Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тусгаар тогтнолоо баталгаажуулсан өвөг дээдсээрээ бахархах өдөр

Т.БАТСАЙХАН

Монгол Улс, Монголын ард түмэн тусгаар тогтнолын төлөө санал асуулга явуулж, тулах тугтай, тахих сүлдтэй болсон түүхэн чухал өдөр 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тохиож байв. Тодруулбал, 79 жилийн тэртээх энэ өдөр эв санаа, зүрх зориг нэг сонгуулийн насны 487.409 монгол хүн саналаа өгч тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрч, дэмжиж буйгаа илэрхийлсэн нь өнөөдрийн бидний бахархах түүх болон үлджээ.  Энэ түүхэн санал асуулга бол зөвхөн Монголын төдийгүй XX зууны дэлхийн улс төрийн түүхэнд тохиолдсон анхны тусгаар тогтнолын төлөөх санал асуулга байсан гэдгийг эрдэмтэн судлаачид ярьдаг билээ.  Хожим манай улсад явагдсан энэхүү санал асуулгын хэлбэрээр Алжир, Канад, Испани зэрэг орнууд өөрийн тусгаар тогтнолоо бататгаж авсан билээ.1945 оны аравдугаар сарын 20-нд улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалтыг 06:00-23:00 цагийн хооронд явуулсан байдаг. Санал асуулгыг нийт 4251 хэсэгт явуулсан бөгөөд нэрсийн жагсаалтад 494074 хүн бүртгэгсэнээс 487285 хүн буюу нийт сонгогчдын 98.6 хувь нь саналаа өгсөн байна. Харин үлдсэн улс нь буюу 6791 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг шалтгааны улмаас санал хураалтад оролцож чадаагүй хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Санал хураалтад оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн юм. Тусгаар Монгол Улсын иргэн бүрд энэхүү түүхэн өдрийн ач холбогдлыг таниулж, түүхэн үйл явдлын тухай судлаачийн үг болон санал асуулгад оролцож байсан хүмүүсийн үр хүүхдүүдийн сэтгэгдлийг хүргэе.

Түүхийн ухааны доктор Б.Эрдэнэбилэг: Энэ өдөр залуу хойч үедээ тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх чухал ач холбогдолтой

-Тухайн цаг үед Зөвлөлт хятадын хэлэлцээрийн дараа "Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм" гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Хятад Улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс БНМАУ-д 1945 оны наймдугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн бөгөөд уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1945 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар хурлаас “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр аравдугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай" хэмээн заасан байдаг. Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 85 дугаар тогтоолд, “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагдсан. Санал хураалтад зориулан зурагт хуудас хэвлэн гаргаж байсан бөгөөд зурагт хуудасны бичвэрт “Би Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харъяат мөн. Хүн болж төрсний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь ба санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харъяат эх орны тусгаар тогтнолын төлөө батлана” гэсэн байдаг. Энэ бичгийн цаад дэвсгэрт Монголын газрын зургийг байрлуулан, гараа өргөн санал өгч буй хүнийг дүрслэн зурсан байдаг. Санал хураалтын дүнг ажиглахаар Дундад иргэн улсын Засгийн газрын төлөөлөгч Ли Фа Жаныг дагалдсан 12 хүнтэй баг ажилласан байдаг.Тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт явагдсан энэ түүхэн үйл явдлыг XX зууны Монголын 10 түүхэн үйл явдлын нэгээр нэрлэдэг бөгөөд энэ өдрийг баяр ёслолын байдалтай тэмдэглэх гэхээсээ илүү залуу хойч үед тусгаар тогтнолын үнэ цэнэ, ямар үнээр бидний үед ирснийг таниулах, түүхийн ухаарал, сургамж, ой санамжийг өвлүүлэх нь илүү чухал ач холбогдолтой юм.

УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар: Миний өвөө тусгаар тогтнолын төлөө гарын үсгээ зурсан

 -79 жилийн өмнө буюу 1945 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалтыг орон даяар явуулсан юм. Манай улсын тусгаар тогтнолыг олон орноор хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болоход бүх ард түмний санал хураалт чухал үүрэг гүйцэтгэсэн. Миний өвөө (аавын аав) Увс аймгийн Давст сумын наймдугаар багийн ард Цэдэнбалын Баянбилэг, эмээ (аавын ээж) Жавын Хаш нарын Тусгаар тогтнолоо баталгаажуулсан гарын үсэг.  Өвөг дээдээрээ бахархаж явдаг.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: Өвөг дээдсээрээ бахархаж явдаг

-1945 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт орон даяар явагдсан ба НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болоход энэ санал хураалт түүхэн үүрэг гүйцэтгэсэн.  Энэ санал хураалтад Ховд аймгийн Мянгад сумын есдүгээр багийн иргэн, миний өвөө Баасанжавын Хайнзан, эмээ Амгалангийн Жүгдэр нарын маань Тусгаар тогтнолоо баталгаажуулсан гарын үсэг. Бахархаж явдаг.

Түүх, нийгмийн багш С.Нямдорж: Ард иргэд нь тусгаар тогтнолыг сайшаах эсэхийг шийдвэрлэнэ

-Түүх сөхвөөс, 1911-1946 он хүртэл Монгол Улсыг олон улсын эрх зүйн дагуу хүлээн зөвшөөрч харилцаа тогтоосон нэг ч улс байсангүй. Энэ бол түүхэн үнэн. Ах хэмээн хүндэтгэх болсон ЗХУ ч Монголын тусгаар тогтнол дээр хоёрдмол байр суурь баримталж байлаа. Харин дэлхийн II дайны нөлөөллөөр 1945 оны нэгдүгээр сард Ялта хотноо хуралдсан Англи, Америк, ЗХУ хэмээх гурван улсын удирдагчдын хурлаар БНМАУ-ыг дэлхийн их гүрнүүдийн хүрээнд хүлээн зөвшөөрүүлэх асуудал сөхөгдсөн билээ. Дээрх улсуудын нэгнийхээ өмнө харилцан хүлээсэн үүргийн дагуу ЗХУ-ын шахалтаар Дундад иргэн улс арга буюу буулт хийж “Гадаад Монголд ард иргэдийн санал хураалт явуулахыг манай Засгийн газар зөвшөөрөв. Ард иргэд нь тусгаар тогтнолыг сайшаах эсэхийг шийдвэрлэнэ. Хэрэв ард иргэдийн санал хураалтын дүн тусгаар тогтнолыг сайшаавал Дундад иргэн улсын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна” хэмээн мэдэгдэв. Энэ мэдэгдлийн дагуу 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр монгол орон даяар бүх нийтийн санал асуулга явуулж, санал хураалтад оролцсон ардууд 100 хувийн санал өгсөн байна. Миний өвөг эцэг болох Сайнбаярын Төмөрдэй болон түүний төрсөн ах Сайнбаярын Содномдагва нараас мөн Сайнбаярын хүү Цэдэн, Цэдэнд өргөгдөж түүгээр овоглох болсон Бөөр, Цэвэгмэд нарын Улсынхаа Тусгаар Тогтнолын төлөө санал өгсөн баримт нь энэ байна. Тэд маань бүгд МОНГОЛ УЛС-ынхаа ТУСГААР ТОГТНОЛ-ыг баталгаажуулж үндэсний бичиг болон кирилл бичгээр гарын үсгээ зурснаас гадна гарын хээгээ даран баталгаажуулжээ. Өвөг эцэг Төмөрдэй бол 1939 оны Халхын голын дайнд БНМАУ-ын Гарамгай баатар Лодонгийн Дандарын удирдсан алдарт 17 дугаар морьт хороонд бага даргын тушаалтай байлдаж явснаас гадна 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан дайчин эр билээ. Ийм хүмүүсийн үр сад нь болж төрсөндөө хувь заяандаа талархдаг аа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 202 (7446)

 

1 Сэтгэгдэл
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хамгийн их уншсан