УИХ дахь АН-ын бүлэг хэд хэдэн асуудал хэлэлцжээ. 2013 оны Төсвийн тухай хууль, Хүний хөгжлийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулийг хэлэлцсэн байна. Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаярын мэдээллийг энэ үеэр сонсчээ. Засгийн газар “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, шинэ төмөр зам зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлэхээр болж, жижиг дунд бизнес эрхлэгчид, арилжааны банкуудыг дэмжих зэрэгт таван тэрбум ам.долларын бонд гаргаж санхүүжүүлэхээр болжээ. Харин эхний ээлжинд 1,5 тэрбум ам.долларыг бүтээн байгуулалтад зарцуулахаар шийдсэн байна. Үүнд “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, шинэ төмөр замын төсөл зэрэг хөтөлбөр багтаж байгаа юм. Засгийн газрын бондоор халамжийн бодлого, төсөвт хөрөнгө оруулалт хийхгүй гэж АН-ынхан үзэж байна. Хувийн секторууд болон тэдгээрийн төслүүд, экспортыг, арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулахад бондыг зарцуулах ёстой гэжээ. Засгийн газраас гаргасан үнэт цаасны хяналт өмнө нь сул байсан учир хариуцлагыг давхар анхаарна гэдгээ хэлэв. Хөгжлийн банкнаас гаргасан бондын хүү 5,1 хувьтай байсан нь их хэмжээний мөнгө хүүгийн төлбөртэй явж байсныг харгалзан үзэж, энэ удаад хүүг багаар тогтоохоор болжээ.
Ирэх оны төсвийн төсөлд Засгийн газар сайтар боловсруулж, эргэж харах зүйлүүд байгааг бүлгийн гишүүд хэлсэн байна. Тиймээс энэ жилийн улсын төсвөөс ирэх оны төсөв ихээхэн ялгаатайг бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцлов. 2013 оны төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байхаар тусгасан. Энэ нь төсвийн алдагдал 360 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байхаар тооцсон байна. Гэтэл өмнөх жилийн төсөв халамжийн бодлого хавтгайрснаас болж алдагдалтай гарсан гэдгийг хэлсэн юм. Төсвийн нийт зарлага 7,4 их наяд, тэнцвэржүүлсэн орлого нь долоон их наяд төгрөг байхаар оруулжээ. АН-ын бүлэг төсвийн төсөлд ажлын хэсэг байгуулж ажиллахаар тогтжээ. Олон жилийн турш хэрэгжүүлж байгаа жижиг дунд үйлдвэрүүдэд олгож байгаа зээлийг мөн эргэж харахаар болсон байна.
Газрын тосны салбар 2000 оноос хойш татвар төлөхгүй явж ирсэн жишгийг өөрчлөхөөр шийдэж. Газрын тосны салбарынхнаас татвар авснаар жилд улсын төсөвт 10 тэрбум төгрөг орж ирэх тооцоо гарсан гэлээ. Ирэх жилээс орон нутагт төсвийн эрх мэдэл нэмэгдэнэ. Тэгэхээр хариуцлагын тогтолцоог ч мөн сайтар анхаарч ажиллах ёстой гэв. “Хүний хөгжлийн сан”-д үүссэн өр нэг их наяд төгрөгт хүрсэн байгааг хэрхэх талаар ярилцсан байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж нөөц ашигласны өсөн нэмэгдэх буюу роялтын татвар авдаг байхаар тусгажээ. Ингэхээр жилд 221 тэрбум төгрөг төсөвт нэмж орж ирэх юм байна. Харин ирэх онд төрийн албан хаагчдын цалин нэмэхэд 100 тэрбум төгрөг төсөвлөж тооцсон гэлээ. Чухам хэдэн хувиар яаж нэмэх талаар Засгийн газар тодорхой гаргах байх гэсэн юм.