УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлаар УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ерөнхий инженерээр ажиллаж байсан Д.Сэрээнэндоржийг томилсон байна. Ерөнхий хорооны хуралд Монголын талаас Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ё.Манлайбаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаад өр, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Болдбаатар, Монголын төмөр замын холбооны тэргүүн Г.Вандандагва, Оросын талаас УБТЗ-ын Ерөнхий хорооны дарга, Оросын төмөр замын тэргүүн дэд ерөнхийлөгч В.Н Морозов, Тээврийн яамны дэд сайд А.С. Цыденов, Оросын төмөр замын Монгол дахь төлөөлөгч В.В. Морозов нарын хүмүүс оролцжээ.
Хурлаар шийдвэрлэсэн бас нэгэн чухал асуудал нь Төмөр замын дээд сургуулийг “Тээврийн дээд сургууль” болгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Зам, тээврийн сайд А.Гансүх Төмөр замын дээд сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцохдоо тус сургуулийг Тээврийн дээд сургууль болгох зорилготой байгаа тухай мэдэгдэж байсан нь ийнхүү биеллээ олж байгаа юм. Ингэснээр тус сургууль 2013 оны хичээлийн жилээс зөвхөн төмөр замын мэргэжлээр биш, агаарын тээвэр, авто тээвэр, далай, усан замын тээврийн чиглэлээр оюутан элсүүлж, Монгол Улсыг хөгжүүлэх шинэ бүтээн байгуулалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх болж байна.