Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулж болно. Энэ нь хөрөнгө оруулагчдыг дэмжсэн л байх хэрэгтэй

А.ГЭРЭЛТ

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн  төслийг УИХ-д өргөн мэдүүлж яаралтай хэлэлцүүлэхээр болсон.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улс, Франц улстай хамтран анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа уран олборлон, экспортлох Зөөвч-Овоо төслийн талаар Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай Бүсчилсэн хөгжлийн чуулганы үеэр ярилцсанаа хүргэе. 

-Монгол Улс Франц улстай хамтран хэрэгжүүлэх гэж байгаа Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр явагдаж буй. Төслийн ач холбогдлыг та мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Энэ бол зөвхөн Францын төсөл биш, Франц-Монголын хамтарсан төсөл. Цаашлаад Ази-Европын хамтарсан, дэлхийн төсөл. Хамгийн жижгээр ярихад л энэ төсөл говийн бүс рүү дэлхийн хөрөнгө оруулалт чиглэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөгжихөд өндөр хувь нэмэр оруулна.

Нөгөө талаараа Франц улстай хамтарна гэдэг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улстай хамтрах тухай асуудал юм. Ингэснээр Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, тусгаар тогтнолоо дипломат яриа хэлэлцээний шугамаар хамгаалахад хөшүүрэг болох юм.

Францын хөрөнгө оруулалт орж ирснээр Европын, цаашлаад дэлхийн хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэнэ. Үүнээс гадна Монгол Улс өөрийн гэсэн ураны уурхайтай болсноор атомын цахилгаан станцтай болоход нэг алхам ойртож, эрчим хүчний хараат байдлаас гарах зам нээгдэх гээд энэ төслийн ард маш олон талын ач холбогдол оршиж байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр амжилттай болж, төсөл удахгүй хэрэгжиж эхлэх эерэг хүлээлттэй байна.

-Цацраг идэвхт ашигт малтмал гэдгээрээ уран олборлох энэ төслийн талаар иргэдэд үнэн зөв, шинжлэх ухаанч мэдээлэл өгөх хэрэгцээ шаардлага байсаар байгаа. Нийгмийн хэвшмэл ойлголт гэхдээ харьцангуй өөрчлөгдөж байна, тийм үү?

-Хүхрийн хүчилтэй ус газрын гүн рүү шахаж бохирдуулаад байна гэдэг мессежийг иргэдэд өгөөд байгаа юм. Гэтэл хүн төрөлхтөн, дэлхий үүсэхэд л Монголд уран байсан. Ухахаар л болохоо байчихдаг зүйл биш. Ухсан ч, ухаагүй ч урантай газар цацраг байж л байгаа. Үүнийг бид хормойлж авчраад тарьчихаагүй.

Химийн хувьд ч хоруу чанартай, цацрагийн хувьд ч хоруу чанартай ийм зүйл. Тэр орчинд ус ч хийсэн, сүү ч хийсэн, сулруулсан хүхрийн хүчилтэй уусмал хийсэн ялгаагүй л техникийн орчин болно. Газрын гүнд байгаа тэр ураныг уусгаж гаргаж авах гээд байгаагаас биш нэмээд хордуулж, бохирдуулах гээд байгаа юм биш. Бурхны авралаар өвөг дээдэс бидэнд далай шиг сайхан газар үлдээсэн. Тэр түүхий эдээ ашиглаад Араб, Казахстан шиг эрчимтэй шинэ хөгжлийн шатанд очих, Хятад шиг өрсөлдөх чадвартай болох гээд байгаа хэрэг.

Тиймээс иргэд шинжлэх ухаанч ойлголтыг авмаар байгаа юм. Манай улстай 30 жилийн өмнө яг ижил гараанаас гарсан Казахстан улс л гэхэд өнөөдөр ураны дэлхийн тэргүүлэгч том экспортлогч болчихлоо. Дөнгөж саяхан явуулсан ард нийтийн санал асуулгаар иргэдийнх нь 71 хувь нь цөмийн цахилгаан станцтай болохыг дэмжлээ. Яагаад гэвэл атомын цахилгаан станц бол эрчим хүчний ногоон эх үүсвэр бөгөөд энэ станцын тусламжтайгаар утаа, хүлэмжийн хийн ялгарлаас сална гэдгийг иргэд нь ойлгож байгаа хэрэг. Тиймээс мэргэжлийн хүний хувьд хэлэхэд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжих Зөөвч-Овоо төсөл физикийн талаасаа ямар ч асуудалгүй. Харин эдийн засаг талаасаа харилцан ашигтай байх зарчим л чухал юм.

-Харилцан ашигтай байх нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал. Ялангуяа, Монгол Улсын хэрэгжүүлэх гэж байгаа уран олборлох анхны төсөл учраас Цөмийн энергийн тухай хууль энэ төсөл урагшлах уу, гацах уу гэдэг индикатор гэж болох байх. Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхээр болсноо мэдээлсэн. Энэ өөрчлөлтийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хуульдаа ямар өөрчлөлт оруулж, яаж хэрэгжүүлэхээс энэ төслийг манай улс хэрэгжүүлэх сонирхолтой байна уу, үгүй юу гэдэг шууд харагдана. Монгол, Франц хоёр улсын өнгөрсөн онд хийсэн өндөр дээд түвшний айлчлалын хүрээнд манай хоёр тал протоколд гарын үсэг зурсан. Тиймээс бидний зүгээс төслийг урагшлуулах шаардлагатай.

Хуульд ямар ч өөрчлөлт оруулсан гэсэн хөрөнгө оруулагчдад таатай байх, төслийг дэмжих заалт л оруулах учиртай юм. Тийм ч учраас хөрөнгө оруулалтыг хяхан боогдуулсан заалт оруулахгүй байхыг парламентын гишүүдэд уриалмаар байна. Магадгүй хуулийн төслийг хэлэлцэхдээ парламент, намын бүлгүүд мэргэжлийн хүмүүсийг дуудаж ирж асуудаг байх хэрэгтэй болов уу. Ерөнхий сайд эрдэмтдэдээ тулгуурлаж энэ улсыг улс шиг хөгжүүлнэ гэж Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа танилцуулахдаа хэллээ. Үүнтэй адил ураны төсөл дээр эрдэмтдийн саналыг авч явах шаардлага парламентад зайлшгүй бий.

-Хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хөрөнгө оруулагчдад ямар байдлаар эргэлзээ төрүүлэх заалт орсон уу?

-Нэг заалтыг яах аргагүй анхаарах шаардлагатай байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг энэ хуулийн 34.6-д заасан журмын дагуу тооцож, төрийн дансанд байршуулна гэсэн заалт туссан байсан. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжээд 30-40 жилийн дараа дуусахад тэр үед нөхөн сэргээлт хийж, үйлдвэрийг хаах хөрөнгийг өнөөдөр бэлэн мөнгөөр нь төрийн санд байршуулах шаардлагыг төсөл хэрэгжүүлэгч талд хуулийн дагуу тавих гэж байгаа гэсэн санаа.

-Энэ заалт яагаад анхаарах шаардлагатай гэж та үзсэн тухайгаа тайлбарлахгүй юу?

-Бэлэн мөнгө төрийн тусгай санд байршуулах өөрчлөлтийг хийвэл дор хаяж 300 сая ам.долларыг байршуулах хэрэгтэй болно. Учир нь Зөөвч-Овоо ордын ТЭЗҮ-ээр нөхөн сэргээлтийн сан нь 300 гаруй сая доллароор тооцогдсон байгаа. Ийм хэмжээний бэлэн мөнгө байршуулах нэмэлт шаардлага нь уг төслийн хэрэгжих хугацааг дахиад хойшлуулах эрсдэлтэй.

Тодруулбал, төслийн өртөг мөн энэ хэмжээгээр өсөж, зээлийн санхүүжилт авах, нэмэлт санхүүгийн дарамтад төсөл орж, өртөг хэт өсөх, олборлосон түүхий эдийн үнэ нэмэгдэх, цаашлаад төсөл хэрэгжих боломжгүй болох зэрэг эрсдэлт нөхцөлийг үүсгэнэ.

Зөөвч-Овоо ордын хувьд Францын тал энэ хөрөнгийн баталгааг олон улсын нэртэй банкаар гаргуулж, тусгай дансанд байршуулах саналаа гаргасан байдаг. Энэ нь ордын санхүүжилтэд ачаалал багатай бөгөөд төслийн өртгийг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийг бүрдүүлэх арга л даа. Гэтэл манайх шууд энэ мөнгийг бэлнээр дансанд байршуулна гэхээр зохисгүй болчихож байгаа юм.

-Тэгэхээр 300 сая ам.долларыг манай улсын төрийн санд бэлнээр байршуулаад төсөлд 30-40 жилийн дараа хэрэгжиж дуусаад үйлдвэрийн хаалт, байгаль орчны нөхөн сэргээлт хийх ажлыг нь манай төр энэ мөнгөөр нь хийнэ гэж ойлгож болох уу?

-Хэрэв ийм заалтыг хуульчилбал тэгж таарах нь. 30-40 жилийн дараа уурхай хаагдах үед ашиглах зориулалттай нөхөн сэргээлтийн мөнгө хөрөнгийг төрийн сангийн дансанд байршуулах үүргийг хөрөнгө оруулагчдад хүлээлгэх нь Монголын төр засагт ч маш их дарамт болно. Учир нь тус сангийн урт удаан хугацааны менежмент хийх үүрэг хариуцлага төрд шилжиж байгаагаас ялгаагүй. Нөхөн сэргээлтийн хариуцлагыг олборлогчоос авч, төрд шилжүүлбэл олборлогч компани байгаль орчны асуудалд хайхрамжгүй хандах эрсдэлтэйг тооцох хэрэгтэй.

Бас нэг том эрсдэл бол 40 жилийн дараа энэ мөнгө байх уу, үгүй юу гэдэг асуудал. Өнөөдөр байршуулах 300 сая ам.долларын үнэ цэн 40 жилийн дараа 2.1 тэрбум доллар буюу ордын бүтээн байгуулалтын зардлаас ч давсан ийм хэмжээний хөрөнгөөр 40 жилийн хугацаанд төсвийн цоорхой нөхөөд явчихвал яах вэ. Ийм нөхцөл үүсвэл нөхөн сэргээлт хийгдэхгүй байх ч эрсдэлийг дагуулна.

Тиймээс төсөл хэрэгжүүлж байгаа талд хариуцлагыг үүрүүлэхийг хүсэж байвал олон улсын банкаар баталгаа гаргуулбал тухайн банк болон төсөл хэрэгжүүлэгч хоёр хариуцлагаа ерөөсөө үүрээд явах юм. 

-Олон улсад ийм практик байдаг уу. Уран олборлогч бусад улс ямар зарчмаар явдаг вэ?

-Ирээдүйн нөхөн сэргээлтийн зардлыг тухайн улсын төрийн сангийн дансанд байршуулдаг практик уран олборлодог өөр бусад улс оронд байдаггүй. Олон улсын жишигт байдаггүй ийм үүргийг шинээр бий болгох нь Монголд хөрөнгө оруулах уул уурхайн шинэ хөрөнгө оруулагчдыг, тэр дундаа үндэсний хөрөнгө оруулагчдыг манай улсаас нүүр бууруулахад хүргэж, үргээж болзошгүй. Дэлхий дээр зөвхөн Нигери улс л 2023 оны төрийн эргэлтийнхээ дараа ийм шаардлагыг манай гараг дээр анх удаа гаргаж тавьсан. Гэтэл дэлхийд байхгүй, уул уурхай бус улс төрийн өнгө аястай ийм утгагүй шаардлагыг Монгол хоёр дахь улс нь болж тавих нь энэ төслийг хэрэгжүүлэх сонирхолгүй байгаа гэсэн санааг хөрөнгө оруулагчдад төрүүлж мэднэ. Ийм жишгийг бий болгох хоёр дахь улс нь Монгол байж болохгүй л дээ. Харин олон улсад төсөл хэрэгжүүлэгч компани томоохон банкаар дамжуулан баталгаа гаргадаг бөгөөд гэрээнийхээ үүргийг хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлж чадахгүй бол банк нь хариуцлага хүлээдэг зарчим хэрэгждэг.

Цөмийн энергийн тухай хуульд ийм заалт шинээр нэмэх нь хөрөнгө оруулагчдын хувьд маш буруу хандлага.

-Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр амжилттай явж байгаа гэж ойлгосон. Ураны эрэлт нэмэгдэж, цөмийн эрчим хүчний зах зээл тэлж байгаа энэ үед хуулийн энэ мэт өөрчлөлт үйлчилбэл ямар хохирол учрах вэ?

-Ер нь ямар ч том төсөл хойшлох тусам үр өгөөж нь багасаж байдаг. Хуулийн төсөлд тусгаж байгаа шинэ заалт хэрэгжвэл Зөөвч-Овоо төслийн хэрэгжих хугацааг 2-3 жилээр хойшлуулна. Ураны зах зээл тогтмол өсөж байгаа энэ үед төслийг аль болох хурдан хэрэгжүүлэх нь манай улсад ашигтай.

-Тэгвэл манай улсын хувьд хамгийн оновчтой хувилбар нь нөхөн сэргээх зардлыг бэлнээр авах биш, банкны баталгаа гаргуулаад төслийг аль болох хурдан эхлүүлэх юм байна, тийм үү?

-Тийм ээ. Хэрэв ийм шаардлага ураны салбарт тавиад эхэлбэл бусад салбарт ч тавигдах эрсдэл зайлшгүй үүснэ. Ашигт малтмалын тухай хуульд тусган оруулах тохиолдолд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг ашигт малтмалын бүх төрлийн уурхайгаас хөөн зайлуулах процесс үүсэх магадлалтай.

Иймд банкны баталгаа эсвэл тусгай санд нь хуулийн дагуу гадаад аудиторуудын жил бүр хийх санхүүгийн аудитын хүрээнд аудит шалгалт хийдэг байх юм бол Монгол Улсын хувьд эрсдэлгүй болох болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 208 (7452)

 

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан