьд тариаланчдаа хөл дээр нь босгоё гэж зүтгэсэн. Олон асуудлыг нь шийдсэн. Техник тоног төхөөрөмж, үрийг хөнгөлөлттэй үнээр өглөө. Шатахууны дэмжлэг үзүүллээ. Ургамал хамгааллын бодис, бордоо, хөрсний судалгааны асуудлыг нь цэгцэллээ. Манай Дарханы Эрдэм шинжилгээний байгууллага шинжлэх ухаан талаас нь судалгаа хийгээд өгчихлөө. Ийм олон төрлийн дэмжлэг туслалцаа үзүүлсний үр дүнд газар тариалан хөл дээрээ боссон. Бид дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангаад дээрээс нь илүүдэлтэй, багтаах шингээх газаргүй боллоо. Тэгэхээр одоо чанарт л анхаарах хэрэгтэй болсон гэсэн үг. Энэ талаар тодорхой бодлого явуулж байна. Жишээ нь, ургамал хамгааллын бодис нь тарианы чанарт нөлөөлдөг. Энэ бодисоор нь хангаад өгч байна. Тодорхой тусгай зөвшөөрөлтэй ганцхан газар л оруулж ирж, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтад байлгаж байна. Улсын нөөц ч гэсэн илүүдэлтэй буудайгаа хадгалаад байвал хэцүү. Ер нь, технологийн дагуу хадгалсан нөхцөлд улаан буудайг 10 хүртэл жил нөөцөлж болдог. Гэхдээ үхлүүт хөрөнгө байлгаснаас эргэлтэд оруулах ёстой. Эргэлтэд оруулаад буцаагаад тариаланчдаасаа авч болно. Төр бол өөрийнхөө нөөцийг тодорхой хэмжээнд худалдаж авна л даа. Засгийн газар одоогоор 3000 гаруй тариаланчдад мөнгийг нь урьдчилаад өгчихсөн байгаа гэсэн үг. Яаж вэ гэхээр зээлээр өгсөн. Тоног төхөөрөмж шатахуун гээд. Төр тэр мөнгийг тариаланчдаас буцаагаад авах ёстой. Бид тэр мөнгөө авахын оронд улаан буудайг нь аваад байна аа даа. Энэ систем бол нэг хэсэгтээ байна. Учир нь, тариаланчдын өр авлага таван жилийн хугацаанд барагдах ёстой.
-Элеваторын хувьд хэр боломжтой байгаа вэ?
-500 мянган тонн улаан буудай хадгалах сав бол байна. Гэхдээ стандартын шаардлага хангасан уу, үгүй юу гэвэл асуудалтай. Стандартын шаардлага гэхээр буудайн хогт хольцыг шигшдэг, чийгтэй бол хатаадаг гэх мэт иж бүрэн бүрдэл системтэй нь хэд вэ гэдэгт л асуудал байна.