Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Чойжилсүрэн: Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц баруун бүсийн хэрэглээг бүрэн хангана

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний дутагдал жил бүр “толгойны өвчин” болсоор ирсэн. Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсноор ачаалал хэдэн хувиар буурах вэ?

-Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн бүсийн станцуудад эрчим хүч нийлүүлнэ. Багануур дэд станц, шинээр баригдаж байгаа Сэргэлэн дэд станц руу цахилгаан дамжуулах 220 киловаттын хос шугамаар салаалж холбогдсон. Энэхүү хувийн хэвшлийн станц маань 2016 оны тавдугаар сард Диспетчерийн үндэсний төв, Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ компаниудтай цахилгаан эрчим хүч дамжуулах, худалдах, худалдан авах гэрээ байгуулж бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн.  Түүнээс хойш найман жилийн дараа энэ төсөл ашиглалтад орж байна.  Нийт хүчин чадал нь 600 мегаватт дөрвөн блок байх юм. Эхний зуух буюу 150 мегаватт нь ийнхүү ашиглалтад орлоо. Аравдугаар сарын төгсгөл арваннэгдүгээр сарын дунд гэхэд эрчим хүчний туршилтын ажил дуусна.  Ингээд өвлийн оргил ачааллаас өмнө цахилгаанаар дамжуулж эхлэхээр төвийн бүсийн ачаалал буурах тооцоололтой байна.

-Тэгэхээр Төвийн бүсэд эрчим хүчний ямар нэгэн доголдол үүсэхгүй гэсэн үг үү?

-Сүүлийн жилүүдэд буюу 2022 оныг хүртэл манай улсны төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ энергийн хувьд жил дунджаар 4-4.8 хувь, өвлийн оргил ачааллын үед зургаа хувь хүртэл өсөлттэй байна.  Харин цар тахлын дараа буюу 2023 оноос эрчим хүчний хэрэглээ энергийн хувьд жилд 6.8 хувь, өвлийн оргил ачааллын үед 11-12 хувьд хүрч нэмэгдсэн. Өнгөрсөн жил гэхэд төвийн системийн оргил ачаалал 1636 мегаватт буюу чадлын хувьд хамгийн оргил үедээ хүрсэн.  Тэгэхээр жилд дунджаар 180, 200 мегаватт эрчим хүчний нэмэлт хэрэглээ үүсэж байна.  Бөөрөлжүүтээс эрчим хүч татаад эхлэхээр эрчим хүчний өсөлтийнхөө 75 орчим хувийг нөхөхөөр байгаа.

-Эрчим хүчний үнийг хувийн хэвшилтэй хэрхэн тохирсон бэ.  Төр алдагдал хүлээгээд байдаг.  Харин хувийн хэвшил рүү чиглэсэн ямар бодлого байх вэ?

- ТЭЦ-3, ТЭЦ-4 цахилгаан эрчим хүчээ маш хямдхан буюу 80 орчим төгрөгөөр нийлүүлдэг. Хувийн хэвшилтэй анхнаасаа хийсэн гэрээ бий. Тэр дагуу эрчим хүч нийлүүлээд явна.  Ер нь дунджаар тооцохоор Монгол Улсад нэг киловатт цаг цахилгаан эрчим хүч дунджаар 285 орчим төгрөгийн өртөгтэй байна.  Үүнийгээ ахуйн хэрэглээнд 140 төгрөгөөр нийлүүлдэг. Тэгэхээр эрчим хүчний салбар асар алдагдалтай байна. Хүндрэлтэй асуудал ч олон бий. 

-Засгийн газраас эрчим хүчний реформ хийж, сэргэлтийн жил болгоод байна.  Цаашид ямар бодлого баримтлах вэ?

-Монгол Улсын хэмжээнд хоорондоо холбогдоогүй эрчим хүчний дөрвөн систем үйл ажиллагаа явуулдаг. Баруун бүсэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн бүх сумдууд, Говь-Алтайн арын найман сум ороод Баруун бүсийн эрчим хүчний системийг бүрдүүлдэг. Баруун бүсэд хэрэглээний дийлэнхийг ОХУ-аас импортолж хангадаг. Удахгүй 90МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц ашиглалтад оруулахаар БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хэлэлцээр хийж, төсөл хэрэгжүүлэх бэлтгэл хангагдсан. Энэ жил ажил эхэлнэ. Баруун бүсэд өнгөрсөн жил хамгийн оргил үедээ 54.4 МВт-ын чадал авсан гэхээр ойрын жилүүдэд бүсийн хэрэглээгээ бүрэн хангах хэмжээний станц ашиглалтад орох юм. Зүүн бүсэд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийг дамнасан эрчим хүчний систем бий.  Өнгөрсөн баяр наадмын өмнө Дорнодын цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөсөн. Тэгэхээр төвийн бүсээс зүүн рүү урсаж байсан эрчим хүч энэ жилдээ хэмнэгдэж, төвийн бүсээс 30 МВт-ын чадал суларч гарч ирнэ. Үүн дээр Бөөрөлжүүтийн 150 МВт-ын эх үүсвэр нэмэгдэнэ.

-Төвийн бүс эрчим хүчний дутагдлыг нөхөх чиглэлд хэрхэн ажиллаж байна?

-Төвийн бүсэд эрчим хүчний дутагдал хамгийн их байна.  Гэхдээ Бөөрөлжүүтийн цахилгаан станц орчихлоо.  Удахгүй Төв аймгийн Баян суманд дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна.  Багануурт 50 МВт-ын чадал бүхий батарей хуримтлуурын станц ашиглалтад орно энэ мэтээр эрчим хүчний эх үүсвэрүүдийг үе шаттай, эрчимтэй нэмэгдүүлнэ. Мөн өмнөд бүсийн станц төвийн бүстэй холбогдсон. Даланзадгадын дэд станцыг Улаанбаатар-Сонгино дэд станцтай 330 КВт цагийн цахилгаан дамжуулах агаарын шугмаар холбосон учир төвийн бүсийн нэгдсэн системд орчихсон байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 196 (7440)

1 Сэтгэгдэл
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Хамгийн их уншсан