Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бодлогын мэтгэлцээнд Ардчилсан намын нэр дэвшигчид өнгөлж байна

УИХ-ын ээлжит сонгууль шинэ хуулиар явагдаж буй. Ингэснээр томсгосон тойрогт богино хугацаанд өөрсдийгөө таниулж, намынхаа бодлого, зорилт, мөрийн хөтөлбөрийг сурталчилах амаргүй үүрэг нэр дэвшигчдэд ногдсон.

Нэр дэвшигчид бодлогын мэтгэлцээнд орж, нам, эвслүүд бодлого, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх улс төрийн соёл давамгайлж, хар пиар халагдах тийшээ хандсан нь энэ удаагийн сонгуулийн нэг онцлог болж байна.

Бодлогын мэтгэлцээн бол богино хугацаанд их мэдээллийг олон хүнд хүргэх гол арга зам бөгөөд үр дүнд нь “ус, тос нь ялгарах” оновчтой шийдэл юм. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлэн “Тэнгэр” телевизээс зохион байгуулж буй мэтгэлцээнд оролцож, өөрийн үзэл бодол, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, халз мэтгэлцсэн нэр дэвшигчдээс Ардчилсан намын төлөөллүүд тод ялгарч, үзэгч сонгогчдоос өндөр үнэлгээ авч байна. Тухайлбал,

“Боловсролыг дахин томъёолох нь” сэдэвт мэтгэлцээнд Ардчилсан намын нэр дэвшигч Э.Сүндарь илт давуу байсан. Тэрбээр Монголын дээд боловсролын эрэмбийг хэрхэн дэлхийн дундажтай нийцүүлэх, боловсролын салбар дахь шимт бодлогыг хэрхэн сайжруулах зэрэг асуудлаар халз мэтгэлцэж, мэдлэг боловсрол, үзэл бодлоороо өрсөлдөгчдөөсөө ялгарсан.

“Хөдөлмөрийн зах зээл ба залуусын дайжилт” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон Ардчилсан намын нэр дэвшигч Д.Энхтуяа дундаж давхаргыг хэрхэн бэхжүүлэх, залуусын эх орноосоо дайжих хөдөлгөөнийг зогсоох талаар өөрийн үзэл бодол, намын мөрийн хөтөлбөрөө сайн танилцуулж, амжилттай мэтгэлцсэн.

“Эрчим хүчний бодлого” сэдэвт мэтгэлцээнд Ардчилсан намыг төлөөлж оролцсон нэр дэвшигч С.Цэнгүүн хямд үнэтэй, байгаль орчинд ээлгүй эрчим хүч чухал уу, ногоон эрчим хүч чухал уу, үнийг эхэлж чөлөөлөх үү, багтаамж, хүчин чадлыг эхэлж нэмэгдүүлэх үү дэд сэдвээр халз мэтгэлцсэн. Уг мэтгэлцээнд “Үнэ чөлөөлөх ёстой” гэж зоригтой дуугарсан ганц оролцогч нь С.Цэнгүүн байсныг салбарынхан, мэргэжлийн эдийн засагчид онцлон ярьж байгаа юм.

“Хотын асуудал” сэдэвт мэтгэлцээнд оролцсон УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Баатархүү яах аргагүй асуудлаа мэддэг, нийслэлийн нэгэн эд эс гэдгээ баталж маш оновчтой санал, дүгнэлтүүдийг хэлсэн шилдэг мэтгэлцэгч байлаа. Тэрбээр түгжрэлийг бууруулах хамгийн зөв шийдэл метро мөн үү, хотын дахин төлөвлөлтийг хэрхэн хийх вэ сэдвээр халз мэтгэлцсэн юм.

“Залуусын оролцоо, залуусын хөгжил” сэдэвт мэтгэлцээнд УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Амаржин Ардчилсан намын төлөөлөл болж оролцсон. Тэрбээр залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ, боловсролоос хөдөлмөр эрхлэлтэд шилжих залуусыг дэмжих ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ сэдвээр халз мэтгэлцэж, өрсөлдөгчдөөсөө үзэл бодол, бодлого, мөрийн хөтөлбөрийн хувьд давуу гэдгээ харуулсан.

“Эдийн засгийн өсөлт” сэдэвт мэтгэлцээнд Ардчилсан намыг төлөөлөн оролцсон нэр дэвшигч М.Чимэддорж Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж буй гол асуудлыг оновчтой тодорхойлж, эдийн засгийн өсөлтийг максималчлах ямар гадаад бодлого баримтлах талаараа ярилаа. Тэрбээр хавтгайрсан халамж иргэдийн ажил хийх хүслийг үгүй болгосныг шүүмжилж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсаас капитал хөрөнгө дайжих, хувийн хэвшлийн хөрөнгийг шууд хураан авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн талаар ярьсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй.

“Монголчуудын эрүүл мэнд” сэдэвт мэтгэлцээнд Ардчилсан намыг төлөөлж УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Одонгуа оролцсон. Тэр хот, хөдөөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ялгааг хэрхэн арилгах, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг оновчтой болгохын тулд ямар бодлого баримтлах талаараа өөрийн үзэл бодол, намын мөрийн хөтөлбөрөө маш оновчтой тайлбарлаж, амжилттай мэтгэлцсэн.

“Дижитал шилжилт-мэдээллийн технологи” сэдвээр УИХ-ын сонгуулийн 8 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Жадамбаа мэтгэлцэж, бусад намын нэр дэвшигчдээс мэдлэг туршлагаар хол илүүгээ харууллаа. Тэрбээр төрийн цахим шилжилтийн үр нөлөө, хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, төрийн цахимжилтийн үед хувийн хэвшлийн оролцоог хэрхэн хангах талаар халз мэтгэлцсэн.

“Аж үйлдвэрийн бодлого” сэдэвт мэтгэлцээнд оролцсон нэр дэвшигч Б.Баттөмөр аж үйлдвэрийг хөгжүүлэхэд болон Монгол Улсын экспортын чадамжийг нэмэгдүүлэхэд Ардчилсан нам ямар бодлого баримтлах талаар оновчтой, ойлгомжтой мэтгэлцэж, үзэгчдээс өндөр оноо авсан.

“Гамшгийн бэлэн байдал ба стандарт”, “Гадаад харилцаа ба геополитик” сэдэвт мэтгэлцээнд оролцсон О.Чулуунбилэг мөн галтай мэтгэлцэгч байж чадлаа. Тэрбээр дэлхийн хүчний тэнцвэр дэх Монгол Улсын байр суурь, гадаад харилцааг эдийн засагжуулах бодлого, Улаанбаатар дараагийн байгалийн гамшигт бэлэн үү, бүх нийтийн бэлэн байдлыг хангахад төрийн ямар бодлого хэрэгжих ёстой вэ гэх мэт чухал сэдвээр халз мэтгэлцэн өнгөрсөн жилүүдийн алдааг хатуухан дүгнэж, алдааг засах бодлого, мөрийн хөтөлбөрөө тодорхой тайлбарласан юм.

Энэ мэтчилэн бодлогын мэтгэлцээнд оролцсон Ардчилсан намын нэр дэвшигчид мэдлэг боловсрол, туршлагаараа өнгөлж, тус намын зорилго, мөрийн хөтөлбөр ч бусад нам, эвслээс ялгарч эхэллээ.

 

А.Амина

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан