Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар газрын наймааны бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдлээ. Энэ тухай тэрбээр “Богд уулын аманд отог нэрээр газар авч орон сууц барьсан газруудыг нийслэлийн өмчид авч татвар авъя. Тэрхүү татварын мөнгөөр нь автозам тавья гээд УИХ-д тогтоолын төсөл өргөн барьсан ч хэлэлцэхгүй байна. Газрын наймааны бүлэглэлийг би дийлэхгүй байна. Гэхдээ би тэмцэнэ. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дараа нь тусгайлан хэвлэлийн хурал хийнэ" гэв.
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Богд уулын аманд отог нэрээр газар авч хаус барьсан газруудад татвар ногдуулахаа мэдэгдсэн ч нам жим болсон юм. Харин өнөөдөр хийсэн тайлбараар татвар ногдуулах хуулийн төслийг нь УИХ гацаасан болж таарч байна.
Богдхан уулын 33 амны 18 аманд нь газар олгож, өндөр зэрэглэлийн амины орон сууцны хорооллууд боссон тухай албаны хүмүүс мэдээлж байсан удаатай. Мөн улстөрчид ч Богд ууланд газар авсан байдаг. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар тансаг зэрэглэлийн хаус барьсан гэдэг бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани мөн орон сууцны хороолол барьсан гэдэг асуудал хөндөгдөж ирсэн.
Өөрөөр хэлбэл, улстөрчидтэй холбоотой хаус, орон сууцны хорооллууд боссон, дээр нь улстөрчид Богд ууланд гол төлөв тансаг хаусанд амьдардаг тул үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулахыг эсэргүүцэж байж мэдэхээр байна.