БНХАУ-ын Бээжин хотноо нээгдэж буй МҮХАҮТ-ын Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Танхимын төлөөлөгчийн газар нь хоёр улсын эдийн засгийн болон гадаад худалдаа, экспортын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүд харилцаа холбоо тогтоох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засаг, худалдааны бодит үр дүн гаргахад чиглэх болно” хэмээн онцоллоо.
БНХАУ дахь МҮХАҮТ-ын Төлөөлөгчийн газрын тэргүүн Гүйцэтгэх захирал О.Амарболд Монгол Улсын гадаад худалдааны бодлого, тэр дундаа экспортод хамгийн их тулгамдаж буй асуудлууд болон хөрөнгө оруулагчдын эрх ашиг, хууль эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийн тууштай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд голлон анхаарч ажиллахаа илэрхийлээд “Хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа, МҮХАҮТ-ын эрхэм зорилго, үнэт зүйлс, алсын хараа зэрэг бодлоготой уялдуулан ёс зүйтэй, шударга, ажил хэрэгч санаачилгатай ажиллах болно” гэдгээ мөн уг арга хэмжээний үеэр хэлсэн.
Мөн нээлтийн үеэр БНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо болон МҮХАҮТ хооронд байнгын зөвлөлдөх ажлын хэсэг байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Бээжин дэх МҮХАҮТ-ын Төлөөлөгчийн газраас гишүүнчлэлээ авч буй анхны Хятад компаниуд болж Hongkong Foison Holding, Chongqing Tongyao Intelligent Equipment, Inner Mongolia Zhongxin Runlian Export, Import Trading компани Жинхэнэ гишүүний гэрчилгээгээ гардав. Тус арга хэмжээнд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, зөвлөх Д.Хишигбаяр, Монголын Олон улсын арбитрын дарга С. Энхцэцэг, МҮХАҮТ-ын ГХХАГ-ын дарга Ч.Ариун болон Танхимын холбогдох ажилтнууд төдийгүй Тянжин, Гуандун мужийн төлөөлөгчид оролцлоо.