Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд төрд дуу хоолойгоо хүргэлээ

Төрийн байгууллагын хүнд суртал хэрээс хэтэрлээ гэж тэтгэврийн хөгшиний халаглах энүүхэнд. Тэгвэл жижиг дунд бизнес эрхэлж, төрд татвар төлөгчдөд төрийн байгууллагын хүнд суртал бүр ч хүндээр тусдаг гэнэ. Нэг үйлдвэр байгуулах, барилга барих гэхээр өчнөөн олон “хурган дарга” нарын гарын үсэг цуглуулах нь бараг л хагас жилийн ажил болдог гэж бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэлж байна. Мөн бизнес эрхлэдэг эмэгтэйчүүд хэдийгээр олон байгаа ч төдийлэн том бизнес эрхлэх нь ховор байдаг аж. Тиймээс бизнес эрхлэдэг эмэгтэйчүүдээ дэмжих, тэднийг бизнес эрхлэхэд нь таатай зөөлөн хөрс бий болгох зорилгоор УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл бизнес эрхлэдэг эмэгтэй гишүүдтэй уулзлаа. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Би бизнес эрхлэж байгаа хүмүүсийн зовлонг мэднэ. Тэр дундаа эмэгтэйчүүдийнхээ зовлонг бүр сайн ойлгож байна. Яагаад гэвэл би энэ хүмүүсийн л дундаас “төрсөн”. Эмэгтэй хүн бизнес эрхлэхэд үнэхээр хүнд байдаг. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 22 жилийн хугацаанд Монголын төр засгаас бизнес эрхлэгчдэд ямар ч тусламж үзүүлээгүй. Харин ч гай болж байсан гээд хэлчихэд үнэнтэй хол зөрөхгүй. Үйлдвэр барих гэхээр газар шийдэж өгдөггүй. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлье гэхээр явуулдаггүй. Тэгвэл үүнийг дэмжиж, ургуулах зөөлөн хөрс бий болгохын тулд УИХ дахь эмэгтэй гишүүд санаачлагатай ажиллах болно гэсэн юм. Шинэчлэлийн Засгийн газар бусад орны 10-15 жилийн турш туулж ирсэн бүхнийг дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж байгаа. Тэгэхээр үүнд бизнесийн салбар дахь хүндрэл ч арилна гэдэгт найдаж байна. Эмэгтэйчүүд баялгийн тэгш бус хувиарлалтаас гадуур байна. Уул уурхай, барилгын салбарт ихэвчлэн эрчүүд байдаг бол эмэгтэйчүүд жижиг дунд үйлдвэрлэлд л байгаа. Тиймээс эмэгтэйчүүд маань зоригтой байх ёстой. Ямар нэгэн асуудлаа шийдэж чаддаг байхын тулд лобби бүлэглэл байгуулах ёстой” гэсэн юм.
Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд бүртгэлтэй 3000 гаруй компани байдаг аж. Үүнээс 300 орчмыг нь эмэгтэйчүүд удирддаг юм байна. Өнөөдрийн уулзалтад ирсэн эмэгтэйчүүд зовлон, жаргалаа хуваалцахаасаа илүүтэй бизнесийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдээ хэрхэн дэмжих вэ, өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдэх талаар арга зам хайж, бодлогын шинж чанартай зүйлүүдийг шийдүүлэхийг хичээж байгаа гэнэ.
Уулзалтад оролцсон “Хатан сүлжээ” компанийн захирал Бадамханд “Бизнес эрхлэхэд маш их хүндрэл байдаг. Бизнесийг том, жижиг дунд, бичил гэж гурав хуваадаг. Том бизнесийн цаана мэдээж нууц ноёнтон, гадаадын хөрөнгө оруулагч бий. Харин жижиг дунд үйлдвэрлэлийг нуруундаа үүрч яваа бидний хувьд төрөөс ирэх дарамт маш их байдаг. Тухайлбал, татварын дарамт, эргэлтийн хөрөнгө, ажлын байр, хүний нөөц гээд тулгамдаж буй асуудал олон. Үүнээс хамгийн анхаарал хандуулах зүйл нь хүний нөөцийн асуудал. Хувийн аж ахуйн нэгжүүд хүнээ тогтоож чадахаа байсан. Яагаад гэвэл тухайн жилийнхээ санхүүгийн тооцоо хийгээд байж байтал төрөөс төрийн албан хаагчдийн цалинг нэмдэг. Үүнээс болоод ажилчид цалин, цавуугаа голоод ажлаасаа гарах нь бий. Тиймээс олон ажил сольж явдаг хүмүүсийг таньж мэдэх цахим карт эсвэл хөдөлмөрийн дэвтэртэй болгомоор байна. Түүнээс гадна үйлдвэрийн бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхийн тулд ажлын өдрийг зургаа болгож, Хөдөлмөрийн хууль өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэсэн саналыг тавьж байсан. Бусад бизнес эрхлэгчдийн хувьд ч мөн адил ийм санал гаргаж байв. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн гаргасан эл саналыг УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл болох Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа нар ажил хэрэг болгох талаар нь анхаарна гэдгээ хэлсэн юм.  

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан