Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглодог.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 16 мянга 352 иргэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасныг Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээллээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын 5247 нь нийслэлд, 11 мянга 105 нь орон нутагт байгаа аж. Хэсгийн хорооны гишүүд зургаадугаар сарын 27-ны өдрийн 09.00-20.00 цагийн хооронд битүүмжилсэн хайрцгаар сонгогчдын саналыг очиж авах юм байна.
Сонгуулийн тухай хуульд зааснаар
- Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч
- Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч
- Захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадалгаа эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн авдаг.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу нийслэл, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд оршин байгаа газарт нь очиж авах бөгөөд сонгогч санал бэлтгэх зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйд хийх бөгөөд саналын хуудсыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцагт хийнэ.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдөр, сонгогчийн санал авах ажиллагаа эхлэх хүртэл задлахыг хориглодог ба санал авах ажиллагаа эхлэхэд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчийн саналыг хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулна.
Сонгуулийн санал авах ажиллагаа өглөөний 07.00 цагт эхлэх бөгөөд битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн регистрийн дугаараар бүртгэл хийж, сонгогчийн бүртгэлийн хуудсыг итгэмжлэгдсэн ажилтнаар гаргуулан авч, саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчийн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийх аж.
Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгөх бөгөөд сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, саналаа өгсөн сонгогчийн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж дууссаны дараа авч эхлэх юм.
2024 оны ээлжит сонгуульд тойрогт 19 нам, хоёр эвслээс болон бие даан нэр дэвшигч 996, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370, нийт 1,336 нэр дэвшигч оролцож байгаа бөгөөд сонгогчид тойргийн нэр дэвшигчдийг сонгох болон нам, эвслийг сонгох хоёр саналын хуудас бөглөнө. Хэрвээ мандатын тооноос илүү, дутуу сонголт хийвэл автоматжуулсан систем уншихгүй бөгөөд сонгогчид саналын хуудсыг нэг удаа дахин авах боломжтой.