Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийт, хүүхэд, багачуудад сурталчлах, үйлчилгээ үзүүлэх, үзэсгэлэн гаргах, урлаг, соёлын болон спортын уралдаан, тэмцээн өрнүүллээ.
Энэ хүрээнд Н.Учрал сайд цагдаагийн байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллах талаар санал солилцож, хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой хийж буй ажлуудтай нь танилцлаа. Тэрбуур хэлсэн үгэндээ "Хүүхэд бүхэн эрүүл, аюулгүй орчинд аз жаргалтай өсөж торних нөхцөлийг томчууд бид бүтээх ёстой. Үүнд манай салбар хамгийн чухал нөлөө үзүүлнэ.
Тиймээс бид технологиор хүүхдээ хамгаалах ажлуудыг үе шаттайгаар хийж, E-Кids-ийг нэвтрүүлсэн. Тун удахгүй хүүхдийн аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх хүүхдийн платформ нэвтрүүлэхээр манай залуус ажиллаж байна. Эцэг эх, хүүхэд багачууддаа удахгүй сайхан мэдээ дуулгах болно" гэсэн юм.