Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

126 суудлын төлөө 1336 нэр дэвшигч гараанаас гарлаа

Ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор тодорч, 17 хоногийн турш үргэлжлэх сурталчилгаагаа эхлүүлж байна. Энэ удаагийн сонгууль анх удаа 126 гишүүнийг сонгоно гэдгээрээ онцлогтой. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ 126 гишүүнтэй болж, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаас сонгохоор болсон юм. Тойргоос сонгогдох 78 гишүүний 54-ыг нь орон нутгаас 24-ийг нь нийслэл Улаанбаатар хотоос сонгоно.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцож байгаа нь хамгийн олон нам, эвсэл сонгуульд оролцож буй тохиолдол болж байна. Үүнээс өмнө 2008 онд 18 нам, нэг эвсэл оролцож байлаа. Суудлын тоог 126 болгон нэмсэн учраас нэр дэвшигчдийн тоо өмнөх сонгуулиас хоёр дахин нэмэгдээд байна. 2020 оны сонгуульд хамгийн их буюу 606 нэр дэвшигч оролцож байлаа. Харин энэ удаагийн сонгуульд 1336 нэр дэвшигч 126 суудлын төлөө өрсөлдөж байна. Суудлын тоо нэмэгдсэнээс гадна сонгуульд оролцож буй нам, эвсэл тойргийн 78 мандатын 50-иас дээш хувьд нь нэр дэвшүүлсэн тохиолдолд жагсаалтаас суудал авах эрхтэй байхаар хуульчилсан нь нэр дэвшигчдийн тоо их байхад нөлөөлж байгаа юм.

Бие даан нэр дэвшигчдийн тухайд 42 хүн өрсөлдөж байна. 2020 оны сонгуулиар хамгийн олон буюу 121 бие даагч өрсөлдөж байв.

Сонгогч оршин суугаа тойргийнхоо мандатын тоотой тэнцүү хэмжээний нэр дэвшигчийг сонгохоос гадна аль нэг нам, эвсэлд давхар саналаа өгнө. Энэ удаагийн сонгуулийг холимог системээр зохион байгуулж байгаатай холбоотойгоор гадаадад байгаа иргэдийн саналыг энэ сарын 20-23-нд авах юм.

Аль нам, эвслээс хэдэн хүн нэр дэвшиж байгааг танилцуулъя.

  • МАН-126
  • АН-126
  • МНН, МҮАН-ын хамтарсан Үндэсний эвсэл-66
  • ИЗНН-71
  • Шинэ нэгдсэн эвсэл-90
  • Монголын либерал ардчилсан нам-1
  • Эх орон нам-43
  • Бүгд найрамдах нам-50
  • Монголын социал демократ нам-6
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам-30
  • Иргэний хөдөлгөөний нам-124
  • ХҮН нам-122
  • Эх орончдын нэгдсэн нам-1
  • Монгол консерватив нам-22
  • Ард түмний хүч нам-60
  • Монгол хүний төлөө нам-42
  • Үнэн ба зөв нам-80
  • Эрх чөлөөний эвсэл нам-47
  • Ард түмний олонхийн засаглал нам-71
  • Иргэдийн оролцооны нэгдсэн нам-57
  • Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам-55
  • Бие даагч-42

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан