Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжив

Төсвийг танахдаа урсгал болон хөрөнгийн зардлыг тус бүр 800 орчим тэрбум төгрөг, гадаад зээлийн ашиглалтыг 700 тэрбум төгрөгөөр бууруулаад байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжив. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88 гишүүний 72 буюу 81.8 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үүнээс өмнө Засгийн газраас 2025 оны төсвийн төсөл болон холбогдох хууль тогтоомжийг УИХ-д дахин өргөн барьсан юм. Ингэхдээ өмнөх батлагдсан төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу төсвийн төслийг алдагдалгүй байхаар боловсруулж шинээр өргөн барилаа. 

Өмнө нь 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан төсвийн зарлагыг энэ удаа 2.3 их наяд төгрөгөөр бууруулжээ. Мөн орлогыг 394.7 тэрбум төгрөгөөр багасгасан байна. Ингэснээр 2025 оны төсвийн орлого, тусламж болон зарлага, цэвэр зээлийн хэмжээ тус тус 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35.2 хувьтай тэнцэж байна.

Төсвийг танахдаа урсгал болон хөрөнгийн зардлыг тус бүр 800 орчим тэрбум төгрөг, гадаад зээлийн ашиглалтыг 700 тэрбум төгрөгөөр, төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувиар бууруулсан аж.

Мөн хэрэгжиж эхлээгүй, гэрээ байгуулаагүй байгаа зарим  төсөл, арга хэмжээг зогсоох, хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. Харин өмнөх оноос шилжих төслүүдийг хэвийн үргэлжлүүлнэ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сан, хүүгийн төлбөр, Төрийн албан хаагчдын цалин, тэтгэмжийн хэмжээг хэвээр үлдээжээ. Түүнчлэн хавдрын эмнэлгийн их засвар болон хавдрын II эмнэлгийн барилгын дэд бүтцийн ажлыг эхлүүлэх 7.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн төсөлд нэмж тусгасан байна.

Үүнээс гадна УИХ Засгийн газрын шинээр өргөн мэдүүлэх төсвийн төслийг хэлэлцэх дэгийг баталлаа. Төсвийн эхний хэлэлцүүлгийг энэ долоо хоногт эхэлж, 12 дугаар сарын 12-ны дотор батлах шаардлага байгааг УИХ тодотгож байсан юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан