Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ОЮУНГЭРЭЛ: ГЭРЭЭГЭЭ ХОЦРООСОН БАЙГУУЛЛАГА БАЙХГҮЙ

Зам барилгын компаниудад хяналт хэрхэн тавьж байгаа талаар Нийслэлийн Авто замын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Оюунгэрэлээс тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд зам засварын ажил  аравдугаар сарын 15-н гэхэд дуусна гэж байсан. Энэ хугацаандаа амжих уу?
-Манай газраас энэ жил хийхээр төлөвлөсөн зам барилгын ажил 80 га­руй хувьтай явж байна. Гэхдээ зарим иргэд зорчих хэсгээ зассан л бол замын ажил дууслаа гэж хардаг. Гэрээгээрээ гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний замаа зассаны  дараа л  ажил дууссан гэж үзнэ. Харин нийт зорчих хэсгийг  аравдугаар сарын 20-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөөд байна. Энэ жилдээ ажлаа дуусгах  гэрээтэй компаниуд  явган хүний зам, гэрэлтүүлэг тохижилтоо  бүрэн дуусгана. Харин он дамжих замууд ирэх жил хийх юм.

-Өнөөдрийн байдлаар хаа­на  аль зам хаалттай бай­на вэ?
-Одоогоор зургаан зам нэг гүүр хаасан байгаа. Тухайлбал,  Жуковын хөшөөнөөс буцаж эргэдэг уулзвараас Кино үйлдвэрийн урд талын буцаж эргэдэг уулзвар хүртэл 480 метр авто замын урд талын урсгалыг  хаасан. Үүнийг аравдугаар сарын 11-ний өглөө нээх  хуваарьтай.  Мөн  Офицеруудын ордон хүртэлх 2.3 километр замыг  удахгүй хүлээлгэн өгнө. Ирэх жил  энэ замын 2.2 километрийг  засч  өгөх гэрээтэй.  Мөн Хасбаатарын гудамж буюу бичил хороол­лын 2.2 километр авто зам, Эх нялхасын уулзвараас “Өргөө” кино театрын уулзвар хүртэлх  замыг хаасан. Үүнийг аравдугаар сарын 10-ны өглөө нээсэн байх ёстой. Дээр нь Баянхошуу  чиглэлийн 3.2 километр авто зам бий.

-Тэгвэл ойрын хугацаанд нээх замуудын тухайд?
-Маргааш өглөө Саппорогийн аюулгүйн тойргоос 600 метр хаасан замын хойд талын урсгалыг   нээнэ. Үүгээр Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсэг буюу Саппорогийн аюулгүйн тойргоос Таван шарын уулзвар хүртэлх 3.2 километр замын зорчих хэсгийн шинэчлэлтийн ажил дуусч  байгаа. Харин  ирэх оны есдүгээр сарын 1-н гэхэд гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламжтай  нь иж бүрнээр нь хүлээлгэн өгөх юм. Мөн Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон,  Чулуун овоо хүртэлх тойрог, Амгалангийн  тролей­бусны эцэс хүрдэг 4.5 километр авто замын өргөтгөлийн ажлыг он дамжин гүйцэтгэнэ.  Энд Зүүн дөрвөн замын уулзвараас эхлээд зорчих хэсгийг хэсэгчлэн хааж засч  байна.

-Жолооч нар Сэлбийн гүүр, Тунелийн зам барилгын ажил яагаа ч үгүй байна. Хэзээ нээгдэх бол гэсэн хүлээлт байгаа?
 -Сэлбийн гүүр,  Сансрын тунелийн нүхэн гарцыг  энэ сарын 10-нд /өнөөдөр/ нээх ёстой. Сансрын тунелийг  энэ сарын  30-нд барьж дуусгаад авто замыг нь нээнэ. Тэгээд  нүхэн гарцныхаа тохи­жилтыг  хийнэ. Энэ ажлыг “Хо­тын зам” ХХК гүйцэтгэж байна.

-Зам барилгын компа­ниуд хэдийгээр тэдэн сарын тэдний өдөр тэр замыг нээнэ гэдэг ч хугацаандаа замыхаа ажлыг дуусгадаггүй шүү дээ. Энэ дээр танайхаас ямар хариуцлага тооцдог юм бэ?
-Одоогоор гэрээгээ хоцроосон байгууллага байхгүй. Он дамжсан гэрээтэй томоохон замууд бий.  Тухайлбал, Яармаг чиглэлийн зам, Богд уулын араар Баянзүрхийн гүүр хүрэх зам, Зүүн дөрвөн замын уулзварт давхар зам барих ажлууд.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан