Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох “Монгол хэл, бичгийн шалгалт” 2024 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн 10:00-11:40 цагт зохион байгуулагдсан билээ.
Тус шалгалтын дүн 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд гарч Боловсролын үнэлгээний төвийн цахим системд байршсан ч, зарим сурагчдын зүгээс шалгалтын дүнд санал нийлэхгүй гэх асуудал үүссэн. Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр 5300 гаруй сурагч “Монгол хэл, бичгийн шалгалт”-нд тэнцээгүй бөгөөд шалгалтын дүнгээ шалгуулах, дахин шалгалт өгөх хүсэлтээ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвийн байранд дугаарлаж байна.
Бид Боловсролын үнэлгээний төвийн, элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас доорх тодруулгыг авлаа.
- Энэ удаагийн “Монгол хэл, бичгийн шалгалт”-нд нийт шалгуулагчдын 16.2 хувь буюу 5389 сурагч босго оноогоо хангаж чадаагүй байна. Эдгээр хүүхдүүд наймдугаар сарын 17-нд дахин шалгалтад хамрагдах боломжтой. Бүх сурагч дахин шалгалтад орох байх гэж бодож байна. "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч долдугаар сарын 4-7-нд бусад элсэлтийн шалгалтаа өгч болно. Дахин шалгалтын хувьд системд оноо нь бүртгэгдсэн л бол тухайн үедээ автоматаар дахин шалгалт өгөх эрх нээгдэнэ. Мөн сурагчид өөрсдөө цахим системд бүртгүүлж болно. Гэхдээ сурагчдын хувьд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн ч шалгалтдаа ирдэггүй тохиолдол их байдаг учир сурагчид өөрсдөө бүртгүүлэх шаардлага тулгардаг. Тиймээс тухайн үедээ илүү тодорхой болно. "Монгол хэл, бичгийн шалгалт" дахин өгөхөд урьдын адил үнэ төлбөргүй авна. Одоогоор шалгалтын дүнд санал нийлэхгүй байгаа албан ёсны 4-5 өргөдөл, хүсэлт ирснийг шийдвэрлэсэн.
Харин сурагчид болон эцэг эхийн төлөөлөл хэлэхдээ, Монгол хэл бичгийн шалгалтаа хангалттай сайн өгсөн ч босго оноондоо хүрч чадаагүй. Надад ганцхан тохиолдсон асуудал гэж бодсон ч энд ирээд харахад их олон хүүхэд шалгалын дүндээ санал нийлэхгүй байгаа болохыг харлаа гэв.
Боловсрол шинжлэх ухааны яамнаас энэ жилийн Элсэлтийн шалгалтын журмыг танилцуулсан. Тус журамд:
- Монгол хэл бичгийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна.
- Шалгуулагч нь "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно.
- "Монгол хэл бичгийн шалгалт"-ын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд сургуульд элсүүлэхгүй.
- Элсэлтийн шалгалтын анхны оноог шалгалт зохион байгуулагдсан тухай бүрд шууд засалтын цахим технологийг ашиглан засаж, үр дүнг нээлттэйгээр мэдээлнэ.
- Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь шалгалтын зохион байгуулалт, шалгалтын материалыг засах, үнэлэх, үр дүнг мэдээлэхтэй холбоотой өргөдөл, гомдлыг шалгалт зохион байгуулж дууссанаас хойш ажлын таван өдөрт хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэнэ.
- Шалгалтын зохион байгуулалт, материалыг засах, үнэлэх, үр дүнг мэдээлэхтэй холбоотой өргөдөл гомдлыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага дээр биеэр очиж өгөх болон info@eec.edu.mn хаягаар ирүүлж болно гэж заажээ.