Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Унгар уран зураг” марк нээлтээ хийлээ

П.ЛХАГВАЖАРГАЛ

“Унгарын уран зураг” сэдэвт зургаан нэрийн марк хэвлэн шуудангийн үйлчилгээнд оруулах нээлтийн үйл ажиллагаа энэ оны есдүгээр сарын 12-ны өдөр Уран зургийн галерейд зохион байгуулагдлаа. Монгол шуудангийн марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар, Унгар улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд доктор Обрущанский Борбала Анна нар нээлтийн ёслолыг эхлүүлэв.Монгол, Унгар хоёр улсын түүхэн харилцаа XIII зууны үеэс эхлэлтэй ба 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоож, олон салбарт хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ. Тэр үеэс хоёр орон шуудан холбооны салбарт нягт хамтран ажиллаж эхлэв. 1958-1983 оны эхэн үе хүртэлх хугацаанд чамин гоёмсог дизайнтай  олон  сэдэвт монгол маркийг Унгарын марк, үнэт цаасны хэвлэх үйлдвэрт хэвлэж байв. Элчин сайд Обрущанский Борбала Анна “Хоёр улсын хувьд 1958 оноос эхлэн  маркийн чиглэлээр хамтран ажиллаж байсан сайхан түүхтэй. Энэхүү харилцаа, хамтын ажиллагаа энэ цаг үед сэргэн хөгжиж, Унгарын алдартай уран зургуудаас бүрдсэн маркийн цуглуулга Монгол Улсад хэвлэгдэн олны хүртээл болж буйд баяртай байна. Өнөөдөр нээлтээ хийж буй “Унгарын уран зураг” маркийн цуглуулгад Унгар улсад алдартай зургаан уран зураг орсноороо онцлогтой” гэсэн юм.

Энэхүү маркт Унгарын үндэсний галерейн зургаан бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хэвлэсэн юм. Нэр нь үл мэдэгдэх зураачийн 1506 оны “Айлчлал”, Жакаб Богданы 1710 оны “Тоть, цагаан кокаду бүхий жимс натюрморт”, Адам Маникийн 1712 оны “Хунтайж II Ференц Ракочигийн хөрөг”, Пал Мерсе Сзиньеигийн  1874 оны “Ягаан даашинзтай эмэгтэй”, Феньес Адольфын 1904 оны “Тосгоны өглөө”, Йозеф Риппл-Ронайгийн 1912 оны “Гешти дахь харш” гэх бүтээлүүд ажээ. XVI-XX зууны үед хамаарах түүх, соёлын чухал ач холбогдолтой зургийг сонгосон нь хоёр орны найрсаг харилцааны илэрхийлэл юм. “Унгарын уран зураг” сэдэвт зургаан нэрийн марк нь 15000 багц хэвлэгдсэн байна. Харин 650 багц анхны өдрийн дугтуйг гаргажээ.Монгол Улс “Элдэв-Очир” нэртэй анхны маркийг 1924 онд гүйлгээнд оруулсан түүхэн мөчийн 100 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү 100 жилийн ойн хүрээнд “Элдэв-Очир” маркийг ЮНЕСКО-д бүртгүүлж, дэлхийн өв болгосон билээ. Мөн энэ онд 26 нэр төрлийн марк худалдаанд гаргахаар төлөвлөсний нэг нь “Унгарын уран зураг” юм. 2022 оноос санаачлан, үе шаттайгаар  эхлүүлсэн энэхүү ажил нь үр өгөөжтэй, биеллээ олоод явж буйд баяртай байгаагаа Б.Дамдинбазар илэрхийлсэн юм. “Халх голын 85 жил”, “Туульс”-ын сэдэвт гэхчлэн дараагийн марк  нээлтээ хийхэд бэлэн болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 178 (7422)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан