Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барилга чинь бүтээн байгуулалт шүү дээ

;
Нийслэл хотод сүүлийн хэдэн жил шинэ шинэ барилга, хороолол сүндэрлэн босч нүүр царай нь танигдахгүй болтол өөрчлөгдөж байгаа ч газрын зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй, чанартай чанаргүй барилга олширч, барилга барих явцдаа хэд хэдэн хүний аминд хүрч ар араасаа асуудал дагуулж байгаа. Гэхдээ нүдэнд харагдаж гарт баригдах бүтээн байгуулалт, хоолой хорсгосон утааг бууруулах ажлын эхлэл, үндэсний үйлдвэрлэл гээд анхаарахгүй орхиж боломгүй асуудал их. Хотын хэд хэдэн даргын үе дамжаад замбараагүй олгосон газрын зөвшөөрлөөс үүдэн нураана, улсын орлого болгоно гэсэн их хэл ам өрнөж байгаа энэ үед “Авзага трейд” компанийн захирал П.Мэндбаяртай ярилцлаа. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөдөлмөрийн төв биржид ажиллахдаа “Ажил хийх гэж байгаа, хийж байгаа хүмүүсээ л төр дэмжье гээд байгаа шүү дээ” гэж хэлснээс бидний яриа эхэлсэн юм.

-Монгол Улсын үе үеийн Засгийн газар үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж ярьсаар ирсэн.  Ерөнхийлөгч ч сая “ажил хийж байгаа, хийх гэж байгаа хүнээ л энэ төр дэмжье гээд байгаа” гэсэн. Бодит байдал дээр.....

-Нэг үеэ бодвол манай үндэсний үйлдвэрлэгчид хөл дээрээ босч байна шүү. Барилгын компаниуд байна, бусад үйлдвэрлэгчид ч байна. Харьцангуй хийж бүтээж зах зээлд бүтээгдэхүүнээ гаргадаг боллоо. Гэхдээ звөхөн манай барилгын салбарт гэхэд л үндэсний үйлдвэр гэдэг сайхан нэрний цаана гадаадын ажиллах хүчинд найдаж явдаг компаниуд зөндөө байна шүү дээ. Эцсийн бүтээгдэхүүн нь олон түмэнд хүрч байгаа ч гэсэн олж байгаа хөрөнгө орлого нь гадагшаа урсч байгаа юм зөндөө байна.

-Тодруулбал....?

-Хятад, солонгос ажилчид авчраад л барилгаа бариулчихдаг компаниуд олон байгаа, энэ бол нууц биш. Хүмүүс бараг мэднэ шүү дээ. Өнөө л цалин хөлс нь бүгд гадагшаа гараад явчихаж байна. Гэтэл манайд ажилгүй хүн хэчнээн олон байгаа билээ. Үнэнийг хэлэхэд өөрийн гэсэн материаллаг бааз, техник хэрэгсэл, өөрийн гэсэн ажиллагсадгүй компани байж олон бий. Энүүгээр тэрүүгээр гүйж байгаад газрын, барилга зөвшөөрөл олоод авчихдаг. Тэгээд л гадаадаас барилгачид оруулж ирээд барилгаа бариулчихдаг хэдхэн дарга, инженертэй компаниуд байгаа.

-Гэхдээ яахав, орон сууц бариад өнөө утаа бууруулахад бас хувь нэмрээ оруулаад байгаа юм биш үү?

-Тэр нь ч үнэн л дээ. Гэхдээ л үнэхээр л үндэсний үйлдвэр юм бол үйлдвэрлэлийн шат дамжлаг бүхнээс үр өгөөж нь монголын ард түмэндээ хүрч, тэдний амьдралд тусч байх ёстой шүү дээ. Тэр барилгыг монголчууд барьж, цалин хөлсийг нь тэд авч, бариад дуусахаар нь монгол хүн тэр байранд нь орж амьдралаа дээшлүүлж байх ёстой л гэж боддог. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн цикл бүр нь  монгол хүнд үр өгөөжөө өгч байх ёстой. Монгол хүн, монгол айл шинэ байранд орж байгаа нь сайхан боловч тэр байшинг барьсан цалин хөлсийг нь хятад хүн, солонгос хүн аваад нутаг буцдаг байвал ямар хэрэг байх билээ. Ийм жишээ олон бүр дэндүү олон байна шүү дээ. Нэг ч гэсэн монгол барилгачны амьдрал дээшлэг л дээ.

-Тэгвэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, ажил хийе гэсэн хүнээ дэмжье гэдэг нь амьдрал дээр яаж хэрэгжих ёстой гэж...?

-Юун түрүү монголчуудаа ажлын байраар хангаж цалинжуулж байгаа тэр үйлдвэрлэлийг, тийм аж ахуйн нэгжийг хамгийн эхлээд дэмжих хэрэгтэй л гэсэн үг. Энд нэг хэсэг нь өөрийн гэсэн ажиллагсадтай, өөрийн гэсэн техниктэй, өөрсдийн хүчээр үйлдвэрлэлээ явуулаад, ёстой л бор зүрхээрээ ажиллах гээд байдаг. Гэтэл тэд нь газар авч чадахгүй, барилгын зөвшөөрөл авч чадахгүй байхад Хятад, Солонгосоос ажилчид авчирдаг, гадны байгууллага, аж ахуйн нэгжид хавсардаг нэг компанийн захирал дээгүүр доогуур гүйж байгаад л зөвшөөрөл авчихаж байна шүү дээ. Үүнд л ялгавартай хандмаар байгаа юм. Өөрөөр хэлбэл хэн нь хэдэн хүнийг, яаж, юугаар тэжээж байна гэдгийг харгалзаж байвал дээр. Одоо энэ шинээр томилогдсон нийслэлийн удирдлагууд энэ байдалд цэг тавьна байх гэж харагдаад байна.

-Барилгачдын амьдрал дээшлэг л дээ гэхээс танайх барилгачдын хороолол барья гээд нэг ярьж байсан,  юу болсон бэ?

-Манай барилгачид чинь цалин хөлс гайгүй авдаг хэрнээ өөрснөө гэр хорооллоос явдаг хүн олон бий шүү дээ. Тэгээд л арай хямд үнэтэй орон сууц бүхий хороолол барья гээд төсөл боловсруулаад нэг хэсэг хөөцөлдсөн. Батбаяр, Мөнхбаяр гээд хоёр Засаг даргын үед хөөцөлдөөд газар олдоогүй л дээ. Уг нь би барилгачдын хорооллоо ч барья, тэгээд дээр нь Гандангийн дэнж, гуравдугаар хорооллын тохижилтыг ч өөрийн хөрөнгөөрөө хийе гээд хөөцөлдсөн, дэмжээгүй.

-40 мянгатын хуучирч муудсан барилгуудыг буулгаад шинэ барилга барих бас нэг төсөл нэлээн олон жлийн өмнө яригдаж байсан...?

-Энэ хороолол чинь одоо бараг 60 жил болж хуучирч муудсан. Тэгээд ч хотын маань хүн ам өсөөд байна. Арай олон давхар, орчин үеийн орон сууц болгож болдоггүй юм уу гээд бас нэг төсөл хийсэн юм. Одоо барилгын зарим компани хуучин байр буулгаад оронд нь шинэ байр барина оршин суугчдыг нь буцаагаад бүгдийг нь оруулна гээд хэдэн жилийг бардаг, дараа нь хэлсэндээ хүрдэггүй зэргээс болсон уу яасан, бас л үе үеийн дарга нар дэмжихгүй байгаад байгаа юм. Бид уг нь хуучин орон сууцыг нь эхлээд буулгах биш эхлээд нэг орон сууц барьчихъя. Тэгээд нэг байшингийн оршин суугчдыг нь тэндээ оруулаад хуучин байрыг нь буулгаад дараагийн барилгаа барих зарчмаар сольё гэсэн юм. Тэгээд ч нэг байшин барьсан, түүндээ тухайн оршин суугчдыг шилжүүлэхэд бэлэн байлаа. Даанч хэрэгжээгүй. Нэг үгээр хэлбэл суугчдыг нь шинэ байранд оруулаад хуучин байрыг нь буулгаад, ёстой бариа зөрөөн дээр ажиллах төсөл байсан юм. Өнөөдрийнх шиг байшинг нь буулгаад айлууд нь шинэ байраа хүлээгээд айл хэсээд, эсвэл гэр түрээслээд хэдэн жилийг бардаг шиг биш шинэ байранд ороод л, хуучнаа суллаж өгдөг зарчмаар явъя гэсэн юм.

Нэг талаас энэ барилгууд үнэхээр хуучирч муудаж байна, хотын өнгө үзэмжинд ч таагүй боллоо, нөгөө талаас хүмүүс шинэ орон сууцанд орох сонирхолтой байна, аль аль талаасаа ашиг сонирхол нэгдэж байгаа юм.

-Үндэсний үйлдвэрлэгчийн тухай яриандаа эргэн оръё. Тухайлбал танай компани жинхэнэ үндэсний үйлдвэрлэгч мөн үү. Танайх бол барилгын томоохон нэр хүндтэй компанийн л нэг дээ?

-Үгүй яахав энэ жилийн тухайд бид нийслэл орон нутагт 10 орчим объект дээр ажиллаж байна. Компанийн хэмжээгээр 500 орчим ажилтан ажилчин ажиллаж байгаа. Гадаадын нэг ч ажилчин авдаггүй. Манай компанийн үндсэн энэ ажилчид л барилгаа бариад цалингаа авч байна шүү дээ.

-Ажлын цар хүрээнээсээ болоод барилгын компаниуд туслан гүйцэтгэгч аваад ажилладаг, тэд нь мөн л гадаад ажилчидтай байдаг юм гэсэн...?

-Манайх барилгын бүхий л төрөл мэргэжлийн салбартай. Карьер, бетон зуурмагийн хоёр ч цех байна. Барилгын бүхий л төрлийн машин техник хангалттай байна. Бид ер нь гаднаас, өөр компаниас ажилчин, техник хэрэгсэл түрээсэлдэггүй. Ер нь бүхий л дамжлагын бригадтай болохоор туслан гүйцэтгэгч  авдаггүй. Нэг үгээр хэлбэл энэ л 500 орчим хүний амьдралыг компани хариуцаад чирч явдаг юм. 500 хүний чинь цаана хэдэн мянган хүний амьдрал өдрийн хоолноос эхлээд бүх л амьдрал нь шийдэгдэж байдаг. Би өөрөө Булганых болохоор аймгаасаа ажилчин олноор нь элсүүлж авдаг. Сум бүрээс л ажилгүй залуучуудыг аваад үйлдвэрлэлийнхээ явцад сургаж дадлагажуулаад л явдаг. Монгол залуус маань үнэхээр хурдан суралцаж чаддаг улс.

-Монгол ажилчид мэдлэг мэргэжилгүй, хариуцлагагүй, бас ажил таслаад байдаг, танхай гээд л........хятад, солонгосчууд нь дуулгавартай амар гээд л ярьдаг?

-Хүнээсээ л болно шүү дээ. Тийм явдал бий нь бий. Гэхдээ цэг салбар бүр дээрээ ажил хариуцсан хүн нь хариуцлагатай байгаад, шинэ хүмүүсээ сургаж дадлагажуулаад тэр хэрээр нь цалин хөлс нь ахиад байвал хүн чинь нэг л янзаараа байгаад байхгүй шүү дээ.

Манайд Улаанбаатарын, Дарханы МСҮТ-ийн хүүхдүүд дадлагажих ажлаа хийдэг. Тэд маань төгсөөд манайд ирэх нь бий. Тэгээд хэдэн жил ажиллаад дотоодын, Оросын дээд сургуульд сурч байгаа нь ч байна. Анхнаасаа л өөрийн гэсэн сэтгэлтэй байвал хүн бүхэн  тэгээд танхайраад байна гэж байхгүй шүү дээ.

-Өнгөрсөн 20 жилд хот байгуулалт гэдэг ихээхэн замбараагүй болсон, орон сууцны хороолол бариад байгаа атлаа сургууль, цэцэрлэггүй, эмнэлэггүй болж гээд байх юм?

-Харин тийм ээ. Үнэндээ өнгөрсөн 20 жил чинь ёстой эмх замбараагүй, учраа ч олохгүй явж ирж. Одоо би нийслэлийн шинэ удирдлага, Бат-Үүл баатрын яриад байгаа, хэрэгжүүлэх гээд байгаа бодлогыг ёстой 100 хувь дэмжиж байгаа. Юун түрүү газар, барилга барих зөвшөөрлийг цэгцтэй болгох гэж байна. Мөн орон сууцны хорооллыг иж бүрнээр нь өөрийн чинь хэлсэн сургууль, цэцэрлэг гээд нийгмийн байгууламжтай нь барих гээд. Ер нь юм чинь одоо л нэг эмх цэгцэндээ орох гэж байна шүү дээ.  Барилга, хороолол барих газрыг нь заагаад хот өөрөө дэд бүтцийг нь шийдээд өгвөл манай барилгачид тэр бүхнийг чинь цогцоор нь барина шүү дээ.

-Тухайлбал........?

-Одоо манай компани барьж байгаа орон сууцныхаа нэгдүгээр давхарт цэцэрлэгтэй байхаар барьж байна. Үүн шиг хот хороолол барих газраа товлоод, тэнд нь хэдэн хүүхдийн сургууль, ямар цэцэрлэг, хэдэн ортой эмнэлэг байх гэдгээ тодорхойлоод гаргачихдаг байя. Тэгээд тийш нь дэд бүтцийг нь хот өөрөө шийдээд халуун хүйтэн ус, засмал зам, цахилгаанаа татчих. Тэгвэл манай барилгын компаниуд яг ийм цогцоор нь барина шүү дээ. Ганцхан Бат-Үүл даргын яриад байгаа шиг ийм зохицуулалт өмнө нь байсангүй. Зүгээр л газар өгчихдөг. Тухайн компани зардлаа олж авах гээд бүгдэд нь л орон сууц бариад зардаг байсан шүү дээ. Төр, нийслэл л зохицуулдаггүй  байсан болохоос биш энэ бол хэрэгжээд  эхэлбэл болохгүй зүйл биш. Бид ч дуртай барих болно. Зүгээр л өнгөн талаас нь харахад л  орон сууц маань ч түргэн борлодог болно шүү дээ. Тэгээд л би нийслэлийн өнөөгийн удирдлагын яриад байгаа, хэрэгжүүлэх гэээд байгаа бодлогыг дэмжээд байгаа юм.

Ц.Өлзийбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан