Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Ч.ХАШЧУЛУУН: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХ НЭГ АРГА НЬ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

                  Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа. 
- Эдийн засаг өнөөдөр яг ямаршуухан байна, тулгараад буй сорил, үүссэн давуу тал гэвэл та юуг онцлох вэ?

Эдийн засаг өнгөрсөн оны гуравдугаар улиралд 3.7  хувиар өсөж байсан бол тэр жилийнхээ сүүлээр ДНБ 5 хувиар өссөн гэсэн тоо гарсан. Өнөө жилийн нэгдүгээр улирлын байдлаар 7.9 хувийн өсөлттэй гарлаа. Эндээс харахад өсөлтийн хурд нь бол дажгүй. Нөгөө талаасаа эдийн засгийн өсөлтийнхөө шинж чанарыг харах нь зөв байх. Ноднингийн өсөлтийн дийлэнхийг үйлчилгээний салбар эзэлсэн. 5хувийн өсөлтийн 3.2 хувийг үйлчилгээний салбар дангаараа бий болгосон байх жишээний. Үйлчилгээний салбар өсөөд уул уурхайн салбар ерөнхийдөө тааруухан байсан бол энэ жилийнх өөр.

Эдийн засгийн өсөлтийн нэлээд том хувь нь эргээд уул уурхайгаас орж ирж байна л даа. Энэ жилийн нэгдүгээр хагас жилийн байдлыг авч үзвэл манай эдийн засагт дараах давуу талууд байна. Төсвийн орлого 10.6 их наяд, зарлага нь  9 их наяд, төсвийн тэнцэл ямартай ч 1.5  их наядын ашигтай гэж гарч байна. Нийгмийн даатгалын сангийн орлого 16 хувиар өссөн. Гадаад худалдаан дээр экспорт  7.6 тэрбум, импорт 4.3 тэрбум. Ашигтай гарсан гэсэн үг. Томоохон макро үзүүлэлтүүдийг ингээд харахаар байдал харьцангуй сайжирч байна. 

- Гэхдээ өрхийн хэмжээнд өсөлтийн нөлөө төдийлөн гарахгүй байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн макро төвшний өсөлт сэргэлт иргэдэд наалдахгүй байна л даа...? 

Ер нь бол тийм. Өнгөрсөн жилийн  9-11 дүгээр сарын хооронд хийсэн судалгаагаар өрхүүдийн бодит орлого харьцангуй буурсан дүнтэй гарсан. Нийт улсын эдийн засаг өсөж яваа ч өрхийн төвшинд өсөлт алга, бага зэргийн агшилт ажиглагдсан. 

- Эдийн засагт эргэлдэж буй их мөнгө цөөхөн хүний халаасыг түнтийлгэж байгаа ийм үед хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж байж л эдийн засгийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй болгоно гэсэн байр суурь бий. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

Наадах чинь их сонирхолтой сэдэв бөгөөд маш чухал асуудал. Магадгүй бүр суурь асуулт байх. Тэр утгаараа шууд нэг хариултаар хариулахад төвөгтэй. Нэгдүгээрт орлогын дахин хуваарилалт, хоёрдугаарт  хөрөнгийн зах зээл, гуравдугаарт хөрөнгийн зах зээлээр дамжуулан орлогын өсөлтийг хүртээмжтэй болгож чадах эсэх тухай асуудал байна л даа. гурвуулаа маш том асуудал. 

- Гэхдээ ерөнхий зарчмын хувьд энгийн товч хариу тайлбар  өгөх боломж бий байх. Орлогын тэгш бус байдал гаарчихсан гэдэг утгаараа бидний хөндөж ярихаас аргагүй сэдэв болчихлоо л доо, хөрөнгийн зах зээлийн хөгжил?

