Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнгөрсөн жилийн зуднаар их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Ц.МЯГМАРБАЯР

ЮНЕСКО-гийн Монгол дахь үндэсний комисс “Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб” ТББ-тай хамтран өвөлжилтийн бэлтгэлээр нэгдсэн мэдээлэл өгөх “Өвөл, хаварт бэлэн үү” уулзалтыг зохион байгуулсан юм. Уулзалтад ХХААХҮЯ, ОБЕГ, ЦУОШГ зэрэг байгууллагын удирдлага, газрын дарга нар оролцож мал аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл, зохицуулалт, цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулав. Мөн Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хичээл,сургалтын үйл ажиллагаанд зудын үзүүлж буй нөлөөллийн судалгааны дүнг танилцуулсан бол НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНЕСКО боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа зудын хариу арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Зудтай үед хаагдсан зам, давааг нээх л чухал

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Зудын сургамж, өвлийн бэлтгэл” сэдвээр тавьсан илтгэлдээ “Өнгөрсөн өвөл бид 138 мянган  километр замыг туулж даваанд зам гаргасан. Ингэснээр хүүхдийн хичээл сургуульдаа очих, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, өвс тэжээл хүргэх нөхцөл бүрдсэн юм. Тиймээс сум бүрд цас түрэх, зам гаргах том оврын машин, техник хэрэгтэйг онцолж байна. Уул уурхайтай аймгуудад нийгмийн хариуцлагын хүрээнд компаниуд том техникээр хаагдсан зам, давааг онгойлгож өгдөг давуу талтай. Харин ихэнх суманд энэ боломж бага.Сүүлийн 77 жилийн судалгаагаар өнтэй өвөлжсөн жил 55 хувь, зудтай зутарсан жил 45 хувийг нь эзэлж байна. Өнгөрсөн жилийн зуднаар  19 аймгийн 232 сум өртөж 7.4 сая толгой мал хорогдож, нийгэм, эдийн засагт нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.Зудад нэрвэгдсэн малчдад аж ахуйн нэгжүүд иргэдээс нийт 4.9 тэрбум төгрөгийн хандив тусламж үзүүлжээ. Иймд өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангадаг болмоор байна. Малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан барих, малаа эрүүлжүүлэх, худаг усныхаа тоог нэмэгдүүлэх, хашаа хороогоо дулаалах, өвс тэжээлээ сайн бэлтгэх, сум орон нутгийн удирдлага, байгууллагууд өөрсдийн санаачилгаар өвлийн бэлтгэлийг маш сайн хангахад зэрэгт анхаармаар байна. Төвийн тусламжийг харж байна гээд сууцгаадаг хандлага ч бий болсон байна зарим газар гэж байв. Түүнчлэн хүүхдийнхээ хичээл сургуулийг тасалдуулахгүй байхад ч мөн хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн өвөл Сүхбаатар аймгийн хүүхдүүд  хичээлийн хоцрогдол хамгийн их байсан" гэв. Зуд нүүрлэсэн жилүүдээс 2009-2010 онд 9.7 сая толгой мал хорогдож 526 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг. Тэгвэл өнгөрсөн өвөл улсын хэмжээнд 40590 өрхөд өвс, тэжээлийн дутагдал, 16 аймгийн 5600 өрх хүнс, хоолны хэрэгцээ, 16 аймгийн 4604 өрх түлээ, түлшний тасалдал, 16 аймгийн 13677 өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага үүссэн аж. Тэгэхээр ирэх өвлийн бэлтгэлээ эртнээс хангах шаардлагатай.

Бэлтгэл сайтай малчны хот. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин И.Дамбадаржаагийн хот айл. Өвлийн бэлтгэлээ хот айлаараа хамтарч хангасан сайн туршлага олон бий. Үүний нэг нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин И.Дамбадаржаагийн хот айл. Ах, дүүсээрээ дөрвөн айлын өвөлжөө. Тэд 20 гаруй хашаа, саравчтай, өвс, тэжээлийн нөөцөө хангалттай хэмжээнд нөөцөлсөн. Малын хашаа, саравч дотроо давхар битүү пүнзтэй. Пүнзээ галлаж, төл малаа оруулдаг байна.БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, хоньчин Ц.Намхайнямбуу хэлэхдээ “Зуд залхуу малчны гадаа л ирдэг”  үгийг санаж малчин бүр төрөөс өвч өгөхийг горьдолгүй хувийн бэлтгэлээ сайтар хангахыг уриалав. 

Малгүй болсон иргэд хот бараадахаас өөр гарцгүй болдог

“Зуд залхуу малчны гадаа л ирдэг”  үгийг санаж малчин бүр төрөөс өвс өгөхийг харалгүй хувийн бэлтгэлээ сайтар хангахыг уриалав.  “Өвөл, хаварт бэлэн үү” уулзалтын үеэр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун салбарын өвлийн бэлтгэлийн талаар мэдээлэл өгсөн юм.Тэрээр “Зудад малаа алдсанаас болоод 30 жилийн дотор 728 мянга буюу найман аймгийн хүн амын тоотой тэнцэх хүн ам нийслэлд шилжин суурьшжээ. Шилжин ирэгсдийн дийлэнх нь залуу гэр бүл. Тэдний 25 хувь нь зудад малаа алдсанаас болж хот бараадсан. Ийм байдлаас болоод залуу малчдын тоо буурч байна” гэв. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохих түвшинд хангаж байна. Цаг уурын байдлаас харахад нийт нутгийн 70 орчим хувьд зуншлага сайн, 20 хувьд дунд зэрэг, 10 хувьд нь тааруу байсан мэдээ ирсэн. Нийт бэлчээрийн 30 хувь нь даац хэтэрсэн гэсэн судалгаа гарсан. Аймгууд чадах чинээгээрээ өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлж байна” гэлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд өвс, тэжээлийн нөөц 80 хувьтай. Нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээр хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарахаар байх төлөвтэй байна. Тодруулбал, өвөл, хаврын бэлчээрийн даац 47 хувьтай, 20 хувьд бэлчээрийн нөөц хүрэлцээтэй байна. 21 хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, дөрвөн хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, найман хувьд даац олон дахин хэтэрсэн дүр зурагтай байна.

Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын гаргасан мэдээллээр ирэх өвөл олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Цаашдаа зудын эрсдэлтэй олон удаа нүүр тулгарахыг мэргэжлийн байгууллагын мэдээнээс харж болно. ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал уулзалтаар мөн ирэх өвөл, хаврын цаг уурын урьдчилсан мэдээллийг өглөө. Олон жилийн дунджаар энэ өвөл ирэх хавар төмөр зуд нүүрлэх шинж тэмдэгтэй байна. Манайх ирэх 10,11,12,1 дүгээр саруудад Монгол оронд цаг агаар ямар байх талаар урьдчилсан мэдээг гаргасан. Өнгөрсөн 2023 оны өвөл малчид өвөлжөөндөө бууж амжаагүй байхад хоёр удаагийн их хэмжээний цас аравдугаар сард орж улмаар хүйтэн салхины хурд олон жилийн дунджаас их байсан мөн өдөртөө дулаарч  шөнө нь хүйтэн хонож байсан нь мөсөн зуд болох эхлэл болсон. Харин энэ жилийн тухайд аравдугаар сарын сүүлийн арав хоногийн эхэн болон арван нэгдүгээр сард их хэмжээний цас орж олон жилийн дунджаас эрс хүйтэн болох төлөвтэй. Энэ нь төмөр зуд болох эрсдэлтэйг илтгэж байна. Арваннэгдүгээр сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсэг болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байна. Гэсэн хэдий ч цаашдаа өвлийн саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн зүүн хагаст хур тунадас ахиу орох төлөв ажиглагдаж байгааг мэдээлэв.Тиймээс малчин бүр, сум, аймаг өвс, тэжээлээ эртнээс базааж хашаа саравчаа засаж сэлбэн бэлтгэлээ хангахыг анхааруулж байна гэсэн юм. 

Зудын нөлөөгөөр малчдын хүүхдийн сурах эрх зөрчигдөж байна

Уулзалтад ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан цахимаар хүргэсэн мэндчилгээндээ “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”–ийн дөрөв дэх зорилгод хүрэхэд саад бэрхшээлийг тодорхойлох, ахиц дэвшлээ үнэлэх цаг ирээд байна. ЮНЕСКО-ийн боловсрол бол тогтвортой хөгжлийн үндэс төдийгүй хүний үндсэн эрх. Гэсэн хэдий ч Монгол зэрэг байгалийн гамшигт өртөмтгий бүс нутгуудад ган гачиг зуд зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэж боловсролын тогтолцоонд зарим саад бэрхшээл тулгарч буйг бид маш сайн мэдэж байгаа.Зуд нь Монгол орны хувьд давтамжтай тохиох хямрал болж болзошгүй байна. Энэ нь ард иргэдийн амьжиргаа, мөн боловсролын хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. Амьдралын чанарт өөрчлөлт орж гэр бүлүүд нь орлогын эх үүсвэрээ алдах үед хүүхдүүд мөн адил сөрөг нөлөөнд өртөж байдаг. Сургуулиуд хаагдаж, суралцахуй тасалдаж, ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүд хичээлээс хоцрох нь нэмэгддэг. “Өвөл, хаварт бэлэн үү” уулзалт бол эдгээр сорилтуудыг хөндөх нэг алхам билээ. Ирж буй өвөл, хаварт суралцахуйн тасралтгүй байдлыг хангах, зудын бэлэн байдлын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд сэтгүүлчид болон бодлого боловсруулагчид чухал үүрэг гүйцэтгэнэ.

ЮНЕСКО-ийн зүгээс бид Монгол Улсад үргэлж тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлье. Монгол Улсын тогтвортой ирээдүйг бүтээхэд шаардлагатай ур чадвар, чанартай боловсрол эзэмшүүлэх явдал юм. Та бүхний хамтын итгэл зүтгэлд баярлаж буйгаа илэрхийлье. Бид хамтдаа Монголын боловсролын салбарт тулгамдаж байгаа чухал асуудлыг шийдвэрлэж байгалийн ямар ч хүнд нөхцөлд хүүхэд бүрд сурч боловсрох, хөгжих боловсролын тогтолцоо ирээдүйг бий болгоход гар бие оролцоцгооё” гэсэн юм.  

Зуд малчдын хүүхдүүдийн сэтгэлзүйд нөлөөлдгийг тогтоожээ

 Зудын нөхцөл байдлаас хамааран орон нутгийн сургуулиудын сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сөрөг үр дагавар бий болсныг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаа харуулжээ. Ялангуяа зам даваа хаагдсан, гэр бүлдээ туслах гэсэн шалтгаанаар сурагчид хичээлдээ ирэхгүй байх тохиолдол багагүй байжээ. Тэдний хичээлдээ ирээгүй хугацаа дунджаар 6-14 хоног байна. Харин 2023 онд зудын эрсдэл хамгийн өндөр байсан Сүхбаатар аймагт 14 хоногоос дээш хугацаанд хичээлдээ ирээгүй сурагчид илүү олон байсан бол Баянхонгор, Дундговь аймаг удаад нь орж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 206 (7450)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан