Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдрөөс шүүхийн шийдвэргүйгээр хүн баривчлахгүй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар баталсан байдаг. Уг хуульд хүний эрхийг хангахтай холбоотой оруулсан зохицуулалтууд өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх юм.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ХЭҮК-оос Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний талаарх 22 дахь илтгэлд дурдагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хангах ажиллагааг дутмаг явуулж, цаашлаад хүний халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдөх явдал цөөнгүй гарч байгаа асуудлыг үндэслэн онцлог гурван төрлийн зохицуулалтыг хуульд тусгажээ.

Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлахтай холбоотой орсон зохицуулалт

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” гэсэн 31.5 дугаар зүйлийг “Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах” болгон бүхэлд нь өөрчлөн найруулсан.
  2. Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэлийг нарийвчлан тодорхойлж, “хойшлуулшгүй” тохиолдолд гэсэн хэт ерөнхий зохицуулалтыг хассан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулах болон хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэл, нөхцөлийг тусгасан.
  3. Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаанд прокурор хяналт тавих, мөрдөгчийн тогтоолыг батлах, шүүхэд даруй хүргүүлэх, эсхүл тогтоолыг үндэслэлгүй гэж үзвэл батлахаас татгалзах тухай шийдвэр гаргах, шүүх уг асуудлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан.
  4. Хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааны талаар баривчлагдсан хүн баривчлах ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах эрхийг нээж өгсөн.
  5. Хойшлуулшгүйгээр явагдсан баривчлах ажиллагааны талаар гомдол гаргаагүй бол баривчлах ажиллагааны үндэслэл, үр дүнг хянуулахаар холбогдох материалыг 30 хоногийн дотор шүүхэд хүргүүлэх зохицуулалтыг шинээр тусгасан.
  6. Сэжигтнийг баривчлах хугацаа 48 цаг байх бөгөөд сэжигтэнд ямар хэрэгт холбогдуулан баривчилж буй талаар мэдэгдэж, түүнд тайлбар мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлах.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Баривчлах хугацааг тоолох” 31.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт сэжигтнийг мөрдөн шалгах байгууллагад хүргэх, зайлшгүй эмнэлгийн туслалцаа үзүүлэх, эрүүлжүүлэх, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзахад зарцуулсан хугацааг энэ хуулийн 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй” хугацаанд оруулан тооцохгүй байхаар нэмж тусгасан байна.

Сэжигтнийг хойшлуулашгүйгээр баривчлах ажиллагааг хүчинтэйд тооцох шүүхийн харьяалалтай холбоотой орсон зохицуулалт

  1. Шүүх хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтнийг баривчлах тохиолдолд прокурорын саналыг гэмт хэрэг гарсан газрын харьяалах шүүх
  3. Сэжигтнийг хойшлуулшгүй баривчилсан тохиолдолд саналыг тухайн баривчлах ажиллагаа явагдсан газрын харьяалах шүүх, хэрэв баривчлагдсан сэжигтнийг 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэх.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой орсон зохицуулалт

  1. Эрүүгийн хуульд хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна.
  2. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг нарийвчлан хуульчилсан. тухайлбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, эсхүл оргон зайлахыг завдсан.
  3. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 1 сар хүртэл байна. Тиймээс 1-30 хүртэл хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сонголттойгоор авч эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
  4. Яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээ 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 6 сар, эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сараас, эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй.
  5. Мөрдөгч яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорих тухай саналаа хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлэх, прокурор цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа даруй шүүхэд хүргүүлэх, шүүх прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргаж байх.
  6. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хугацааг нь сунгахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дуусах хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.

Дээрх зохицуулалтууд үйлчилж эхэлснээр хүнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлахыг хориглож, шаардлагатай тохиолдолд шүүгч нар 24 цагаар ажилладаг байхаар болж буй аж.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2022 оныг хүртэлх 5 жилийн байдлаар нийт 4165 гомдол ирсэн байна. Үүнээс халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн талаар 722 гомдол ирснээс, эрүү шүүлтээс ангид байх эрхтэй холбоотой 157, хууль бусаар баривчлахтай холбоотой 61, хууль бусаар цагдан хорихтой холбоотой 257 гомдол, шударгаар шүүлгэх эрх зөрчигдсөн талаар нийт 834 гомдол ирснээс хилс хэрэгт холбогдсон тухай 328, нотлох баримт шалгуулах асуудлаар 55, шүүхэд гомдол гаргах талаар 102, хууль зүйн туслалцаа авах 297, хохирол нөхөн төлүүлэх 52 гомдол тус тус иржээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан