Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИЙСЛЭЛД 29 КОМПАНИ ОГТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР БАРИЛГЫН АЖЛАА ЭХЛҮҮЛЖЭЭ

Манайд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниуд барилгын норм стандартыг мөрдөхгүй байгаагаас  сүүлийн өдрүүдэд осол аваар шил дараалан гарах болсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор МХЕГ-аас нийслэлд баригдаж буй барилгуудад техник,  тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж байгаа талаар  шалгалт хийжээ. Шалгалтыг есдүгээр сарын 11-22-нд есөн дүүрэгт  хийсэн бөгөөд хариуг  нь өчигдөр олон нийтэд мэдээллээ.

Мэдээлэлд  салбар хариусан  дэд сайд  Г.Байгалмаа болон  Улаанбаатар ус суваг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ  зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл  оролцсон юм. Нэг барилгад л 30 гаруй төрлийн шалгалт хийсэн гэдгийг албаныхан мэдэгдлээ. Харин хамгийн сүүлд гарсан найман осолд бүрэн дүгнэлт гаргажээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт баригдаж байгаа “Мүүди” ХХК , Чингэлтэй, Баязүрх, Хан-Уул  дүүрэгт гарсан “Хурд” ХХК-ийн, Иргэн Пүрэв, “МАК” ХХК, “Натур хаус” ХХК, “Сөүл групп”-ийн захиалгатай “Төгс гүрэн”, “Эм Эс Пи” ХХК-ийн барилгуудыг шалгасан байна.  Мөн  нийслэлд  бүтээн байгуулалт ид өрнөж байгаа тэр дундаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй холбоотойгоор жилд дунджаар 500 гаруй барилгын кран, өргүүр нэмэгддэг гэсэн судалгааг тус газраас гаргаснаа дуулгаж байлаа. 

Харин 2012 онд  барилга угсралтын ажилд ашиглагдахаар импортоор  202 ачаа өргөх кран, 55 манипулятор кран, 87 сагстай өргөгч, 73 барилгын өргүүрийн техникийн баримт бичиг, магадлалын акт,  ажлын аюулгүй зохион байгуулалт зэргийг  шалгаж 782 байгууламжийг Барилгын тухай хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгэн  ашиглах зөвшөөрөл олгожээ. Үүнээс  гадна  гадаадын  хөрөнгө оруулалттай компаниуд барилгын үйл ажиллагааг стандартын дагуу явуулж байгаа эсэх нь олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл  нийслэлд гадаадын  хөрөнгө оруулалттай барилга угсралтын  29 компани үйл ажиллгаа явуулж байна. Тэдний барьж  буй  41 барилгыг шалгасан гэсэн мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргалаас  зарим асуудлыг тодрууллаа.

-Дээрх мэдээллээс харахад ба­рилгын салбарынхнаас маш олон зөр­чил гарсан нь тодорхой байна. Ту­хайлбал, яг ямар компанийн хаана барьж байгаа барилгад зөрчил гарсан бэ?
-Шалгалтад нийт  594 обьект барилга хамрагдсанаас 168 нь барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн. Энэ нь Барилгын тухай хуулийн 16-гийн 6 дахь заалтыг зөрчсөн. Нэрлэвэл  “Би эс глобал” компанийн ундааны үйлдвэр, “Экомогул” компанийн контор үйлчилгээ, “Люкс салюшн проперти” ХХК-ийн барьж буй 700 айлын орон сууц, “Зуншин” ХХК-ийн “Хүслийн өргөө” цогцолбор “Бүрд констрашн” ХХК-ийн  96 айлын орон сууц, мөн “Испани харш“ ХХК-ийн 96 айлын орон сууц,  Цэргийн музейн 96 айлын орон сууц, иргэн Сүрэнхорлоогийн 35 айлын орон сууц, Энхбаярын 69 айлын орон сууц байгаа юм.

-Сүүлийн үед энэ зураг төслөөр барина гэж холбогдох албаар батлуулчихаад тэс өөрөөр барих болсон. Ийм зөрчил хэр илрүүлсэн бэ?
-Нийт  обьектоос 179  барилга буюу 30.1 хувь нь батлагдсан зураг төслөөр баригдаагүй. Тухайлбал,  “Аксион” ХХК-ийн  барилгад давхар нэмж барьж байна лээ. Мөн “Очир тек” ХХК-ийн 96 айлын орон сууц, “Голомт өргөө” ХХК-ийн цэргийн эмнэлгийн барилга, “Марс” ХХК-ийн 300 айлын барилга, “Тулгуур” ХХК-ийн 140 айлын барилга, “Харцага” ХХК-ийн  66 айлын орон сууц зөрчилтэй байсан. Үүнээс гадна  112 барилга буюу 18.8 хувь нь ус, дулаан  зэргийн зөвшөөрөл аваагүй хэрнээ барилгын ажлыг эхлүүлсэн зөрчил илэрсэн. Энэ нь барилгын тухай хуулийн 15.1-ын 1 дэх заалтыг зөрчиж байгаа.

-Манай барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд “ноёлох”  болсон. Тэгвэл дээрх компаниудаас  ямар зөрчил илэрсэн бол?
-Гадаадын хөрөнгө оруулалттай барилга угсралтын ажил гүйцэтгэгч байгууллагууд Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Тухайлбал  “Зуншин“ ХХК  нь нийт 11 объектод зэрэг ажил гүйцэтгэж, “Тод чоно” ХХК  нь хоёр  объектод, “Оргил шугам” ХХК нь ч хоёр  объектод зэрэг ажиллаж байна. 

-Огт зөвшөөрөл аваагүй хэрнээ барилгын ажлаа эхлүүлсэн компани хэд байгаа бол?
 -Энд 29 обьект орсон. Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Асар шим” ХХК-ийн дөрвөн давхар, “Экомоол” ХХК-ийн конторын байр, “Марс групп” ХХК-ийн барилга байна. Бас  “Тамир ногоон дэлхий” “Чингис эко тур” ХХК-иуд 18 давхар барилга барих тусгай зөвшөөрөл авалгүйгээр барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байсан. Мөн тусгай зөвшөөрөлтэй  хэрнээ эрхээ хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж  байсан.  Жишээлбэл, зарим компани долоон давхар барилга барих зөвшөөрөлтэй хэрнээ арван давхар болгосон зөрчил илэрсэн. Үүнийг бид дүүрэг бүрээр нь гаргаж шалгалтад хавсруулсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан