Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Владимир Путин  Батлан хамгаалахын сайдаараа эдийн засагч Андрей Белоусовыг томилов

Андрей Белоусов өмнө нь ОХУ-ын Ерөнхий сайдын Эдийн засаг хариуцсан орлогчоор ажиллаж байжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гэнэтийн халаа сэлгээ хийж, Батлан хамгаалахын сайдаараа эдийн засагч Андрей Белоусовыг томиллоо. Тэрбээр өмнө нь ОХУ-ын Ерөнхий сайдын Эдийн засаг хариуцсан орлогчоор ажиллаж байжээ. Андрей Белоусовын томилгоог ойрын үед ОХУ-ын Парламент батална. 

Өдгөө 65 настай Андрей Белоусов 1981 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийг Кибернетик-эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд түүний эцэг Рэм Белоусов ч ЗХУ-ын үеийн томоохон эдийн засагчдын нэг байжээ.

2012 оноос хойш ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашсан Сергей Шойгу ажлаа өгч, Николай Патрушевын оронд Үндэсний Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдож байгаа аж.

Сергей Шойгугаас өмнөх Владимир Путины томилсон Батлан хамгаалахын сайд нарын дийлэнх нь салбарын бус хүмүүс байжээ. Энэ удаад ч анх удаа эдийн засагчийг Батлан хамгаалахын сайдаараа сонгосон нь анхаарал татаж байна. Харин Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов албан тушаалдаа хэвээр үлдэхээр болжээ. 

Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Эрчим хүчний асуудал эрхэлсэн Ерөнхий сайдын орлогчид Александр Новакийг хэвээр үлдээх санал өргөн барьсан байна. Мөн Гадаад хэргийн сайд Сергей Лавров шинэ танхимд үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

Владимир Путин Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Засгийн газраа шинээр эмхлэн зохион байгуулж байгаа юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан