1947-1990 онд Монгол Улс ЗСБНХУ-аас 11.4 тэрбум ам.долларын зээл авчээ.
1947-1949 он. Морин өртөө, тэмээн жингээр хойд, урд хөрш рүүгээ гарч байсан хүмүүс чийчаан гэх зүйлийг мэдэрч эхэлсэн үе. Орос эмч, орос чийчаан гээд л монголчууд гадаад ертөнцтэй танилцах алхмуудаа хийсээр байлаа. Гэтэл Зөвлөлтийн ах нар Наушки-Улаанбаатарыг холбосон илчит тэрэгний зам тавьж өглөө. Орос руу түүхий эд тээвэрлэх, гаргах, өөрсдөө сургуульд явах боломж нээгдэв. Ийн өрнө зүг рүү бидний хараа нээгдэж эхэллээ. Гэрэл цахилгааныг лаа, дэнлүү төдийгөөр төсөөлж байсан бол 1952-1957 онд цахилгаан станц, сүүний комбинат, талхны заводтой болов.
1958 он Атар газрыг эзэмших их хөдөлгөөн өрнөлөө. Улаанбаатар, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл, Дорнод, Увс аймагт механикжсан гурилын үйлдвэр, 3000 автомашин, 2500 трактор, 350 комбайн Зөвлөлтийн ах нар өгч, өөрсдөө мэргэжилтнээ илгээн атар газрын амтыг монголчуудад мэдрүүлэв.
1975-1980 он. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, III цахилгаан станц, 700 мянга гаруй ам метр орон сууц. Хананаасаа халуун ус авч, Европжсон Монгол Улс бий боллоо. Ахиад л Зөвлөлтийн “ах нар” энэ бүхний тэргүүн эгнээнд байлаа.
Буцалтгүй тусламж мэт гараа сунган бидний зөвхөн Зөвлөлтөөс хүртэж байсан энэ бүхэн 1990 онд өр болон нэхэгдлээ.
11.4 тэрбум ам.доллар. Хэзээ ч хараагүй хэн ч сонсоогүй их өр.
1970-1980 онд БНМАУ-ыг “толгойлогч” Ю.Цэдэнбалд ЗСБНХУ-ын төр засгаас та бүхэн өртэй шүү хэмээн дуулгаж байсан ч ийм их хэмжээний гэж хэлээгүй нь лавтай. 2002 онд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Касьянов их өрөө төл хэмээн албан ёсоор нэхлээ. 11.4 тэрбум. 2002 оны байдлаар тооцож үзвэл ДНБ-ийг 10 дахин, жилийн төсвийн орлогын хэмжээг 20 дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний өр. Бид яаж 20 жилийн орлогоо хураалгах билээ. Юугаараа хоёр сая дөхсөн хүн ардаа тэжээх билээ. Өгч чадахгүй гэж хэлээгүй ч луу унжсаар. Зөвхөн зээлийн хүүгээ төлөх хэмжээний 150 сая ам.долларыг л бид олж чадахгүй зүдэрч буйгаа хэлсэн ч…
За тэгээд Монгол Улс хар дансанд бүртгүүлэв. Найдваргүй зээлдэгч. 43 жил хуримтлагдсан өрөө хөршдөө төлж чадахгүй байгаа Монгол Улс гуравдагчаас яаж мөнгө зээлээд хэрхэн төлөх билээ. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын Санхүүгийн корпорац зэрэг газарт “Найдваргүй зээлдэгч” гэсэн хар тамгатай Монгол Улс бүртгүүлэв.
Зээл авъя болохгүй, тусламж хүсье ээ бүтээн байгуулалтад чиглэхгүй, нэг тийм улс дэлхийд буй болов оо. Малаа тэжээж, махаа идээд, арьсаар нь дээл хувцсаа хийж өмсөөд л амьдраад байлаа. Атар газраа мартаж, эргээд 1900 он руугаа дөхсөн хөдсөн дээлтэй монголчуудыг барууныхан үзмэр болгодог болжээ. Ийм нэгэн хувилбар танд төсөөлөгдөж ер нь байсан уу.
Гэхдээ энэ бол инээдтэй төсөөлөл нэг талаар биш юм. Ц.Шинэбаяр УИХ-ын сонгуулийн өмнөхөн Монгол Улс 9.6 тэрбум ам.долларын өртэй хэмээн мэдэгдэж байсан. Үүнийг нь хэн ч няцаагаагүй.
Тэгвэл иргэд нь иймэрхүү байдалд орчихсон байгааг Төв банк маань мэдэх болов уу. Төв банкны мэдээллийн санд найдваргүй эрсдэлтэй зээлдэгч гэсэн хар тамгатайгаар хэчнээн хүн бүртгэлтэй байдаг бол…
Зах зээлд шилжсэн тэр л үеэс буюу одоогоос хориод жилийн өмнөөс монголчууд зээл тавьж, гэрээ тохижуулж, бизнесээ өргөжүүлж, машин авч болдог юм байна гэдгийг мэдэрсэн. Санхүүгийн боловсрол “дэндүү сайн” дээрээс нь банкуудын шалгуур төдийлэн өндөр байгаагүй учраас цөөнгүй монголчууд “найдваргүй зээлдэгч” гэсэн хар дансанд бүртгүүлсэн нь нууц биш. 2000 он гарчихаад байхад л монголчуудын санхүүгийн боловсрол өнөөгийн төвшинд хүрээгүй байсан билээ. Хадгаламж зээлийн хоршоодын шил дарсан дампуурал, “Анод”, “Зоос” банк гээд л саяхныг хүртэл монголчууд банк, санхүүгийн системийн учир утгад нэвтрээгүй л байлаа.
Харин өнөөдөр. Банкны систем тогтворжсон, иргэдийн санхүүгийн болон зээлийн боловсрол дээшилсэн гээд л давуу тал өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Гэвч “Найдваргүй зээлдэгч” гэсэн хар данстангууд насныхаа дагуул болсон тамгаа арилгаж чадахгүй л байх шиг. Саяхны нэг өдөр миний танил Засгийн газрын “100 мянган орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, жилийн зургаан хувийн хүүтэй зээл авч орон сууцанд орох юм болоод баахан бичиг баримт цуглуулж яваатай таарав. Мань хүн хөөцөлдөж гүйсээр банкин дээрээ байдаг бичиг баримтаа аваад очвол “Та найдваргүй зээлдэгч” гэсэн бүртгэлд байна. Танд зээл олгохоос татгалзлаа” гэсэн хариу сонсчээ. Ойрд зээл аваагүй юу билээ гэж бодсоор... Гэтэл 2004 онд нэг компьютер зээлээр авч, дөнгөж эхэлж байсан ажилдаа ороогдсоор дөрвөн сарын дараа зээлээ өгсөн учраас ийн хар дансанд бүртгүүлсэн юм байж. Мөнгөө төлснөө хэлээд зээл авсан банкиндаа хандвал Төв банкнаасаа асуу гэсэн юм байх…Төв банкны хувьд мэдээллийн санг шинэчилж хасах асуудал байхгүй. Зээл хүссэн банкиндаа зээлийн түүхээ сайн бичиж, найдваргүй гэсэн мэдээлэлд бүртгүүлсэн тухайгаа илэн далангүй бичиж, зээлийн эдийн засагчтайгаа сайн ярилц гэсэн зөвлөгөө аваад л гарчээ.
“Найдваргүй зээлдэгч” гэсэн хар тамга насан туршдаа духан дээрээ даруулсан мань хүн ингээд зээлээр байр авах мөрөөдөл нь талаар өнгөрөв.
Гэвч энэ бол засч болох л гажуудал мэт санагдаад байгаа юм даа. Банк барьцаанаасаа илүү зээл өгнө гэж ер нь үгүй. Тэгэхээр тухайн хүн банкны хувьд өр төлбөрөө ямар нэгэн байдлаар барагдуулж л таарна. Барагдуулсан тохиолдолд банк “найдваргүй” гэсэн тамга дармааргүй санагдах юм. Эсвэл иргэн өөрөө хүсвэл санхүүгийн байдлаа тайлагнаад Төв банкны мэдээллийн сангаас “найдваргүй зээлдэгч” гэсэн хар дансаа хасуулж болох тийм тогтолцоотой болмоор санагдах юм. Иргэнээ бодвол ямар ч хувилбарыг, яаж ч гаргаж ирж болно.
