Санхүүгийн зохицуулах хорооны дэд захирал Б.Даажамбаас үнэт цаасны зах зээл болон компанийн засаглалын өнөөгийн байдлын талаар тодрууллаа.
-Манай санхүүгийн зах зээл өнөөдөр ямар байдалтай байна вэ?
-Өнгөрсөн жил хөрөнгийн биржийн нийт арилжаа 2.5 дахин нэмэгдсэн. Энэ оны наймдугаар сарын байдлаар 400 гаруй тэрбум төгрөгт хүрлээ. Иймд үнэт цаасны арилжаа идвэхжиж эхэлснийг илтгэж байгаа юм. Манай компаниуд үнэт цаасны зах зээл дээр идэвхитэй байна. Энэ нь ч зөв. Манай хорооны гол үүрэг бол үнэхээр бодитой төсөл танилцуулхад хөрөнгө оруулагчид түүнд айх зовох зүйлгүйгээр мөнгөө хийхэд бид баталгаа болж байх ёстой.
-Уул уурхайн салбар хөрөнгө оруулалт хамгийн их татах болсон. Өнөөдөр шинээр хувьцаа гаргаж буй уул уурхайн компаниуд байна уу?
-Он гарснаас хойш шинээр үнэт цаас гаргах гэсэн өргөдөл олон ирсэн. Гэвч хянаж үзээд заримыг нь буцаасан. Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаас гаргахыг зөвшөөрсөн л бол бүх зүйл нь хууль дүрмийн дагуу явж гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв зөвшөөрөөгүй бол хөрөнгө оруулагчдын эрх ашиг ямар нэг байдлаар зөрчигдөж болзошгүй асуудалтай болохоор хойш нь тавиад байгаа юм. Шинээр үнэт цаас гаргаж буй хэд хэдэн компани бий. Жишээ нь “И ложистик транс” компани шинээр үнэт цаас гаргаж Замын-Үүдийн дамжин өнгөрүүлэх хэсгийг өргөжүүлэх болсон. Одоо үйл ажиллагаа нь амжилттай явж байгаа. Энэ боомт бол манай эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг газар. Мөн уул уурхайн компаниуд нэмэлт болон шинээр хувьцаа гаргах асуудал яригдаж байна. Тухайлбал “Шарын гол” компани бий. Энэ нүүрсний ордыг төр урьд нь ашиглаж байгаад горимын алдаа гаргаад хаягдсан. Уг уурхайг гадаадынхан авч хөрөнгө оруулж дахин хайгуул судалгаа хийж нөөцийг нь шинэчлэн тогтоосон юм. Хэрэв би андуураагүй бол нүүрсний нөөц нь 400 гаруй сая тонн болсон. Тэгээд нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт татаад үйл ажиллагаа нь жигдэрээд явж байна. Уурхайн тоног төхөөрөмжөө ч шинэчилсэн. Мөн төмрийн ордтой “Бэрэн майнинг”, нүүрсний ордтой “Шивээ-Овоо” компани хувьцаа шинээр гаргах гэж байгаа. Бас “Бэрх уул” компани хувьцаа гаргана. Тус уурхайн үйл ажиллагаатай бид саяхан танилцаад ирсэн. “Бэрх уул” компани нэмэлт хөрөнгө оруулалт, хайгуул хийгээд нөөцөө шинэчлэн тогтоосон. Тэгээд дотоодын хөрөнгийн бирж дээр үнэт цаас гаргаж хөрөнгө оруулалт босгох хүсэлт гаргаад байгаа юм.
-Сүүлийн жилүүдэд компанийн засаглал гэж их ярих боллоо. Ер нь манай компаниудад хэр нэвтэрч байгаа юм бол?
-Өнөөдөр судалгаанаас үзэхэд Монголын үндэсний компаниудад компанийн засаглал нэвтрээгүй байгаа юм. Энэ нь олон шалтгаантай. Тухайлбал төр засгаас тодорхой арга хэмжээ авч байгаа ч эрх зүйн зохицуулалт дулимаг хэвээр байна. Өнгөрсөн онд батлагдсан Компанийн тухай хуулийн гол цөм нь компанийн засаглалын зарчим л даа. Үүнээс гадна Засгийн газар “Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” гаргасан. Уг хөтөлбөрийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ. Тэгээд олон улсын болон төрийн бус байгууллага, эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байгаа юм. Манай компаниуд их өндөр төвлөрөлтэй юм. Нэг ёсондоо цөөн тооны хувьцаа эзэмшигчтэй гэр бүлийн компани байдаг. Үүнээс гадна татвар, гааль, Санхүүгийн зохицуулах хороо, банкинд өгч буй мэдээллээ ямар нэг байдлаар нууцлах, өөрчилж гаргаж өгөх асуудал гардаг л даа. Энэ бүхний цаана тухайн компанийн үйл ажиллагаа улам л хаалттай болж жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зайлшгүй хөндөгдөж байдаг юм. Тэгэхээр компанийн засаглал нэвтрүүлснээр тухайн компанийн үйл ажиллагаа жигдэрч зах зээлийн өрсөлдөөнд хөлөө олно. Нөгөө талд нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг бүрэн дүүрэн хангагдадаг.
-Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд яагаад манай зах зээл, үндэсний компаниудын байр суурийг эзлээд байна вэ?
-Өнөөдөр даатгал, банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаасны зэрэг зах зээл дээр гадаадын хөрөнгө оруулалттай компани манайхнаас илүү үр дүнтэй, өргөн цар хүрээтэй ажиллаж чаддаг. Энэ нь компанийн засаглалтай л холбоотой. Яагаад гэвэл тэд илүү нээлттэй, хөрөнгө оруулагчдадаа үнэн зөв мэдээлэл түгээх нь сайн байдаг. Гэтэл манай компаниуд энэ талаар хойрго ханддаг л даа. Энэ нь яваандаа манайх шиг жижиг эдийн засагтай улсын хувьд тухайн компани зөвхөн өөрийн эрх ашгийг дараад байгаа бус магадгүй бүхэл бүтэн эдийн засгийн нэг салбарыг хойш татаад байж мэдэх юм. Үүнийг л манай компаниуд ойлгож компанийн засаглал нэвтрүүлж хөгжиж дэвжих ёстой. Одоо Үнэт цаасны тухай шинэ хууль гарахаар бүр нарийн тодорхой болно.
-Компаниуд хувьцаа гаргах болохоор Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо гээд хүнд сурталтай газруудтай тулдаг гэсэн шүүмжлэл бий. Үүнтэй та санал нийлэх үү?
-Санхүүгийн зохицуулах хороо энэ зах зээлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж ирсэн. Цаашдаа ч хэвээр байна. Хөрөнгө, санхүүгийн зах зээлийн хөгжлийг хойш нь татах эрх бидэнд байхгүй. Хэрэв тэгэх юм бол хуулийн хариуцлага хүлээнэ шүү дээ. Манай компаниуд олон улсын жишгээр нээлттэй хувьцаат компани болох нь зүйтэй юм гэдгийг ойлгосон. Гэвч яаж тийм болох вэ гэдгийг нь ойлгоогүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тодорхой нөхцөл шаардлага хангасан компанид хөрөнгө оруулагчид мөнгө өгнө. Түүнээс биш хаалттай, эзэмшигч нь тодорхойгүй, ямар төсөлд босгосон мөнгөө зарцуулах нь бүрхэг шаардлага хангахгүй зүйлд иргэдийн хөрөнгийг оруулж болохгүй.
-Тэгээд яаж нээлттэй компани болохыг хэрхэн ойлгуулах юм бол?
-Хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаат компаниудад компанийн засаглал нэвтрүүлэх шаардлага тавина. Төрийн өмчит компаниудад Төрийн өмчийн хороогоор дамжуулж уг ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Нөгөө талаар сургалт, мэдээлэл хийх, сурталчилах ажил шат дараатай зохионо. Ер нь ганц Санхүүгийн зохицуулах хороо орилоод үүнийг хийнэ гэж байхгүй. Иймээс бүх оролцогч нэгдэж сэтгэл, ажил нийлж байж компанийн засаглалыг нэвтрүүлэх ёстой юм.