Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ХУРАЛДЛАА

Үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын ll зөвлөгөөнийг угтаж энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо болох юм. Уг зөвлөлгөөнийг угтаж Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид салбар  зөвлөгөөнөө өнгөрсөн долоо хоногт хийлээ.  
Тус зөвлөгөөнд ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл, ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа нар оролцож уг салбарт гарсан ололт амжилт, алдаа дутагдлын талаар санаа бодлоо хуваалцлаа.

Уулзалтыг Монголын Арьс шир үйлдвэрлэлийн холбоо, Арьс ширэн бүтээгдэхүүн  үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан ба Улаанбаатар болон Дархан хотоос 70 орчим үйлдвэрлэл эрхлэгчид, салбарын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын төлөөлөгчид  оролцлоо.

Цаашдын зорилт, төр засгаас бодлогоор дэмжих шаардлагатай асуудлуудаа  тодорхойлж, өөр хоорондоо туршлага солилцож, салбарын хөгжлийн хөтөлбөрийн төслийг тодорхойлох явдал нь энэ уулзалтын гол зорилго байлаа. Салбар зөвлөгөөнөөс “Арьс ширний  салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл”, “Орон нутагт байгуулж ажиллуулах төсөл” зэрэг салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ЗГ-ын шийдвэрт тусгуулахаар болж редакцийн зөвлөл байгууллаа.

 Уг зөвлөгөөнд оролцогчдод хандаж Дэд сайд Б.Цогтгэрэл хэлсэн үгэндээ “Арьс шир боловсруулах чиглэлийн аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэх хандлагатай ч бүтцийн хувьд анхан шатны болон эцсийн боловсруулалтын үйлдвэрлэлийн харьцаа алдагдсан, техник технологи хоцрогдонгуй, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар сул байгаа нь нэмүү өртөг бий болгох, дэлхийн зах зээлд гарах зорилтыг биелүүлэхэд саад болж байгаа, анхан шатны боловсруулалтын хүч чадал одоо байгаа түүхий эдийн нөөцөөс 12.6 хувиар давсан бөгөөд арьс шир боловсруулах  үйлдвэрүүдийн  хүч  чадлын ашиглалт 10-40 хувьтай гэсэн мэдээлэл туйлын чамлалттай байна. Салбарын үйлдвэрлэл, экспортын голлох хэсгийг анхан шатны боловсруулалт хийсэн арьс ширэн бүтээгдэхүүн (ветблю буюу хромын давсаар идээлсэн арьс шир) эзэлж, байгаагийн зэрэгцээ 400-аад мянган ширхэг адууны шир түүхийгээр экспортлож байгаа нь эцсийн бүтээгдэхүүнд шингээх төгрөгийг алдаж байна.

Арьс ширний салбарын үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх төслийн тооцоог нарийвчилан хийж, хэрэгжүүлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тодорхой зүйл хийх шаардлагатай байна. Дээр дурьдсан салбарын  тулгамдсан асуудлуудын шийдэхэд ҮХААЯ-ны зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авах болно” гээд зөвлөгөөнд оролцогчдод  ажлын амжилт хүсч, хамтран ажиллахыг уриаллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан