Хүлэрт намгийг хамгаалах төслийн нээлт боллоо.Төслийн хүрээнд хүлэрт намаг бүхий 20.000 га талбайг нөхөн сэргээх замаар 594.000 тн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулна.Дэлхийн хөрсний нүүрстөрөгчийн 30 хувийг агуулдаг хүлэрт намгийн экосистем нь усны зохицуулалт, биологийн олон янз байдлын хамгаалал, нүүрстөрөгчийн хуримтлалд чухал ач холбогдолтой.Монгол орны газар нутгийн 2 хувийг эзэлж буй хүлэрт намгархаг экосистем нь гол мөрнийг тэтгэж, хөрсний элэгдлээс сэргийлж, ойн болон тариалангийн усны эх үүсвэрийг хадгалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчны тогтвортой байдлыг хангадаг. Гэвч малын тоо толгойн өсөлт, бэлчээр ашиглалт, уул уурхайн тогтвортой бус ашиглалт, хүний буруутай үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн эрчим нэмэгдсэн зэрэг нь Монгол орны хүлэрт намгийн экосистемийг доройтуулж, тэдгээрийн усны зохицуулалт болон уур амьсгалын дасан зохицох чадварыг алдагдуулж байна.2015-2017 онд хэрэгжсэн "Монгол орны хүлэрт намгийн стратеги төлөвлөлт" төслийн хүрээнд манай орны хүлэрт намгийн 50 хувь нь ямар нэг хэлбэрээр доройтолд орсныг тогтоосон.Одоо хэрэгжиж байгаа "Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх" төсөл нь хүлэрт намгийн экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэх, ялангуяа доройтсон хүлэрт намгаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах, түүнчлэн уламжлалт нүүдлийн мал аж ахуй, малчдын чадавхыг сайжруулах замаар газрын доройтол, экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой юм.Энэхүү төслийг 2024-2027 оны хооронд Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-аас санхүүжиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Олон Улсын Цаатны Төв (ICR)-тэй хамтран хэрэгжүүлнэ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.