Хятадын хойд бүс нутгаар өнгөрсөн 2024 оны 12-р сарын дунд үеэс эхлэн Хүний метапнемво-вирус буюу ЭйчЭмПи-вирус хүн амын дунд ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд тархаж байгаа талаар олон улсын хэвлэлүүдээр мэдээлж байгаа. Харин өчигдөр Хятадын төв хэвлэлд ЭйчЭмПи-вирусийн тархалт нэмэгдэж байгаа хэдий ч энэ нь шинэ вирус биш, дэлхий даяар 60 гаруй жилийн турш тархсан нийтлэг вирус гэж тайлбарласан байна. Мөн Гадаад хэргийн яам нь амьсгалын замын өвчлөл өвлийн улиралд эрс нэмэгддэг, өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил өвчлөлийн тархалтын хүрээ жижиг, хүндрэл бага байгаа гэсэн тайлбар хийжээ.Уг вирус шинэ биш боловч энэ өвөл Хятадын хойд нутгийн хүн амын дунд ялангуяа 14 хүртлэх насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдсээр байгаа юм байна. Вирусны тархалтын хурд удаан, өвөрмөц шинж тэмдэг илэрдэггүйн улмаас уг вирусийг 2000-аад оны эхээр эрдэмтэд анх агаар дуслын замаар болон бохирдсон гадаргаар дамжин тархдаг Ар ЭнЭй төрлийн вирус болохыг тогтоож байжээ. Халдвар авсан ихэнх хүнд уг вирусийн шинж тэмдэгүүд 7 хоногийн дотор үргэлжилдэг болохыг Хятадын өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвийн вирус судлалын хүрээлэнгийн судлаач Жин Ли Шу мэдэгдсэн байна.Мөн Шанхай хотын Шинхуа эмнэлгийн халдварт өвчний тасгийн орлогч дарга Руан Жэншан халуурах, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүдэд үндэслэн HMP вирусийг өөрөө дур мэдэн оношлохгүй байхыг анхааруулжээ.HMP вирус нь ханиалгах, хамар битүүрэх, ядрах, хоол боловсруулах эрхтэн хямрах, өндөр халуурах зэрэг амьсгалын замын бусад өвчинтэй ижил төстэй шинж тэмдэг илэрдэг юм байна. Ихэнх тохиолдол хөнгөн боловч зарим тохиолдолд ялангуяа нярай хүүхэд өндөр настан, дархлаа султай хүнд уушгины хатгалгаа болж хүндрэх тал бий гэдгийг Жэжян их сургуулийн Анагаах ухааны сургуулийн хүүхдийн эмнэлгийн амьсгалын замын өвчний тасгийн эрхлэгч Тан Ланфан мэдэгджээ.Тэрээр хүүхэд, өндөр настан, дархлаа султай хүмүүст байнгын өндөр халуурах, нойрмоглох, ханиалгах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авахыг зөвлөсөн байна. HMP вирусийн эсрэг тусгай эмчилгээ, вакцин байхгүй учраас Хятадын мэргэжилтнүүд дархлаа дэмжих ялангуяа хангалттай хугацаагаар амрах, хөнгөн хооллох, дулаан хувцаслах нь зүйтэй гэж зөвлөж байгаа юм байна.Мөн амны хаалт зүүх, гараа ойр ойрхон угаах, агааржуулалт сайтай байх, хөл хөдөлгөөн ихтэй газраар зорчихгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөжээ.