Япон Улсын Аичи муж болон Нагоя хотноо 2026 оны есдүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд Азийн зуны спортын XX дугаар наадам зохиогдоно.
"Аичи-Нагоя 2026" Азийн наадамд ажиллах сайн дурын ажилтны бүртгэл эхэлснийг Зохион байгуулах хорооноос мэдээлэв.
Бүртгэл 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрүүдэд 3 сарын турш үргэлжлэх бөгөөд оролцогч 2026 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх шаардлагатай.
Сайн дурын ажилтнууд Азийн наадам өрнөх хугацаанд тэмцээн зохиогдох газрууд, медиа төв зэрэг байршилд 10 хоногийн турш өдөрт 8 цаг ажиллаж олимпизмын их үйлсэд хувь нэмрээ оруулах юм.
Азийн наадамд сайн дурын ажилтнаар оролцсоноор олон талт сургалт, хөтөлбөрт хамрагдаж өөрийгөө нээн хөгжүүлэх боломжтой гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.