Найдваргүй, муу ангилалд оруулахгүйн тулд арилжааны банкны зүгээс бүх л арга хэмжээг авдаг
Энэ талаар Хадгаламж банкны 11 дүгээр хороолол тооцооны төвийн захирал Ч.Анхбаяраас лавлалаа.
-Зээлдэгч зээлээ хэдий хугацаанд төлөөгүй бол Монголбанкны мэдээллийн санд “Найдваргүй зээлдэгч” гэж бүртгэдэг юм бэ?
-Монголбанкнаас гаргасан Актив ангилах журам гэж бий. Тэр журмыг бүх арилжааны банк дагаж мөрдөх ёстой. Энэхүү журмаар бол зээлийг хэвийн, хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй, муу гэсэн таван ангилал байдаг. Хэвийн гэдэг бол мэдээж хуваарийн дагуу тогтвортой төлж байгаа зээл дээр яригддаг. Хэвийн бус гэхээр 1-90 хоног хүртэл хугацаа хэтэрсэн зээл. Ингээд 90-180 хүртэл дараагийнх нь ангилал гэх мэтээр явна. 365 хоногоос дээш хугацаанд төлөөгүй бол муу ангилалд ордог.
-Муу ангилалд орж насан туршдаа хар тамга даруулахгүйн тулд зээл авсан арилжааны банктайгаа тохиролцож болохгүй юу?
-Арилжааны банкууд гаргасан зээлийн мэдээллээ Монгол банкинд тайлагнадаг. Та зээлдэгч болж, зээлийн хувийн хэрэг үүссэн л бол таны мэдээлэл автоматаар тухайн банкны төв салбарт очиж, тэндээс сар бүр Монголбанкинд шилждэг. Банкууд актив ангилах журмын дагуу мэдээлэл ангилж, явуулдаг учраас эхлээд заавал өөрийнхөө банкинд бүртгэнэ. Эхлээд банк эрсдэлээ тодорхойлж, Монголбанкинд хүргүүлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дотоод эх үүсвэрээ хэр найдвартай байршуулж байна вэ гэдгээ тодорхойлж байгаа юм. Тэгэхээр мэдээж муу зээлдэгч олон байх тусам тухайн банкны үзүүлэлт буурдаг. Тиймээс зээлдэгчийг найдваргүй гэсэн ангилалд оруулахгүйн тулд арилжааны банкны зүгээс бүхий л арга хэмжээг авдаг. Зээлийн нөхцөлийг өөрчлөх, хүүг нь бууруулах гэх мэтээр тухайн хүнээс шалтгаалаагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд банк бүх боломжит арга хэмжээг авдаг.
-Хэрвээ банкийг хохиролгүй болгосон ч Монголбанкинд найдваргүй зээлдэгчээр бүртгүүлчихсэн бол яах вэ?
-Монголбанкны мэдээллийн санд муугаар бүртгэгдэж байна аа гэдэг тухайн хүний санхүүгийн хариуцлагыг тодорхойлж байгаа юм. Бүх арилжааны банк зээл олгохоос өмнө заавал Монголбанкнаас лавлагаа авдаг. Хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд байгаа тохиолдолд арилжааны банкууд зээл олгодог. Тэрнээс доош тохиолдолд үнэхээр хэцүү л дээ. Түүнээс өөрийнхөө мэдээллээ Монголбанкнаас устгуулна гэж үгүй.
-Хэрвээ зээлдэгч 10 жилийн өмнө найдваргүй зээлдэгч гэсэн тамгатай болчихсон. Өнөөдөр харьцангуй санхүүгийн чадвар нь дээшилсэн, зээл төлөх боломжтой бол яах вэ?
-Түүхээ сайн бичээд тэгээд зээл төлөх боломж санхүүгийн байдлаа эергээр нотолж чадвал тухайн зээл хүсч байгаа банк чинь хурлаар оруулаад нааштайгаар шийдэж болно л доо. Ер нь нийтийг хамарсан санхүүгийн хямралд ч гэх юм уу, өөрөөс шалтгаалаагүй тохиолдолд зээлээ төлж яадаагүй гэж зээлийн түүхээ бичээд нотолж чадвал эрсдэл хариуцсан мэргэжилтнүүд түүхийг нь судалж үзээд Монголбанк руу хандаж болох юм.