Төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ хуралдаж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан Гүйцэтгэх захирал Б.Энэбишийг ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг захирлаараа томилжээ. “Нам санал болговол юу ч хамаагүй хийхэд бэлэн байна” гэж хэлж байсан экс гишүүн ийн “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн захирлаас томилогдов. Түүний хувьд 2008 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж олон улсын харилцаа, худалдааны мэргэжил эзэмшсэн, дипломатч.
Б.Энэбишийн хувьд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захиралд горилж байгаа гэж хэвлэлийн тоймчид онцолж буй. 2008 оноос хойш “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш буурь сэлгэж магадгүй юм. Эсвэл өөрийн гараар өргөдлөө бичсэн шахааны дарга нарын нэг болох юм.