Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүүн бүсийн авто замын бүтээн байгуулалттай танилцлаа.Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх 52,5 км хатуу хучилттай авто замын эхний хэсгийг ашиглалтад орууллаа. Энэхүү зам нь Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул сумд, Ульхан боомт чиглэлийн авто замын нэг чухал холбоос болно. Замын бүтээн байгуулалтыг “Тэгш плант” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сардаа багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.Монгол Улсын Засгийн газраас анх удаа 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжил рүү чиглүүлэн боловсруулж, эдийн засгийн өндөр ач холбогдолтой дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр УИХ-д өргөн барьсан. Зүүн бүс нутгийн хувьд түүхэн аялал жуулчлал, төрөлжсөн, эрчимжсэн мал аж ахуйн дэд бүс нутаг хэмээн Засгийн газар зарласан бөгөөд Ульхан боомтоор ОХУ-тай, Хавирга боомтоор БНХАУ-тай холбогддог газар зүйн байршлаараа ч эдийн засгийн интеграцид орох бүрэн боломжтой бүс нутаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр сум хүртэлх энэхүү хатуу хучилттай авто зам нь Зүүн бүсийн түүхэн аялал жуулчлалын алтан гурвалжин, зүүн аймгуудыг ОХУ-ын Ульхан боомттой холбох гол зангилаа холбоос замуудын нэг хэсэг болж буйг онцлоод цаашид зүүн аймгууд болон хилийн боомтуудыг бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу эдийн засгийн ач холбогдлоор нь авто замаар холбох бодлогыг Засгийн газар барьж буйг хэллээ.Бурхан халдун хайрхан, Балдан брэйвэн хийд оршдог Өмнөдэлгэр сум хүртэлх энэхүү авто зам нь Тэмүүжинг Чингис хаанд өргөмжлөн Их Монгол Улсыг байгуулж, Их хуралдай анх хуралдсан Биндэр сум, Их Эзэн чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдог оршдог Дадал сум, Монгол төрийн их заргач Шихихутагийн төрсөн нутаг Норовлин сум хүртэлх авто замын эхлэл хэсэг төдийгүй түүхэн аялал жуулчлалын тойрог замын нэг хэсэг гэдгээрээ онцлогтой. Зүүн бүс нутгийн түүхэн газар нутгуудыг дэд бүтцээр холбосноор хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид, гадаад, дотоодын иргэдийг татах чухал ач холбогдолтой юм.Зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд түүхэн, байгаль, соёлын аялал жуулчлалын арвин нөөцтэйгөөс гадна Ульхан, Эрээнцав, Хавирга, Баянхошуу, Сүмбэр, Бичигт зэрэг хуурай замын зургаан боомттой. Засгийн газраас эдийн засгийн идэвхтэй бүс болгохоор зүүн босоо тэнхлэгийн дагуу Бичигт-Эрээнцавыг төмөр замаар холбож, мөн авто замаар Ульхан, Баян-Уул, Чингис, Бор-Өндөр, Замын-Үүд гэсэн зүүн босоо чиглэлд авто замаар холбохоор төлөвлөн ажиллаж байна.Улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү авто замын бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь амжилттай гүйцэтгэж буй автозамчид болон орон нутгийнханд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.Монгол Улс “Мянганы зам”-ын бүтээн байгуулалтын хүрээнд 7,000 км авто замыг тавихад 21 жил зарцуулж байсан бол бүсчилсэн хөгжлийн суурийг тавьж, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбохын тулд ирэх дөрвөн жилд 4,440 км орчим авто зам барихаар төлөвлөсөн. Үүнээс ирэх жил зүүн бүсэд 864.8 км авто замын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан