Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чанга л байвал бидэнд ашигтай гэсэн ойлголт хүмүүст бий. Гэвч ханш чангарах нь тэр бүр сайн үр дүн дагуулдаггүй аж. Манай эдийн засгийн өрсөлдөх чадвар сул, үйлдвэрлэл хөгжөөгүй, хүн амын орлого бага өнөө үед бүр доош нь татах хүч болох нь. Учир нь, Монгол Улсын өрсөлдөх чадварыг тодорхойлох нэг үзүүлэлт бол төгрөгийн бодит ханш юм. Иймд монголчууд гадаад худалдаанд оролцохдоо өөрийн валютын бодит ханшаар л бусадтай харилцана гэсэн үг. Валютын ханшийн өөрчлөлт бодит эдийн засгийн өрсөлдөх чадвараасаа заавал шалтгаалдаг.
Тэгэхээр эдийн засгийн өрсөлдөх чадвар сайжраагүй байхад төгрөгийн ханш чангарвал урд хөршөөс авах импортын бараа л улам нэмэгдэнэ. Нэг ёсондоо үйлдвэрлэл, ажлын байр манайд бус Эрээнд цэцэглэн хөгжиж бид хоосон хоцрох юм. Өөрөөр хэлбэл дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн гаргах зардал өсч ашиггүй болсноор хаалгаа барьж эдийн засгийн тулгуургүй болох нь.
Энэ үед гадаадаас бараа зөөж борлуулах нь илүү хямд, хялбар ашигтай болж хамаг валютаа дуусгаж бүр өрөнд ороод үлдэж мэдэх аюул бий. Ингээд үйлдвэрлэл хөгжөөгүй монголчууд ажлын байргүй, ядуурал нүүрлэсэн, халамж горьдож хоол нэхсэн ангаахайн дүрд хувирч эдийн засгийн хараат байдалд орох юм. Товчхондоо монголчуудын аж амьдрал Улаанбаатарт бус урд хөршид шийдэгдэх байдалд хүрнэ гэсэн үг. Өнөөдөр манай экспорт, импорт урд хөршөөс улам бүр хараат болж байгаа. Иймд Монголд өнөөг хүртэл үйлдвэрлэл хөгжихгүй, эдийн засаг нь тогтворжихгүй, ажилгүйдэл, ядуу давхарга нэмэгдэж байгаа гол шалтгаан болж буй ажээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Ханш гэдэг нь эдийн засгийн амортизатор, өрсөлдөх чадварын харьцаа юм. Иймээс валютын ханшаар дамжуулж эдийн засгийг удирддаг механизм арга хэрэгсэл огт биш. Тэгэхээр төгрөгийн ханш чанга, сул байх нь чухал бус юм.
Хамгийн гол нь бодитой, тогтмол байх ёстой. Төгрөгийн ханшийг буруу чангалвал манай эдийн засгийн өрсөлдөх чадвар улам муудна” гэсэн билээ.
Монголбанк ирэх оны мөнгөний бодлогодоо “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж уян хатан тогтох зарчмыг баримтална” хэмээн тусгасан. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн суурь, валютын захын нөхцөл байдал, гадаад эдийн засгийн орчны өөрчлөлттэй нийцэж уян хатан тогтож байх юм. Урьд нь ч энэ байдлыг хадгалж ирсэн билээ. Төв банкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ оны наймдугаар сарын 31-ний байдлаар 1.16 хувиар чангарч 1381 төгрөгт хүрчээ. Монголбанкны судалгаагаар энэ хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэг өдөрт хамгийн ихдээ 1.01 хувиар чангарч, 0.83 хувиар суларч байж. Иймд нэг өдөрт ногдох дундаж хэлбэлзэл нь 0.17 хувьтай гарсан байна.
Төв банк валютын хашийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх, эрэлт нийлүүлэлтийн түр зуурын шинжтэй зөрүүг багасгах зорилгоор шаардлагатай үед интервенц хийдэг. Эдүгээ 71 удаагийн дуудлага худалдаагаар 730 сая ам.доллар, 1.3 тэрбум юань валютын захад нийлүүлээд байна.
Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл өнөөдөр 10.5 хувиар муудаж эдийн засгаас гадаад валют гадгашлах хандлагатай болжээ. Үүний нэг шалтгаан нь дэлхийн зах зээл дээр манай экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын үнэ хямдарсан явдал аж.
Үүнээс гадна оны эхний долоон сарын дүнгээр гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал 883 сая ам.доллар буюу 31 хувиар татарчээ. Энэ нь манай хөрөнгө оруулалтын орчинд өөрчлөлт гарсан, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалсан хэмээн үзэж байгаа юм.