Монголын эдийн засгийн нийгмийн суурь бүтцийг  түүхэн талаас нь хармаар санагддаг. Мянгат малчид, малгүй ард, ноёд түшмэд, лам сүм хийдүүд гэх мэт татвараар амьдардаг хэсэг Монголын нийгмийг бүрдүүлж байсан. Өөрөөр хэлбэл энэ нь Монголын нийгэм, эдийн засгийн суурь шиг байгаа юм. Зах зээлийн эдийн засагт орохоос өмнө социализмын үед энэ бүтцийг байхгүй болгох гэж үзсэн л дээ. Бүх малыг нийгэмчилсэн. Татвараар амьдардаг байсан давхаргыг үгүй болгосон. Гэтэл ерэн онд малаа хувьчлангуут социализмын үед байгуулсан нэгдлүүд нэг шөнийн дотор алга болчихсон. Бөөн баяр болсон шүү дээ. Үйлдвэрээ нурааж хэсэг нэг бүрээр нь хувааж авсан гээд яривал та өнгөрсөн түүхийг мэдэж байгаа. Малаа хувааж тараасан. Өөрөөр хэлбэл өмнө нь байсан суурь юмсыг социализмын үе өөрчилж чадаагүй.Яг л өмнөх суурь руугаа орчихсон шиг санагддаг. Гэхдээ энэ миний хувийн бодол гэдгийг онцлох ёстой байх. Та сая орлогын тэгш бус байдал гаарчихлаа гэж ярилаа. Өнөөдрийн хувьд орлогын тэгш бус байдал байна уу гэвэл бий.

- Бийгээр барах уу, маш тод ажиглагдаж байна...?

Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ сайн анзаараад харвал суурь нь жаахан өөр. Эсэргүүцэж байгаа тал нь орлогын ийм ялгаа байна гэж харахгүй яваа. Харин “би яг адилхан авмаар байвч чадал маань хүрэхгүй юм, тэгж авъя гэхээр боломж нь, танил тал нь алга”  гэж харж, бухимдаж, шүүмжилж байна л даа. 

- Энэ буруу ойлголт хандлагыг засах хамгийн ойрын бодитой гарц нь хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх юм биш үү. Наад захын жишээ гэхэд л том компаниуд банкнаас өндөр хүүтэй зээл авснаас хөрөнгийн биржээр дамжуулж иргэдээс хямд үнэтэй мөнгө босгохыг илүүд үзээд эхэлчихлээ.Том компаниуд хөрөнгийн зах зээл рүү гарч эхэлбэл иргэдийн хувьд  мөнгөө ашигтай бизнесийн хувьцаанд өгөх сонирхол өсөж, тэр хэрээр эдийн засагт эргэлдэж буй их мөнгө иргэдэд хүрч эхэлнэ гэсэн байр суурь хүчтэй сонсогдох болсон...?

Таны хэлээд байгаа зүйл  зарчмын хувьд үнэн гэдгийг үгүйсгэхгүй. Монголын зах зээлийг аваад үзэхээр жижиг бизнес гэж бий. Наймааны бизнес гэсэн үг. Том компаниуд гэж байна. Том компаниудын хувьд чадавх боломж нь хамаагүй илүү учраас жижиг наймаачид хэчнээн мөнгөө эргэлдүүлээд тийм ашигтай ажиллаж чадахгүй яваа. Монголын нийгмийг эдийн засагчийн хувьд энгийн байдлаар авч үзэхэд нэг хэсэг нь малчид, нөгөө хэсэг нь төсвийн орлогоор амьдардаг хүмүүс, нэлээд том хэсэг нь наймаачид, жинхэнэ бизнес, бизнесмен буюу том компаниуд маш бага хувийг эзэлдэг. 

- Бага хувь эзэлдэг ч нийт орлого мөнгийг атгаж суугааг нь харвал маш том хувийг эзэлнэ л дээ...?

Тийм л дээ. Яг ингээд харахаар орлогын тэгш бус харьцааны талаарх бухимдал хаанаас гарч ирж байгаа нь сонин. Малчдын дунд мянгат болон ядуу малчин гэсэн үзэгдэл байх шиг байгаа юм. Том бизнесүүдтэй барьцаж яваа нь жижиг бизнесийнхэн. Хөлсөө гоожуулж үйлээ үзэн байж олж буй хэдэн төгрөгийг минь том компаниуд нэг өдрийн дотор л олж байна гэж бухимдах жишээний. Тэгэхээр эндээс гарах хэрэгтэй. Гарах арга зам нь юу вэ гээд харахаар хоёр арга байна. Нэг нь таны ярьсан хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх. Түүхэн талаас нь аваад үзвэл хорьдугаар зууны эхээр баруун Европт болсон үзэгдэл мөн шиг байгаа юм. Өнгөрсөн зууны эхээр бидний мэддэг баруун Европ өнөөгийнх шиг байгаагүй.

Маш цөөхөн баячууд ба том компаниуд, мөлжлөгөд өртсөн ажилчин анги гэсэн зөрчилтэй хоёр хэсэг байсан. Өнөө зөрчил нь бараг иргэний дайн шахуу юм болоод Орост гэхэд л хувьсгал өрнөсөн. Америкт үйлдвэрчний эвлэлүүд, төр хоорондоо байлдаж байсан түүх бий. Энэ байдлаас гарсан арга нь их сонирхолтой. Америкийн дундаж ангийг бий болгосон эцэг гэгддэг Форд үйлдвэрийнхээ ажилчдын цалинг дундаж цалингаас хоёр дахин өндөр болгочихсон. Тэгэнгүүт нэгдүгээрт компанийнх нь ашиг нэмэгдсэн. Хөдөлмөрийн зардал өссөн ч гэсэн ашиг нь нэмэгдсэн гэхээр сонин байгаа биз. Хоёрдугаарт ажилчдынх нь амьжиргаа сайжрангуут өнөөдүүл нь үйлдвэрчний эвлэлтэй нэгдэж компанитайгаа байлдахаа больсон. Харин ч компанийнхаа төлөө зүтгэдэг болсон. Сүүлдээ компанийнхаа хувьцааг авч эхэлсэн. Нэг мэдсэн чинь ажилчин анги гэж бараг байхгүй болчихсон. Адилхан л хувьцаа эзэмшээд явчихсан гэсэн үг. 

- Том компанийн захирлуудыг муусайн баячууд гэж адалдаг хандлага том компаниуд хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалж эхэлбэл алга болно, иргэд нь үндэсний топ компанийнхаа хувьцааг эзэмшиж өгөөжийг нь хүртэж байж баялаг бүтээгчдээ хүндэтгэдэг сэтгэхүй хандлагатай болно гэсэн тайлбарыг зарим эдийн засагчид хэлдэг. Таны ярианаас анзаарахад дэлхийн жишиг ч тийм байж гэж ойлголоо...?

Таны хэлсэн шиг замаар явлаа гэхэд том бизнесүүдэд хандах нийгмийн  өнөөгийн хандлага тодорхой хэмжээгээр өөрчлөгдөх байх. Бүрэн өөрчлөгдөж чадах эсэхийг өнөөхөндөө хэлж мэдэхгүй байна. 

- Америкчууд цалингаасаа гадна хөрөнгийн зах зээлээсээ орлогоо олчихдог. Хүчтэй дундаж давхаргатай хөгжилтэй улсуудыг харахад ийм жишиг л анзаарагддаг. Гэтэл манайд дундаж давхаргаа “залгих” бодлого л хэрэгжиж байна...?

Үнэний хувь бий. Гэхдээ энэ бол маш том асуудал учраас нэг ярилцлагын хэмжээнд ярьж үнэлж дүгнэхэд хэцүү. Эдийн засгийн хүрээлэнтэй хамтарч том судалгаа хийж байсан л даа, өнгөрсөн жил. Дундаж давхарга гэж яг юу вэ гэсэн асуулт тавиад. Судлаачдын үр дүн, дүгнэлтүүд нь хүртэл ялгаатай гарсан. Нэг хэсэг нь Монголд дундаж давхарга байхгүй гэж үздэг байхад сая миний хэлсэн судалгааг харахад дундаж анги нь 63  хувьтай байх жишээний. Ингээд харахаар судлаачид ч тэр, сэтгүүлчид ч тэр нэгдсэн дүгнэлтэд хүрч чадахгүй байх шиг. Дундаж анги гэдэг бол нийгмээ авч явдаг давхарга. Тэгэхээр тийм давхарга огт байхгүй гэж хэлж бас болохгүй. Тэр давхарга нь өндөр хувьтай юу гэсэн асуулт тавиад харахаар бүрэн дүүрэн толгой дохих бас хэцүү.

Ингээд харахаар хэсэг хэсгээр нь ярих нь зөв байх. Цөөхөн малтай малчдыг хэрхэн мянгат малчин болгох вэ гэдэг талаас нь нэг ярьж болно. Ингэнэ гэвэл тусдаа бодлого хэрэгтэй. Төсвийн цалинтай хүмүүсийн тухайд яалт ч үгүй цалин тэтгэврийг нь нэмж байж л дундаж давхаргад багтана. Үүнээс өөр арга байхгүй. Жижиг наймаачдын нийт тоо 150 мянгаар яригддаг. Тэдэнд Монголын том компаниудтай дүйцэхүйц ашиг олох боломжийг олгох ёстой. Магадгүй Монголын хөрөнгийн биржийг хувьчлаад том компаниуд хувьцаагаа идэвхтэй гаргаж эхлэх нь нэг арга нь мөн байж болно.

Түүнээс гадна өөр бодлогууд ч давхар хэрэгжих учиртай. Үүнээс гадна том компаниудаа хэрхэн яаж Солонгос, Японы төвшинд хүргэх вэ гэдгээ ч бодох ёстой. Энэ засагт идэвхтэй ажиллах жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Ирэх засгийн хувьд Монголоо ядаж Турк, Тайландын төвшинд хүргэе гэвэл бүлэг бүлгээр нь нэлээд нарийн бодлого гаргаж дэмжих хэрэгтэй гэж бодож байна. 

- Эдийн засагт төр буруу оролцвол улам дордуулах эрсдэлтэй биш үү?

Санал нэг байна. Тийм эрсдэл бий. Тэгэхээр зүгээр л зах зээлийн жамд нь даатгаад үлдээж болох юм. Манайхан либертари үзэл гэдэг л дээ, энэ хандлагыг. 

- Том бизнесүүд нь улс төрчидтэйгөө мөнгө, эрх ашгаараа бат холбогдчихсон, нийлээд хулгай хийж яваа одоогийн нөхцөлд зах зээлийн жамаараа яв гээд зөнд нь орхивол баян, хоосны ялгаа улам л гаарах байх аа даа?

Тэгж харж болно. Гэхдээ нөгөө талаас нь харвал төр оролцоод яав гээд харахаар их сонин зураг харагдаж байна шүү дээ. Сайн байлаа гэж хэлэхэд асар хэцүү нөхцөл үүсчихсэн. Төрийн компаниуд гэхэд л санхүүгийн хувьд бүгдээрээ хүнд байдалд байна. 

- Гэхдээ зах зээлийн жам гээд либертариудын ярьдаг шиг зөнд нь орхичихоор харгис шийдэл болно. Учир нь нийгэмд асар том ялгаа үүсчихсэн. Дахиад хэлэхэд том бизнес, их улстөр хоёрын ашиг сонирхол нэг болчихсоныг нүүрсний хулгай, хөгжлийн банк, ЖДҮ-гээс нэгэнт харчихлаа. Ингээд анзаарахаар хөрөнгийн зах зээлээ хүчирхэгжүүлж, иргэддээ том компаниудын хувьцаа авах боломжийг бүрдүүлэх ньл арай эрүүл, бодитой шийдэл гэж хараад байгаа юм л даа?

Тантай санал нэг байна. Хөрөнгийн зах зээл бол нэг арга нь мөн. Та түрүүн Америкийн иргэд том компаниудынхаа хувьцааг эзэмшсэн учраас хүчтэй, мөнгөтэй дажгүй амьдарч байгаа тухай хөндлөө.  Гэхдээ хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх тухайд нэг том асуудал бий. “Apple”-ийн хувьцааг жишээ болгоод харвал хамгийн их хожсон хүмүүс бүр анх хувьцааг нь авсан хэсэг байдаг. Бүр тодруулж хэлбэл 1997  онд “Apple” компани хэцүүдсэн үед хувьцаа авсан хүмүүс. Майкл Делл тэр үед “Та нар ийм компани байлгаснаас хувьцаагаа буцааж, хувьцаа эзэмшигчдээ хохиролгүй болгоод компаниа хаасан нь дээр” гэж шоолдог байсан гэдэг. Гэтэл Стив Жобс гарч  ирээд хорин жилийн дотор компанийг босгосон. Гэхдээ тэгж босгохын тулд 20  жил шаардсан гэдгийг ойлгох ёстой. Манай монголчууд богино хугацаанд ашиг хийх сонирхол хандлагатай гэж анзаарагддаг. Ийм хандлагатай хэвээр аж төрвөл  хувьцаанд мөнгөө хийгээд олон жил хүлээнэ гэдэг нь эргэлзээтэй. 

- Хөрөнгийн зах зээлээр дамжуулж иргэдээ мөнгөтэй, хүчтэй дундаж давхарга болгох гүүр нь  хөрөнгө оруулалтын сангууд. Ингэхэд манайд хөрөнгө оруулалтын сангууд хэр ажиллаж байгаа гэж та хардаг вэ?

Манайд хөрөнгө оруулалтын сангууд бий. Сайн нь ч бий. Муу нь ч байгаа болов уу. Багийнх нь менежментийн чадвар түүх, хэр тод байгааг нь харах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын сангуудын хувьд манайд сайн кейсүүд бий.  Гэхдээ энэ үйл явц дөнгөж эхэлж байгаа. Хөрөнгө оруулалтын сангийн онцлог юу вэ гэвэл та бидний өмнөөс мэргэжлийн баг л ажиллана гэсэн үг. Ямар нөхцөлд ямар саналд итгэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хөрөнгийн зах зээл итгэл байх үед л хөгжинө. Үнэхээр ашигтай, засаглал сайтай компаниуд гарсан нөхцөлд итгэл төрнө

- “Форд”-ын кейс шиг том компаниуд нь өөрсдөө санаачлаад хувьцаагаа гаргавал хөрөнгийн зах зээлд итгэх иргэдийн итгэл батжих юм биш үү. Магадгүй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хамгийн үр дүнтэй арга ч байж мэдэх юм...?

Сүүлийн үеийн старт-ап компаниудын хувьд яг тийм хандлага ажиглагдаж байна. Тэд монголчуудын мотивэшн-ий механизм ямар байх ёстойг судлаад их өвөрмөц дүр зураг олж харсан байх. Хэдэн мянган жил мал малласан сэтгэлгээгээрээ ханддаг хандлага өнөө ч хэвээр гэдгийг мэдэрсэн болов уу. Баян малчин ядуу малчинд цалин амлаад малаа маллуулбал сайн үр дүн гарахгүй байх магадлалтай. Харин ингэж өсгөвөл төчнөөн хувийг нь өгнө гэвэл сүрхий сайн ажиллах магадлал маш өндөр. Монголчуудын тэр онцлогийг олж хараад ажиллаж байна л даа, сүүлийн үеийн старт-апууд.

Ялангуяа санхүүгийн салбарт тийм хандлага хүчтэй анзаарагдаад эхэлчихсэн.  Чадварлаг залуус цалингийн төлөө ажиллах гэхээс илүү “Миний ажлын үр дүнд миний хувь ямар байх вэ” гэсэн асуултыг тавьдаг болчхож. Нэг талаасаа Z үеийн хандлага гэж хэлж болох ч нөгөө талаасаа хэдэн зуун мянганаар мал маллаж ирсэн сэтгэлгээ их тод илэрч байна л даа. Буруу тийшээ л хадуурчихгүй бол их зөв сэтгэлгээ.



Ярилцсан: Ц.Баасансүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан