Сүрьеэ нь нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Сүрье өвчинтэй хүн ханиах, найтаах үед нян агаарт тархдаг. Иймээс уг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Д.Ганцэцэгээс тодрууллаа.
-Сүрьеэ өвчин нь эмчлэгддэг гэдэг ч халдвар авсан иргэд өвчнөө нэлээн хүндэрсний дараагаар эмнэлэгт ханддаг гэдэг асуудал хөндөгддөг. Сүрьеэ өвчний халдвар авсан үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Сүрьеэгээр өвдсөн байж болзошгүй тохиолдолд 14 хоногоос дээш хугацаанд ханиалгах, биеийн жин хаях, халуурах, шөнө хөлрөх, цээжээр өвдөх, ядарч сульдах гэх мэтчлэн шинж тэмдэг илэрдэг.
Халдвар авсан хүн болгон өвчлөхгүй, тухайн хүний дархлааны систем сайн байгаа тохиолдолд нян биед унтаа байдалд ордог. Дархлаа сайтай байвал ерөнхийдөө бие оргинизм өөрөө эсэргүүцээд сүрьеэгээр өвчлөхгүй. Нарийвчилсан шинжилгээгээр сүрьеэгийн халдвар авсан гэдгийг тогтоодог.
-Ямар орчинд сүрьеэгийн халдвар тархах эрсдэлтэй байдаг вэ?
-Хүн ам олноороо төвлөрсөн газар, албан газар, агааржуулалт муутай орчин, чийгтэй, орчинд далд хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн уушгины халдварын хэлбэртэй нянг тараасан тохиолдолд эрүүл хүмүүс халдвар авах эрсдэл их байдаг.
-Гэр бүлийн нэг хүн сүрьеэгийн халдвар авахад бусад гишүүд халдвар авах өндөр эрсдэлтэй юу?
-Тухайн өвчтөн оношлогдож байх үед гэр бүл доторх хүмүүс ялангуяа хүүхэд, өндөр настан, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүн халдвар авах эрсдэлтэй. Тэр хүмүүс халдвар аваад хоёр жилийн хугацаанд 50 аас дээш хувь нь сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй байдаг. Гэхдээ урьдчилан сэргийлж болно. Урьдчилан сэргийлэх эмчилгээ гэж байдаг бөгөөд хэд хэдэн горимоор богино хугацаанд эмчлэх боломжтой. Аль болох л өвчлөлийг эрт илрүүлж эмчилгээнд хамрагдах нь урьдчилан сэргийлэлтийн нэг гол арга гэж үздэг.
-Сүрьеэгийн халдвар авсан үед хэр хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог вэ?
-Сүрьеэтэй өвчтөнийг сүрьеэгийн эсрэг эмээр эмчилдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгож байгаа сүрьеэгийн эмүүдийг хэрэглэдэг. Шинэ батлагдсан сүрьеэгийн тусламж үйлчилгээний зааварт шинэ эмчилгээний горимууд, эмүүд нэвтэрч орж ирж байна. Шинэ эмүүд нэвтэрснээр эмчилгээний хугацаа богиноссон. Эмийн мэдрэг сүрьеэтэй өвчтөн зургаан сар эмчилдэг байсан бол одоо дөрвөн сар эмчилгээний горимтой болсон байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэг хоёр жилийн хугацаанд тариа тарьдаг байсан бол одоо 9-12 сарын хугацаанд тарилга хийгдэхээ болиод бүх эмүүдийг амаар уудаг горим руу шилжсэн.
-Сүрьеэгийн халдвар авсан гэдгээ баталгаажуулахын тулд шинжилгээ өгдөг үү. Оношилгоо хэр сайжирсан бэ?
-Монгол Улсын хувьд сүрьеэгийн эмчилгээ, оншилгооны ерөнхий чадавх сайн бүрдсэн. Ерөнхийдөө 21 аймаг, есөн дүүрэг, улсын томоохон эмнэлгүүд,, Хүүхдийн эрүүл мэндийн үндсэний төв гэх мэт улсын томоохон эмнэлгүүдээр жениспертийн шинжилгээ хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр цагийн дотор сүрьеэгийн микробактери болон эмэнд тэсвэржилтийг тодорхойлдог түргэвчилсэн шинжилгээ хийгдэж байна.
-Энэ он гарсанаас хойш сүрьеэгийн хэдэн халдвар бүртгэгдсэн бэ. Цаашдаа иргэд юуг анхаарах шаардлагатай гэж зөвлөмөөр байна?
-Сүрьеэ өвчин дэлхийн төдийгүй манай улсын хувьд ч нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Дэлхий дахинд жилд 10 сая орчим хүн сүрьеэгээр өвддөг. Нас баралт 1.5 сая орчим тохиолдол бүртгэгддэг.
Монгол Улсын хувьд жилд 3000 орчим сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд 2023 оны байдлаар 2357 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 61 орчим хувийг эрэгтэйчүүд, 39 хувийг эмэгтэйчүүд, 7- 8 хувийг хүүхэд эзэлж байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 60 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Сүрьеэгээр өвчилж байгаа хүмүүсийн 63 хувь нь 15-44 насны хүмүүс байгаа.
Иргэдийн хувьд анхаарах зүйл нь, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хүн бүр жилдээ нэг удаа хамрагдаж байвал сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх боломж байгаа. Мөн сүрьеэ өвчний талаарх үнэн зөв мэдээллүүдийг авч, мэдлэгтэй болох. Зарим хүн удаан эм уудаг болохоор эдгэрдэггүй өвчин гэж ойлгоод байдаг.Тэгэхээр эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмчилгээгээ бүрэн хийлгэхэд сүрьеэ өвчин эдгэрдэг өвчин. Хамгийн гол нь тухайн өвчтөн эмээ ууж байх хугацаандаа шинж тэмдэг арилаад ирэхээр эмчилгээгээ зогсоочихдог тал бий. Энэ нь эргээд нянд тэсвэртэй сүрьеэг үүсгэдэг том эрсдэл байдаг. Тийм болохоор эмчийнхээ заавар зөвлөмжийн дагуу зохих хугацаанд нь өдөр болгон эмээ ууж байж эдгэрэх юм. Тийм учраас үнэн зөв ойлголтыг гэр бүл хамт олон найз нөхөд түгээх хэрэгтэй.
Э.ДАРИЙМАА